solongonews
Эрээнговьд шалгасан эрийн шандас
2018-10-12 09:22
Бадамцэрэн Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Эрээнговь багийн малчин. Улсын аварга цолтой, овооны найраас орон аймаг хүртэл, улсын зэрэглэлийн тэмцээнээс дэлхийн зэрэглэлийн тэмцээнд хүртэл зодоглож, шагнуулж явсан хүн. Жарын давааг дөрөөлчихсөн ч бие лагшин, бөх хүний чийрэг алхаанд нь хөрст газар тайвалзаж байна уу гэмээр.

Бадамцэрэн гэргийн хамт

Өөрчлөлт нээлтийн урьхан салхи Үзэмчиний уудам талыг илбэн мал бэлчээрийн хос хувьчлалын дүрэм хэрэгжихэд Бадамсүрэнгийнх 300-аад бод бог, 9000 мү ( Нэг га газар нь 15 мүтэй тэнцэнэ) бэлчээр хувьчлан авчээ. Мал бэлчээртэй болсон малчин хүн магнай тэнийн баярлахгүй ч яах билээ. Бадамцэрэн малаа өнөр өсгөх гэж чармайхад малын хишиг ч тэднийд тогтож, 2000 оны үед таван мянган толгойг давсан байлаа.

- Нутаг уужуу, бэлчээр сайтай, цаг агаар ч сайн өнөтэй жил олон байсных байх. Мал өнөр өсөөд л, бид мянган түмийн аваргууд болоод л. Гурван жил дараалан таван мянган тоо толгойгоос давуулж улсад бүртгүүлж байсан. 3 айл хоньчин зарж байлаа. Сарын хоёр эм хонь, нэг эр хонь дээр нь 200 юанийн цалин өгдөг. Арав шахам жил зарагдсан хонины хүн тав зургаан зуун хоньтой болоод нутаг буцсан тохиолдол ч бий. Мал хариулах чинь мэргэжил хэрэгтэй. Сайн малчин цөөрч байна хөөрхий. Мал маллах ухаан гэдэг ч сураад баршгүй мэдлэг байх ёстой.

Бадамцэрэнгийн яриа Үзэмчиний уудам талыг эвхэж, Үзэмчин нутгийн өөрчлөлт шинэчлэлтийн өчигдөр өнөөдрийг хүүрнэнэ.

Өөрчлөлтийн эхэнд Бадамцэрэнгийнх уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралаа үргэлжлүүлж байлаа. Машин мотоцикл байхгүй, төмөр хашаа хүрээ татаагүй, монгол гэрээ ачаад л, ус бэлчээр тэнцсэн нутаг эрэн алсын газраар ч чөлөөтэй нүүдэллэдэг.

- 1984 онд хамгийн анхны 3 өрөө шавар байшин барьсан. Сүүлд нь хашаа барьсан. Бэлчээрийг төмөр тороор хүрээлсний дараа отор нүүдэлд явахаа болилоо. Өөр өөрийнхөө нутгаа төмөр тоороор тас торлоод авсан юм чинь хаана байдаг отрын нутаг вэ дээ. Одоо нутаг түрээслэх гэх шинэ ухагдахуун гарч ирсэн. 90-өөд он болоход цаг үе нийгэм их хөгжсөн, харин нутаг байгаль яах аргагүй эвдэгдэн муудаж байлаа. Хүн амьтан олон болсных ч юм уу, уул уурхай олширсных ч гэж би боддог. Нутаг байгалиа хайрлах үүднээс малын үүлдэр сайжруулж, тоо толгойг нь хязгаарлан, цөөн малаас өндөр үр ашиг хүртэхийг хөөцөлдөж эхэлсэн гэж ярих Бадамцэрэнгийн ярианаас нутгаа хамгаалахаар яахаас ч буцахгүй Үзэмчин эрийн дотно сэтгэлгээ мэдрэгдэж байлаа.

- Олон үүлдрийн малыг маллаж үзсэн. Шарлай, Ли Мү Зан (Бүдүүн эвэртэй улаан үхэр)-т 2 жил хээлтүүлэг хийсэн. Семинтар үхэр ч тэжээж үзсэн. Одоо улаан ангис үхэр маллаж байна. 1999 оны үед манай хошууны 22 айлд улаан ангис үхрийн хөврөлийг шилжүүлж өгсөн. Одоо манайх л ганцаараа улаан ангис маллаж байна. Нутгийн үхэртэй харьцуулахад үнэтэй. Байгальдаа зохицох талд нутгийн үхэрт хүрэхгүй, семинтэр үүлдрээ бодвол арай даацтай. Ямар ч үүлдрийн үхэр тэжээсэн гол нь арчилж додомдоход байна. Үзэмчин үхэр зуд шуурга хүйтэнд тэсвэртэй. Үүлдрийн үхэр жаахан хүйтрэхэд хашааны нөмөрт ирээд өлбөрөн зарлаад зогсоно.

Үүлдэр сайжруулаад зогсоогүй. Гадаадаар ч олон явж, тэргүүний мэрэгжил туршлага, шинжлэх ухаанч мал аж ахуйд суралцсан. 1993 онд  Австрали, 1998 онд баруун Европ болон Германаар явсан. Австрали дөрвөн улиралгүй газар, өвчин хижгээс сэргийлэхэд л болно. Дулаан газар юм хашаа саравч гэж үгүй, мал аж ахуйн нэлээд хэдэн талбайгаар бид хүрсэн. Бараг л тэжээн үржүүлэх үйлдвэрлэлээр голлож байна билээ. Суралцууштай туршлага байх нь байна. Гэсэн хэдий ч манай энэ газартай бодит байдлаар зохицохгүй зүйл ч олон. Иймээс сохроор дуурайж болохгүй. Манай энд бэлчээрийн мал тарга авч тэнхээ авах цаг нь зун намар. Бид байгальтай зохицон, байгалиа хамгаалан маллаж байгаа болохоор өөрийн давуу талаа баримтлан харуулах нь чухал. Мөн компаниудтай хамтран мал тэжээлийн компани байгуулж үзлээ. Бүтсэн юм байхгүй. Ингээд таван хошуу малтайгаа, энэ жаахан нутагтайгаа байна.

- Таван хошуу мал маллаж байна уу? 

Тийм ээ, таван хошуу мал тоо бүтнээрээ байж байгаль орчны тэнцвэрийг баталж чаддаг. Энэ нь нүүдлийн мал аж ахуйн олон зуун жилийн турш бүрдсэн жам ёс. Энэ жам ёсыг тэрсэлбэл байгалиа эвдэж, байгалийн залхаалтыг амсах болно. 2000 хонь, 300 үхэртэй, 100-аад адуу, 7-8 тэмээ маллаж, 30 мянган мү нутаг бэлчээр түрээсэлж байна. Нэг мүг 6, 7 юаниар 4-5 жил түрээсэллээ.Одоо нэг мүг түрээслэхэд 10-аад юаньд хүрч байна. Хадлангийн бэлчээр түрээслэхэд нэг мү нь 30-40 юань хүрдэг. Энэ жил нутаг бэлчээрийн эрхийг нотлон тогтоож, нарийн хуваагаад илүү дутуу нутаг гэж үгүй болжээ.

- Та мал маллах ямар арга туршлага хуримтлуулсан бэ? Хуваалцахгүй юу?

80-аад оны үед оторлон маллаад өөрийн өртөг байгаагүй, өвөл цас зуд болоход өвс сайтай бэлчээрт нүүнэ. Тэр үеийн мал бөх, тарга сайн авдгаараа цас зудаас барагтаа айдаггүй. 50 км газрын зайд нүүж байсан. Өвс бордоо оруулна гэдэг 2000 оноос хойших явдал.

- 2000 оны цагаан зудаар хохирол амссан уу?

Малын ширхэг үс хохироогүй туулж гарсан. Итгэмээргүй байгаа биз. 1998 онд 200 гаруй мянган юань зарцуулан малын дулаан хашаа саравч барьж авсан.

- Энэ таны туршлага юм байна?

Нутгийн экологи муудаж байгаа нь надад сэрэмжийн дохио болсон төдий. Нутаг бэлчээрээ өнөтэй шимтэй байлгах явдал юунаас ч чухал.

Бадамцэрэн байгаль орчноо хамгаалах гэсэн торон хашаа татах явдлыг таягдаж, сэлгэн маллахаар бэлчээрээ 13 хэсэг хуваан хашаа татжээ. 10 жилийн дараа харин сайн нь сайжраад, муу нь улам муутсан бөгөөд ургамлын төрөл зүйл ч багассан байлаа.

- Төмөр хашаа хүрээ татах чинь бэлчээрт их халтай. Зарим газар нь халцардаг. Халцгай болоход чийг хадгалж чадахгүй, ирэх жил нь ногоо гарахгүй, хур ус цөөрнө, хулгана царцаахайн гамшиг үүснэ. Би одоо төмөр хашаа хүрээгээ хураан аваад арав шахам жил болжээ. Биедээ амрыг бодвол хэсэглэж болно. Байгальдаа сайныг бодвол хэсэглэхгүй нь дээр. Одоо нийтээрээ нутаг бага болсон болохоор мал маллах амаргүй болжээ. Өнгөрсөн жил бас гантай, уржнан жилийн энэ үед бүр үхрийн баас хар болсон. Энэ чинь ногоо үгүй болохоор нь богоо идсээр байгаад үхрийн баас харласан явдал. 60 хүртлээ 8 сард малын баас харлахыг нэг удаа үзсэн. Одоо миний нутгийн хил орж байна гэж  Бадамцэрэн машины цонхоор гадагш харан яриагаа таслахад яриа сонсож амташсан бид нэгэн зэрэг өнгийлөө.

Намхан үргэлжилсэн бор толгодыг нөмөрлөж, өмнө зүг тэлсэн тэгш талд хаа сайгүй нуур бүрд цэнхэрлэн, галуу шувууд малын дундуур ганганалдан ниснэ.

Миний нутгийг Бага Эрээнговь гэдэг. 20-иод нуур цайдамтай сайхан нутаг. Тарвага, үнэг, туулай, хун, галуу зэрэг араатан амьтан олон хэмээн Бадамцэрэн нутгаа танилцуулж, тэртээ харагдаж байсан зэрэгцүүлэн барьсан гурван монгол гэрийн өмнө ирж зогсов. Бяруу шиг биетэй хэдэн монгол ноход тосон гарч ирээд эзнээ харан шарвалзана.

Үд ойртоход Бадамцэрэн бид хэдийг өвөлжөөний сууцандаа авч очлоо. Байшинд нь ороход “Дөрөв дэх удаагийн Парис нэрэмжит хятад маягийн бөхийн олон улсын урилгын уралдааны 100 килограммаас дээших зэрэглэлийн тэргүүн”, “Шинжлэх ухаанчаар мал малласан жишээч өрх”, “Арван од зэрэглэлийн боловсон чинээлэг өрх” зэрэг олон шагнал яруу алдар өрөөстэй.

Машин механикийн байр гэх арав шахам өрөө тоосгон байшин өвөлжөөний сууцны араар барьж байгуулсан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэдэг элдэв төрлийн машин хэрэгсэл бүрдүүлжээ. Хонио хотоосоо холхон манахад ч манааны машин гэх мухлаг машинтай байх жишээтэй. Машинаа жолоодоод хотлуулсан сүргийнхээ хажууд очоод 22:00 цагаас өглөөний 04:00 цаг болтол манадаг. 

Машин механикийн байрны өмнө Хөлөнбуйраас урин авч ирсэн гагнуурчин төмөр хаалга гагнаж байлаа. Энэ жил хашаа саравчныхаа үүд хаалгыг шинэчлэхээр гагнуурчин авч ирсэн байжээ.

Бадамцэрэнгийнх гантай үед хадлан гарахгүй бол өвөл хаврын өвс бордоогоо худалдан авч 300-400 мянган юань зарцуулдаг. Жилдээ 50-60 үхэр, 1000 гаруй хурга худалддаг.

- Хонио манахгүй бол чоно татна. Энэ зун дөрөв таван удаа чоно ирсэн. Торон хашаан дээгүүр үсэрч орж ирээд хонь барьж байна. Том хүүгээ хоёр настай жил миний машины аян эхэлсэн. Хөх өнгийн 126 чөлөөлөлт тэмдэгт машин авсан. Түүнээс хойш ч машины зардал хэд орж байгааг ч мэдэхгүй болсон.

2016 онд өвөлжөөнд нь 24 цагийн цахилгаантай болсон байна. 150 шахам километрийн хол газарт цахилгаан нэвтрүүлэх гэдэг амаргүй. 80-аад оны үед л тосон дэн хэрэглэж байсан. Бага байхад бүр тулганы галаараа гэрэлтүүлдэг байсан. Тулга нь ч одоо байгаа. Тулганы гал утаатай, нүд хорсоно. Одоо амьдрал хөгжөөд өөр ертөнц болжээ.

- Одоо наадмын шууд нэвтрүүлгийг гэртээ суугаад гар утсан дээрээ үзнэ. Хэн хэн яаж барилдаж байна гэдэг чинь тов тодорхой. Би телевиз үзэхгүй болоод хоёр жил боллоо. Гар утас гэдэг зүйлд бүгд байх болсон. Энэ хүмүүсийг айлд буулгахгүй, хүнтэй нүүр уулзуулахгүй, ажил хийлгэхгүй, бүр ч цай хоолыг чинь бас дутуу идүүлнэ, аюултай эд байна.

- Нутаг минь байсан цагт уулын чинээ алтаар би юу хийх билээ. Нутаг минь байхгүй болоход утсан чинээ улаан амиар би юу хийх билээ гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Нутгаа хамгаалж бүтээн байгуулж л байвал амьдрал өөдлөхөөрөө л өөдөлнө. Дарга Ши Жиньпин “Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул” гэж хэлсэн.

Эрээнговь нутгийн халуун элгэнд дээдсийн өв залгамжилж, мал маллан амьдарсан Бадамцэрэнгийн бахархалд амьдралын үлгэр өндөрлөж байна. Өөрчлөлт шинэчлэлтийн дөчин жилийн хөгжлийг дагаж хөдөөний жирийн нэгэн малчны амьдрал ингэтлээ их өөрчлөгдсөн байлаа. Энэ нь үнэндээ Өвөр Монголын малчин тариачны амьдралын хөгжлийн нэгэн нийтлэг жишээ төдий.

Зохиогч: Билигт, Хошууд Номин, Навч
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл