solongonews
Эвийн хүчинд амьдрал өөдрөг
2017-07-18 21:50
Хууль зүйн таатай үйлчилгээ

- Хоёр талыг эвлэрүүлэхэд бид төлбөр авдаггүй, хоёр талын сайн дурын үндсэн дээр маргааныг шийдвэрлэнэ. Одоо өөр өөрийн санал бодлоо нуулгүй хэлээрэй, бид хууль ёсоор зөвлөгөө өгч эвлэрүүлэхээр ажиллана. Эвлэрүүлсэн хэлэлцээрийг тэр даруйд нь гүйцэтгэнэ. Санаа амар байгаарай.

- Миний ач хүү бол яллагдагч. Бид энэ удаагийн замын хөдөлгөөний осолд хууль ёсоор төлбөр өгөхийг зөвшөөрнө. Тэгвэл төлбөр хэдийг өгвөл зохих, Даатгалаас хэдийг нь хариуцаж төлөх зэрэг тухай сайн мэдэхгүй байна.

- Бид бол заалдагч, 800 мянга гаруй юаний төлбөр авмаар байна.

Манай сурвалжлагч 6 дугаар сарын 28-ны өдөр Отгийн өмнөд хошууны Захидал сурвалжлагын товчооны Эвлэрүүлэх газарт дээрх яриаг сонссон юм.

Энд Эвлэрүүлэх ажил эрхэлж байгаа хоёр настныг Төгс, Ван Веньгуан гэдэг. Тэд Ардын шүүх болон Ардын Прокуророос тэтгэвэрт гарсны дараа хошуунаас нь хоёр настныг эвлэрүүлэгчээр урьж ажиллуулсан байна. Нүд ирмэхийн зуур хоёр настан маань энэхүү ажлын байран дээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.

Энэ зургаан жилийн хугацаанд тэд иргэний хэргийн 1100 гаруй удаагийн маргааныг шийдвэрлэн, хоёр талыг эвлэрүүлж 99 хувийн амжилттай ажиллажээ. 5000 гаруй удаагийн хуулийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлж, 2000 гаруй хувь заалдах бичиг бичиж, маргаан шийдвэрлэсэн ажилд нь холбогдох төлбөрийн хэмжээ 20 сая гаруй юаньд хүрсэн байна.

Ажилд нь саад болохоос болгоомжилж, бид 10 минутын амралтынх нь үеэр тэдэнтэй хэсэг зуур ярилцсан юм.

- Цагдаагийн талынхан бодит хэргийг нарийн мөрдөн байцааж, төлбөр өгөх иргэний хэргийн зарга мөн гэснийг тогтоовол хэрэгт холбогдсон хүмүүс бидэнтэй холбоо бариад Эвлэрүүлэх хүслээ дэвшүүлдэг. Ихэнхдээ энд хүрч ирээд эвлэрэх хүсэлтэй иргэдээс ямар ч төлбөр авахгүйн дээр ажил урагштай бол нэг өдрийн дотор бүх асуудлыг шийдвэрлээд дуусчихна. Хэрвээ заргалдвал нэг талаар зардал мөнгө бага бус бөгөөд нөгөө талаар цаг үрнэ гэж Төгс танилцуулсан юм.

- Эвлэрэх гэж ирсэн хүмүүс ганцхан манай хошууны хүмүүс биш шүү, Ордос хотын бусад хошуунаас ч хүрч ирдэг. Өөр мужаас ч зорьж ирэх нь бий. Бид хоёр тэтгэвэрт гарсан боловч бараг амарч байсангүй. Хагас сайн, бүтэн сайн өдөр гэж ялгахгүй эвлэрүүлэх шаардлагатай хүмүүс байвал бид хүрээд л ирнэ. Бидний ажил чинь зөрчил маргааныг анхны алхамд нь шийдвэрлэж, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахад идэвхтэй ач холбогдолтой гэж өнөөдрийн эвлэрүүлэх үүргийг Төгс гуайтай хамт дааж авсан Ван Веньгуан ярьж байлаа.

Отгийн өмнөд хошуу амар амгалангийн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэн улам сайн бэхжүүлэхийн тулд мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүс нутгийн нийгмийн зөрчлийг шийдвэрлэх шинэ тогтоц - цагдаагийн тал болон хуулийн этгээдийн хамтран зохицуулах тогтцыг хайн эрэлхийлжээ. Төлбөр мөнгө авахгүй, хоёр тал сайн дурын үндсэн дээр эвлэрэх, тухайн газарт нь маргааныг шийдвэрлэх зэрэг нь энэхүү тогтцын онцлог юм. Өөрөөр хэлбэл, эвлэрүүлэн зохицуулахад төлбөргүй бөгөөд холбогдох хоёр этгээдийн сайн дурын үндсэн дээр зөрчил маргааныг тухайн газарт нь эвлэрүүлж, тогтсон хэлэлцээрийг тэр дор нь гүйцэтгэн хэрэгжүүлж, шийдвэрлэсэн хэрэг заргад холбогдох төлбөр мөнгийг тухайн газар дээр нь тодорхой бүртгэж тооцоо хийдэг юм.

Ийнхүү ярилцаж байтал Төгс гуайн гар утас нь дуугарлаа. Утсаараа ярьж дууссаны дараа тэрбээр:

- Өнгөрсөн жил хорин хэдэн настай нэг охин таяг тулж ирээд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Хөөрхий, ажиллаж байхдаа өндрөөс ойчиж хөлнийхөө ясыг гэмтээжээ. Бид тухайн өдөрт нь эвлэрүүлээд буцаасан бөгөөд охинд нийт 280 мянган юаний төлбөр мөнгө олж өгсөн. Хэрвээ шүүхэд очсон бол цаг хугацаа нь урт мөртлөө зарга хийх зардалд бас 20 мянга гаруй юань зарцуулна. Охины хөл бүрмөсөн эдгэсэн гэж бид хоёрт баяртай мэдээ дамжуулж байна гэж Ван Веньгуандаа урамтайхан ярихад Ван Веньгуан:

- Харин сайхан мэдээ. Хоёр өвгөн сайн ажиллаж байгаад энэ өдрийн хэрэг заргаа бас амжилттай эвлэрүүлчихье гэж олзуурхан ярилцаж байв.

Сурвалжлагчийн өврийн тэмдэглэл

Сүүлийн хэдэн жилүүдэд Отгийн өмнөд хошуу хуулиар хошуугаа засах ажлыг чухалчилж, “Хууль дүрмийн Отгийн өмнөд хошуу”-ны бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй ахиулж бахархууштай амжилт гаргаж чаджээ.

Уламжлалт нийгмийн засаглалын хэлбэр нь нэгэнт олон түмний үзэл ухамсрын хувиралт, хууль ёсны эрх ашгаа хамгаалах олон төрөлжсөн шаардлага, үйлчилгээний хэрэгцээ зэрэг нийгмийн бодит байдалтай тохиролцохгүй болсон нөхцөл байдалд хандуулан 2015 оны 3 дугаар сард Отгийн өмнөд хошуу анхан шатанд гүнзгийрсэн хяналт судалгаа хийж, шинжлэх ухаанлаг шинжилгээ судалгаа хийсний үндсэн дээр “Өгөөмөр найрсаг тал нутаг- Үзэсгэлэнт сайхан өмнөд нутаг ”Нийгмийн засаглалын төслийг хэрэгжүүлсэн байна. Гурван жил гаруйн хугацаанд мал аж ахуйн бүс нутгийн бодит байдалд нийцэх өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий нийгмийн засаглалын замаа амжилттай сонгож чадсан байна. Үүний зэрэгцээ “Өмнө фронтын ажлын арга”, “Дөрвөн шатаараа хамтран ажиллах” болон “Интэрнэт + нийгмийн засаглал”-аар арга замаа болгосон нийгмийн засаглалын системийг цогцлоож, нийгмийн засаглалын хэр төвшнөө амжилттай дээшлүүлж чадсан. Улмаар энэхүү нийгмийн засаглалын загвар нь өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх туршлага болж Ордос хот даяар хэрэгжүүлж байгаа юм. Отгийн өмнөд хошуу Өвөр Монголын Өөртөө Засах Орны цорын ганц төлөөлөгчөөр энэ оны дөрөвдүгээр сард болсон Хятадын Нийгмийн аюулгүй байдлыг ерөнхийлөн засах ажлын видео хурал дээр ажлын тайлан тавьсан байна.

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл