Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулиас санаачлан, Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын салбар болон Зүүн Үзэмчин хошууны адуун соёлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан Монгол адуун соёл болон “Монгол адуу” сэтгүүлийн судлан ярилцах хурал 03-р сарын 23-ны өдөр Бээжин хотноо болжээ.
Тус хуралд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль, Төвийн Үндэстний Их Сургуулийн дарга удирдлага, профессоруудаас гадна Монгол Улсын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 70 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Эрдэмтэн мэргэжилтнүүд монгол адууны сурвалж бичгийн судалгаа, шарга адууны судлал, “Монгол адуу” сэтгүүлийн тухай хэмээх гурван гол сэдвийн хүрээнд судлан ярилцаж, монгол адуугаа хамгаалах, уламжлалт монгол адуун соёлоо уламжлан дэлгэрүүлэхэд зорилго тавихын дээр адууны аж үйлдвэрийн хөгжлийг дэмжин, малчдын орлогын нэмэгдүүлэхэд нөлөөлөх арга замыг хайхыг зорьжээ.
- Монголчууд морины нуруун дээрх үндэстэн гэдгээрээ дэлхийд алдаршсан. Адуу бол монгол үндэстний соёл түүхийн гол цөм, суурь мөн. Бидний монгол дуу, яруу найраг, роман гээд түүх, соёл нь адуунаас салахгүй. Миний хувьд “Монгол адуу” сэтгүүлд нийгмийн шинжлэх ухааны агуулгыг хамруулахаас гадна байгалийн шинжлэх ухааны агуулгыг ч орхигдуулахгүй байвал зөв гэж үзэж байгаа юм. Цаашид монгол адууны шинжлэх ухаан, соёл, эдийн засаг зэрэг гурван талаас судлан хөгжүүлэх хэрэгтэй гэж Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэд захирал Манлай үзэл бодлоо дэлгэжээ.
- “Монгол адуу” сэтгүүл арван дугаар хэвлэгдэж, уншигчдын сэтгэлд хүрч чадсан байна. Тус хурлаар бид улсын дотоод, гадаадын эрдэмтэн мэргэжилтний шинэ мэдээ мэдээлэл, нандин саналуудыг хүлээн авч, чанартай содон нийтлэлээр сэтгүүлийн чанараа дээшлүүлж, илүү өргөн цар хүрээнд сурталчлан таниулахаар хичээн ажиллана хэмээн Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуулийн “Монгол адуу” сэтгүүлийн редактор Бүрэнбилэг ярилаа.
