Хүч хөлс шингэснийг өөрөө л мэднэ
- Өмөн нь телевиз жүжгээс зарим аж ахуй хоорондоо тэмцэлдэж, “Энэ чинь миний нэг насны хөч хөлс” гэж хэлэхэд ямар ч агуу том юм ярьдаг юм гэж их л хийсвэр хоосон мэт боддог байлаа. Гэтэл өөрөө ажил үйлс эхлүүлээд тэдний хэлсэн үг хэдийгээр жүжиг байсан ч хэчнээн үнэн болохыг мэдлээ.
Энэ бол Бүрэнгийн гэргий Нарангийн хэлсэн үг аж. Тэд Хөххотод ойртож суурьшсан зүүн Бутач гэх тосгонд “Босоо” идээний ХК байгуулж, боорцогны төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 2014 оноос эхэлсэн бол 2016 оны 08-р сард компаниа бүртгүүлж, 1 сая юанийн хөрөнгө мөнгө оруулж, машин тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байна. 2009 оноос эхэлж, хоолны газар эзэгнэсэн Бүрэнд авч хэлбэл хүүгээ сургуульд суулгах нь түүний хамгийн чухал үүрэг байлаа.Тэгээд хүү нь аль сургуульд шилжвэл тэд нар тэнд нүүж очиж, хамаг анх хүүгийнхээ сургуулийн хавиар хоолны газар нээсэн байжээ.
- Тухайн үеэс эхлэн идээ ундааны аж үйлдвэрлэлтэй анх танилцсан юм. Хэрвээ хоолны газрыг илүү зах зээлтэй болгоё гэвэл өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Энэ талаар тухайн үед хоолны газарт ирдэг хүмүүс санал өгч бид бас санаа авсан гэж Бүрэн ярьж байлаа.
Гэвч ажил үйлс эрхэлнэ гэдэг тийм ч хялбар биш. Машин тоног төхөөрөмжөө ч буруу худалдан авч байсан удаатай. Аваад хэрэглэж чадахгүй болох, авчирсан машин нь санаанд нь хүрэхгүй тохиолдол үргэлж байсан бөгөөд үнэтэй машин нь хэрэггүй төмөр болж хоцорсон удаа ч байх юм. Харин энэ бүхнийг давж туулсан ажил үйлс нь бүтэж, Нарангийн хэлж байгаагаар “дөнгөж довоо харжээ”.
Бороо ороход баярладаг хүн
Хүний сэтгэл гэдэг их сонин. Бүрэн үүнийг “төрийн төлөө төндгөр” гэж дүрслэв. Хэдийгээр хотын бараа харж хэдэн арван жилийг ардаа орхисон боловч хөдөө нутгаа гэхээр халуун сэтгэл нь догдолно.
- Би ч ёстой ганц ширхэг малгүй, ганц мөр тариагүй хүн. Гэвч нутаг оронд ган гачиг болж, хүн ард зовж гачигдахыг үзээд зүрх өвдөнө. Ганц дусал бороо орохоор ган тайлагдаасай гэж баярлана. Хэн хүн ч адилхан даа. Нутагч сэтгэл, нинжин бодол хэнд ч байдаг гэж Бүрэн хэллээ.
Тийм ээ, хөдөө нутгаар бороо орох эсэх нь Хөххотод боорцог хийдэг Бүрэнтэй ямар ч хамаагүй. Гэтэл хүний сэтгэлийн гүнд нуугдсан хайр хийгээд хариуцлага, нинжин бодлыг хэн ч мэдэж чадахгүй. Бүрэнгийн компани зургаан тогтмол ажилтантай. Бүрэн монгол хүнийг ажлын байртай болгосон гэж олзуурхан баярладаг.
Бүрэнгийн компанийн үйлдвэрлэсэн боорцог нь шар тос, зөөхий зэрэг цагаан идээний орцтой. Иймээс Бүрэн ганц хоёр үнэтэй машинаа орхиж байсан түүхтэй. Учир нь зах зээлд борлуулагдаж буй энгийн боорцгийг энэ машин ямар ч асуудалгүй үйлдвэрлэнэ. Гэвч цагаан идээний материал агуулагдахаар энэхүү машин нь ажилдаггүй. Энэ явдал машины хувьд энгийн тохиолдол. Учир нь энэхүү машиныг цагаан идээ үйлдвэрлэхэд зориулж хийгээгүй юм.
- Хөдөө нутгаар явж байхад цагаан идээ болон уламжлалт идээний талаар илүү дэлгэрүүлэх бодолтой болсон. Өвөг дээдсээс уламжилж үлдээсэн энэ эрхэм нандин зүйлийг бидний үед илүү дэлгэрүүлэх ёстой. Зах зээл, аж ахуй, борлуулалт гээд бидэнд хийх ажил их байна гэж Бүрэн ярьж байлаа. Нарангийн хувьд өөрийн хийж байгаа боорцог нь цагаан идээний ”үргэлжлэл бүтээгдэхүүн” аж.
Мөн компани нь эдүгээ өдөрт 2000-3000 ширхэг боорцог үйлдвэрлэх хүчин чадалтай болж, гол төлөв Хөххотын зах зээлд гаргаж, том жижиг дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд энэ жилээс Хөххотын хэдэн брэндийн дэлгүүрээр борлуулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
- Одоогийн байдлаар хүний хүч дутагдалтай болж мэдэхээр байна. Ийм байдалд хүрвэл хангалт хүрэхгүй болж, итгэлээ алдана. Үүнээс гадна бүтээгдэхүүний чанарыг батлах хэрэгтэй хэмээн Бүрэн танилцуулж байв.
Өнгөрсөн зүйл бүхэн энгийн
Бүрэн Зарууд хошууны Өлзиймөрөн сумаар нутагтай. Айлын зургаан хүүхдээс голомт сахих отгон хүү нь болж заяажээ. Гэвч яг энэ голомт сахих отгон хүү нь тухайн үед ажлаа хаяад арлын улс Японд явна гэдгийг бурхан ч бодож олсонгүй.
Бүрэн дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулиа төгсөөд банканд ажиллав. Гэвч арван хоёр жилийн дараа ажлаа хаяхад хүмүүс юу бодож байсан бол?
Бүрэн дунд зэргийн тусгай мэргэжлээ төгсөөд 1990 онд Зарууд хошууны тариалангийн банканд ажиллав. Ажилдаа сайн бөгөөд нарийн нямбай хүн байсан болохоор ажлын бүтэмж өндөр байсан аж. Гэвч энэ бүхэн Бүрэнгийн бодол санааг хүлж чадсангүй.
- Багын найзуудаас Япон явсан хүн олон байна. Зарим нь бүр тэнд нутагшсан. Тэд ч намайг үргэлж энэ жаахан газраасаа гарч ихийг үзэхийг сануулдаг байлаа. Би ч өөрөө нэг л хэвийн амьдралд дасахгүй болж, хол явж үзэхийг боддог.
Ингээд тэрээр 2002 онд ажлаа хаяж, 2003 онд Япон улсыг зорьсон байна. Японд зургаан жил суухад нэг их хэцүү санагдсангүй.
- Надад ямар ч хүнд хэцүү зүйл байсангүй. Харин буцаж ирээд ажил хийх гэсэн их төвөгтэй санагдлаа.
Энэ бол Бүрэнгийн Японд амьдарсан сэтгэгдлээ тайлбарлаж хэлсэн ганц өгүүлбэр. Тэрээр хэлний бэлтгэлд суралцаж дуусаад ажилд оржээ. 2009 онд Хөххотод ирээд хоолны газрын ажлыг эхлүүлж, эдүгээ нутгийн онцгой бүтээгдэхүүн боорцог хийх ажлаа хийж эхэлсэн ажээ.
Гэргий Наран нь Бүрэнгийн ажлыг их дэмждэг бөгөөд хүүгээ дагуулж энэ хотод хэчнээн жил ажил үйл гэж хичээн зүтгэж явжээ. Хүү нь өнгөрсөн онд Хятадын Хуа Чяо Их Сургуулийн Олон улсын арилжаа худалдааны мэргэжлээр элсэн оржээ.
- Хүүгээ дагаж Хөххотод нүүж буух амьдрал эцэслэж, одоогоор бид энэ ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулж явна. Ажлаа хаяж амьдралд орсныг бодвол 15 жилийн нүүрийг үзэж байна. Юм гэдэг тулж ирэх үед аймшигтай санагддаг. Өнгөрөөд гарахад энгийн л болдог. Нийгэм гэдэг энэ хаалгыг алхсанаас хойш бас их юм сурсан хэмээн гэргий Наран баяртай ярьж байлаа.
