solongonews
Хониор чимсэн хот ус
2017-04-20 11:32
Урьхан хавар уян зөөлнөөр амьсгалж, усны шувууд ганганалдан донгодсон, уудам хангайд зэрэглээ тоглож, урсгал горхи алгуурхан урссан 4 дүгээр сарын эхээр би нутаг усаа эргэж үзэхэд хонь маллаж хишиг хуурайлсан Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Цагааннуур багийн малчин Бүрнээтэй уулзсан юм.

Намайг хүрэхэд Бүрнээгийнх саах, сувай, нялх төлөө салгаж, өвслөхийг нь өвсөлж, бордохыг нь бордож байлаа. Бүрнээгийнх ам бүл гурав, ганц хүү нь одоо Авга хошуунд сурч байгаа бөгөөд ар гэрийн амьдралдаа Бүрнээ эхнэр Хасцэцэгтэйгээ үлдсэн. Маллах үйлдвэрлэлээ өөд татаж, үе тэнгийн малчдынхаа дунд хошуучилж, хонь маллаж хишиг буян хуурайлж, хол ойрдоо алдаршиж явна билээ. Бүрнээгийнх 90-ээд оны сүүлээс эхэлж Үзэмчин бүдүүн сүүлт хонь маллахаар ажиллаж, өөрийн 217 га нутгаас гадна 433 га нутаг түрээсэлжээ. Үүнээс гадна тэрээр байгаль орчны бүтээн байгуулалтыг чухалчилж, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах, нутаг хувааж сэлгэн маллах, ундны усны асуудлыг сайн шийдэх, хашаа хорооны бүтээн байгуулалтыг сайжруулах, мал аж ахуйн аж үйлдвэржүүлэлтийг ахиулах, мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгтэй бүх төрлийн машин баазыг бүрдүүлж, эртэлж оройтож ажилласнаар өнөөдөр чанар сайтай 15 дулаан хашаа хороотой, 60 хос алдын хашаа саравчтай, дулааны төхөөрөмж угсарсан цэвэр тохилог орон сууцтай, нар салхины цахилгаан гаргах машинтай баян чинээлэг амьдарч, өнгөрсөн жилийн орлого нь 20 мянга гаруй юаньд хүрсэн байна.

Өнгөрсөн жилийн зах зээлийн хатуу шалгалтад тэрээр 20 үхэр, 500 гаруй хонь өвөлжүүлж, жил бүр өөрийн хадлангаа өөрөө шийдэж, орлого зарлагаа эвтэй зүйтэй зохицуулж өргүй өнөр баян амьдрал эдэлж, хөдөлмөрийн сайхандаа жарган баясна. Бүрнээгийнх зах зээл болон нутаг бэлчээртээ зохицуулан хөдөлмөр хүч дутагдалтайгаас болж цөөн хэдэн үхэр үлдээж хониор голлосон нэг төрлийн мал маллахаар болж, өнөөг болтол 300 гаруй хаврын төл тосож бойжуулсан байна.
 

Зохиогч: Х.БУЯНДЭЛГЭР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл