
Авьяаслаг хөөрхөн хүү Бат-Энэрэл сүүлийн өдрүүдэд Ар Өвөр Монголд шинэ од болж цахим ертөнцийг шуугиулсаар.
Төрөлхийн харааны бэрхшээлтэй Бат-Энэрэлд туслах элэг нэгт Өвөр Монголын ахан дуусийн хандивын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагаас эхэлж 8-ны өдрийн 20:00 цагийг хүртэл нийт 49550.19 юань цугласан байна. Хандивыг зохион байгуулсан баг 8-ны өдрийн 8 цагт хандив зогсохыг зарласан хэдий ч үргэлжлэн хандивын мөнгө явуулсан хүн олон байв.
Өчигдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг хүртэл нийт 51555.83 юань цуглаж, Бат-Энэрэлийн эхний ээлжид эмчилгээнд хандахад хангалттай болсон тул хандивын арга хэмжээ дууссаныг зарлалаа.
Хандивын арга хэмжээг Өвөр Монголын “Миний дуу хоолой”, “Цайлган монгол хүн”, “Содон сайт”, “MGLTube”, “Буриад”, “Хан Монгол”, “Нүүдэлчин Монгол” , “Хорвоо”, “Монгол бичил видио”, “Монгол B ах” зэрэг вичат хамтран зохион байгуулав.
Мөн Шилийнгол аймгийн Авга хошууны “Бэлгүүдэй” халамжийн нийгэмлэгийн гишүүд 1600 юань хандивласан байна.
Хандив өгсөн нийт хүний нэр овог, нутаг усыг бүртгэн авахыг хичээсэн боловч нэлээдгүй хүн нэрээ үлдээхээс татгалзсан байна. Мөнгө хандивласан нийт хүний нэр овог, нутаг усыг Бат-Энэрэлд албан ёсоор бичгээр хүлээлгэн өгөхийг зохион байгуулагчийн зүгээс илэрхийллээ. Одоогоор хандивын арга хэмжээг санаачлагч Идэрбаяр мөнгийг хураан хадгалж байгаа юм байна.
Бат-Энэрэл энэ сарын 20-нд Батсүх багшийнхаа хандивын тоглолтод оролцоод 22-ны өдөр Хөххотод хүрэлцэн ирж хандивын мөнгийг гардан авна.
Хандив өргөсөн нийт халуун сэтгэлтэй хүмүүст талархал хүндэтгэл илэрхийлж байна. Бат-Энэрэлийн маань хараа нь сайжирч дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулна гэдэгт хүн бүр итгэж байна.
Хандив санаачилсан нийт гишүүд
