
Бээжин хотод сурах нь Өвөр Монгол элсэн нутагт төрж өссөн Цэлмэгийн мөрөөдөл байлаа.
2002 онд Цэлмэг гадна мужийн их сургуульд элсэн орсон цөөн хэдэн оюутны нэг байлаа. Хэбэй мужийн Аж Үйлдвэрийн Их Сургуульд байгаль орчны хамгаалалтын мэргэжлээр элсэн орж, Цэлмэг оюутны амьдралаа эхлүүлжээ. Багаасаа Бээжин хотод сурах мөрөөдөлтэй түүний мөрөөдөл биелээгүй ч Бээжин хоттой маш ойрхон хотод суралцах болсон нь түүний хувьд том аз байлаа.
- Миний аав сумын сургуулийн тогооч, ээж маань малчин хүн хэмээн Цэлмэг эгэл жирийн амьдралаа танилцуулав.

Өвөр Монголоосоо гарч хол газар явж олон юм харна хэмээн Цэлмэг мөрөөддөг. 2006 онд Цэлмэг Япон улсыг зорилоо. Тэрээр Японы Токио Аж үйлдвэрийн их сургуульд байгаль орчны мэргэжлээр суралцав.
- Японд 6 жил суралцан, 2012 онд магистраа дүүргэж, 2014 онд нутагтаа ирсэн. Хүүхдийнхээ сурлага амьдрал, нутгаа санах, ажил эрхлэх зэрэг олон шалтгаанаас нутаг буцаж ирсэн гэлээ.

Хүний нутгийн хөрс хатуу байдаг ч өөрийн нутгийн чулуу нь хүртэл зөөлөн санагддаг жамтай. Буцаж ирээд 2014 онд Цэлмэг “Гоёлол” хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний компани бүртгүүлж, хонины сүүлийг ашиглан саван хийх шинэ зам хайлаа. Тэрээр “Lambball” брэнд саванг үйлдвэрлэн гаргасан байна.
- Бизнес маань замаа сайн олоогүй байна. Олсны дараа Япон зэрэг улс орноор зах зээлээ нээх төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
