Өвөр Монголын Талын дуу хоолой радиогийн мэргэжилтэн Л.Одончимэг 10-р сарын 24-ний өдөр МУСТА цол тэмдгээр шагнагдлаа. Шагнал гардуулах ёслол Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт болж, дэд консул Б.Батзориг шагналыг ёслол төгөлдөр гардуулан өгсөн байна.

МУСТА цол тэмдэг нь соёл урлагийн салбарт хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажилласан хүмүүст олгодог шагнал болно.

Л.Одончимэг нь 2006 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Радио телевизийн дээд сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж, ажил амьдралын гараагаа Сансар телевизээс эхлүүлжээ. 2008-2017 онд Өвөр Монголын Монгол Одон Телевизийн “Солонго” нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ажиллажээ. 2017 оноос одоог болтол Өвөр Монголын Талын дуу хоолой радиогийн мэргэжилтнээр ажиллаж байгаа билээ.
10 жилийн турш Хятад, Монгол хоёр орны соёл урлагийн мэдээ мэдээллийг түмэн олонд түгээж таниулах гүүр болсоор байна. Тэрээр одоог болтол 2700 гаруй нэвтрүүлгийг найруулж, соёл урлагийн өдөрлөгүүд болон уран бүтээлчдийн тайлан тоглолт зэрэг арга хэмжээнүүдээс мэдээ сурвалжлага бэлтгэж, мөн Монгол Улсын урлаг соёлын нэрт мастеруудын ярилцлага нэвтрүүлгийг бэлтгэн нийт олондоо хүргэж байсан билээ. Л.Одончимэг нь хоёр орны соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр орны нөхөрсөг харилцаа, соёлын солилцоог ахиулахад өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсан сэтгүүлч юм.




