solongonews
Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Цэхээ боомттой танилцлаа
2018-06-20 22:53
2005 онд Хятад, Монголын байнгын нээлттэй авто замын боомт болсон байна.

Цэхээ боомт нь Хятад, Монголын хилийн дагуу 572 хилийн шугамаар зааглагдаж, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эзэнээ хошууны нутаг дэвсгэрт, Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт орших Шивээ Хүрэн боомттой нүүрлэдэг. Тус боомт нь 1992 онд ӨМӨЗО-ы зөвшөөрлөөр хоёр талын улирлын чанартай боомтоор нээгдэж, 2005 онд Хятад, Монголын байнгын нээлттэй авто замын боомт болсон байна. 2016 онд төмөр замын боомт, мөн Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн оруулах тусгай боомт болгохоор зөвшөөрөгдсөн байна.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Цэхээ боомтын удирдах Зөвлөлийн дарга Мөрөн болон холбогдох албаны дарга нарын хамт 06 дугаар сарын 20-ны өдөр Цэхээ боомт дээр ажиллав. Мөн Эзэнээ хошууны Цэхээ боомтоор амьд мал импортлох, экспортлох, нядлах, боловсруулах Да Чэн үйлдвэртэй танилцлаа.

Цэхээ боомтын удирдах Зөвлөлийн дарга Мөрөн:

- 2016 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол болж, одоогоор зураг төсөв нь ч гарсан байгаа. Мөн хил нэвтрэлтийг илүү хялбарчилж, виз орлон гүйцэтгэх цэг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мах махан бүтээгдэхүүн оруулах талын асуудлыг хоёр тал шийднэ гэдэгт найдаж байна.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ:

- Өнөөдөр бид Цэхээ боомт, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Мөн Монгол улсаас орж ирж буй машины зогсоол, зочид буудлын бүтээн байгуулалт зэрэгтэй газар дээр нь танилцлаа. Эзэнээ хошууны зүгээс Монгол Улсын Шивээ Хүрэн боомтын талд 3 сая юань буюу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаад баярлаж байна. Энэ боомт өргөжин тэлснээр хоёр оронд харилцан ашигтай юм.

Зохиогч: Бэлтгэсэн: Арвинтал, Буянхишиг
Найруулагч: Арвинтал, Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл