
Түүний бичсэн уран бичлэг болон зурсан зургууд нь гэрийнхээ ханыг дүүргэж, түүний сийлсэн сийлбэрүүд нь цонхны тавцанг нь дагаад ярайн харагдах нь хөдөөгийн тэр богино саравчит гэрийг нь ер бусын гоо үзэсгэлэнтэй болгон чимжээ.
Яаж нэг хүнд ийм олон авьяас чадвар заяадаг байна гэж бодоход өөрийн эрхгүй бишрэл түрүүлж сурвалжилгаа эхлүүлсэн маань энэ билээ. Хан уулынхаа сүрийг шингээсэн бие цогцостой, хангай нутгийнхаа уудмыг багтаасан оюуны цээжтэй энэ хүн наян таван насыг хүрсэн боловч наргиа хөөрөөтэй хэвээрээ байсан нь бидэнд их олзуурхал болж санагдав. Хүүхэд нь бүр ажил албатай хотод амьдрахад Агтунга буурай агаарын цэврийг амьсгалж, амар сэлүүхэн байх гэж хөгшинтэйгээ хөдөө гэртээ суудаг нь энэ ажээ.

Соёл мэдлэг сурч нийгэм нийтэд үйлчилсэн нь
Хөдөлж барих нь хөнгөн шингэн, хэлж ярих нь хүнгэнэм тод энэ өвгөн Зарууд баруун гарын хошууны Баянбулаг (Одоогийн Гэрчулуу сумын Баянбулаг баг)-т нялхын дуугаа цуурайтуулж, Вангийн ордны зарц явсан аав Мандаа, ээж Налжармаа хоёрын үрийн ганц хүү нь болж заяажээ. Аав нь Зарууд баруун гарын хошууны Вангийн ордны түлээчин байсан гэдэг. Долоохон настай байхад нь ээж нь өвчнөөр нас барснаар Агтунга аавтайгаа Вангийн ордонд зарцлагдаж, шар өдөр бор хоногийг өнгөрөөж байжээ. Өдөр бол цай, ус зөөх, газар шүүрдэх, нүүр гар угаасан ус асгах мэтийн аар саар ажлыг хийхийн зэргэцээ Вангийн гуравдугаар хүү Содномын морь, нохой нь болж, түүнийг саатуулна (Вангийн хүүг дээрээ унуулаад амандаа хазаар хийлгээд мөлхөх буюу хав хав гэж нохойг дууриан хуцна). Үдэш бол тогооч байсан Говруу маамын хөлийн үзүүрт нь шургаж ороод унтана. Арван нас хүртэл Агтунгын амьдрал ингэж л үргэлжилж байв. Тэр үеэсээ зураг зурж, хайчилмал хайчилж модонд нааж тоглодог буюу эрдэнэ шишийн иш сүрлээр үхэр, морь, тэмээ зохиож унаж тоглодог байсан Агтунгыг энэ талаар төрөлхийн авьяастай хүүхэд гэж үзсэн бүхэн магтдаг байжээ.
10 настай жилийнхээ намраас нь тухайн үеийн хошууны Вангийн бичээч байсан Гомбованжил нагац өвөөгийнхөө гэрийн сургуульд бичиг сурч, үсэг бичигтэй танилцжээ. 1949 оны 08-р сард Лүбей бүрэн бага сургуулиас төгсөн, арван зургаатай Агтунга тухайн үеийн Мод нутгийн Харчулуу багийн бага сургуульд ажлын гараагаа эхлүүлэн улсын албатан болжээ. Түүний дараа бас Өндөрхад, Баримт, Алагхад зэрэг хэдэн багаар багшилж байснаа 1950 онд Мод нутгийн Засгийн газрын Эвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогджээ. 1953 онд ХКН-ын Зарууд хошууны хорооны Тамгын газрын нарийн бичгийн ажилд шилжиж, Тариалан, мал аж ахуйн хэлтэс гэх мэтийн албан байгууллагуудад бүтэн 10 жил ажиллажээ. Энэ хугацаанд сурахыг хүссэн их хүсэл, бүтээхийг зорьсон оролдолготой Агтунга сургуульд сураагүй зүйлээ эзэмшихээр чөлөөт цагаа ашиглан монгол, хятад бичгийг гүнзгий суралцжээ.

1961 онд Агтунга ХКН-ын Баянбулаг бригадын хорооны дэд нарийн бичгийн даргаар томилогджээ. Хаана хүрч ямар ажил хийсэн ч бичиж зурахаа хаядаггүй нь түүний сурсан заншил болжээ. Нэг их удаагүй сайхан бичдэг хэмээн нэрд гарсан түүнийг Өвөр Монголын Өдрийн Сонины Монгол хэвлэлийн хоёрдугаар нүүрний редактороор урин ажиллуулав. 1964-1970 он болтол Өвөр Монголын Өдрийн Сонинд ажилласан Агтунга Жирим аймгийг Гирин мужид харьяалуулсны дараа гуйчлал гаргаж байгаад нутагтаа буцаж ажиллажээ. Тухайн үед ХКН-ын Зарууд хошууны хорооны Ухуулах хэлтэс түүнийг ажилд авах гэсэн боловч тэр хөдөө ажиллах санаачилга гаргаж мөн Баянбулаг сумандаа буцаж ажиллаад 1985 онд тэтгэвэртээ гарчээ.
- Угаас уран бичлэг бичих, уран зураг зурах дуртай байсны дээр ажлаасаа амарсан болохоор цаг зав ихтэй болж, зүгээр суухаар зүлгэж сууя хэмээн зориг, зорилго нэгтгэж бийр бэхтэй суусаар өнөөг хүрчээ хэмээн Агтунга гуай өөрийнхөө тухай ярьж байлаа.

Бийр бэх нийлүүлж бүтээл гаргасан нь
1956 оноос тэр өөрийн бодсон зүйлсээсээ эхлээд хажуу хавьд болж байгаа хэрэг явдал зэргээс сэдэвлэн бичээд “Жиримийн сонин”, “Өвөр Монголын Өдрийн Сонин”, “Хун галуу” гэх мэтийн сонин, сэтгүүлд нийтлүүлж эхэлжээ. Жишээлбэл тухайн үед Зарууд наймдугаар нутгийн Салаа багт “Цацралт хоршоожил” хэмээх мал аж ахуйн анхан шатны хоршоо байгуулагдахад ХКН-ын Зарууд хошууны Хөдөө аж ахуйн хэлтэст ажиллаж байсан Агтунга “Тал нутагт цацарсан цацралт мал аж ахуйн хоршоо” гэх мэдээлэл бичиж 1956 оны 06-р сарын 18-ны “Жиримийн өдрийн сонин”-д нийтлүүлжээ. Түүний сонин, сэтгүүлүүдэд мэдээлэл бичих аян ингэж эхэлсэн бол 1999 оны “Жиримийн уран зохиол”-ын 06 дугаар сарын дугаар дээр нийтлүүлсэн “Тэнхлэгийн гол” гэх шүлэг нь түүний шүлгийн урмасыг нь хөглөж, бийрийн үзүүрийг нь хурцалжээ.
- ХКН-ын Зарууд хошууны хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст ажилласан тэр хэдэн жилд би хоршоо байгуулах гэж Тэхийн ханы хормойноос Алтай манхын ар хүртэл төрсөн нутаг Заруудынхаа айл өрх болгоноор явж үзсэн. Ажлын зав чөлөөгөөрөө ардынхаа дундаас аль болох олон хачин сонин зүйлсийг сурвалжилж тэмдэглэж явсан минь надад их тус болж намайг уран зохиол, урлагийн замд оруулсан. Миний энэ өдрийн ярьж байгаа үлгэр түүх бүхэн тэдгээр настан буурлуудаас өвлөсөн нандин өв бөгөөд бичиж байгаа зохиол бүхэн миний үзэж харсан амьдралаас сэдэвлэсэн гээд Агтунга гуай бидэнд өөрийн бичсэн бүтээлүүдээ гарган үзүүлэв.
Тэрээр “Жиримийн сонин”, “Жиримийн уран зохиол”, “Өвөр Монголын Өдрийн Сонин”, “Залуучууд”, “Өнөр цэцэг” зэрэг сонин, сэтгүүлд 100 гаруй мэдээлэл, 30 гаруй шүлэг, уянга нийтлүүлжээ. Түүний бичсэн “Шуурганы дунд” гэх тууж, “Заруудын ураг хурим”, “Бансан сүмийн түүх”, “Арван зүгийн эзэн Гэсэр богд арван хоёр толгойтой арзагар мангасыг дарсан домог” зэрэг нь уншигчдын өндөр үнэлгээг хүртжээ. “Заруудын домог” гэх номд хамрагдаж орсон 267 домгийн 32 нь Агтунгын эмхтгэн цуглуулсан домог бөгөөд мөн тэрээр “Заруудын нэрт хүмүүс” гэх номын дэд ерөнхий редактороор ажиллажээ. 200 мянган үг бүхий “Мөнгөн цагаан гэрэл” (2012 онд Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн хорооноос хэвлэв) гэх роман туурвиж нийтэлжээ. Түүний голлон редакторлаж бүтээсэн 100 гаруй мянган үгтэй “Зарууд хошууны түүх соёлын ул мөр” гэх ном нь 2018 оны 04-р сард Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хорооноос хэвлүүлж, 2018 оны 06-р сарын 02-ны өдөр ХКН-ын Зарууд хошууны хорооны Ухуулах хэлтсээс тус номын баярыг тэмдэглэжээ.

Зураг, хөрөг, зурхай зэргийг сурч эзэмшсэн нь
Хар багаасаа зураг зурах дуртай тэрээр урьдаар зургийнхаа сэдвийг тогтоож, харандаагаар зурж, дахин дахин засаж бүрэн бүтэн болгосны дараа дахин усан бийрээр зурж, хамгийн сүүлд нь будна. Будсан зургаа Лүбей сууринд аваачин тусгай зураг зохиох газарт скайнердаж хэвлэнэ. Энэ бол түүний зургийн бүтээл гаргах бүх явц. Ингэж тэр томоохон зургийг бол нэг долоо хоногийн хугацаанд, жижиг зургийг хоёр гурван хоногт зураад гаргана. Одоог болтол тэрээр том жижиг хэмжээний 60 гаруй зураг зурж, бусдад бэлэглэсэн томоохон зургийн тоо 20 гаруйд хүрчээ. Зурсан зураг бүрдээ уран бичлэг хавсаргасан Агтунгын бүтээл өвөрмөц онцлогоо хадгалж агуулга, утга санаагаа бүрэн илрүүлж байдаг.
- 1986 оны үеэр хошуунаас Баянбулагийн Бансан сүмийг сэргээн байгуулж, Шааньси мужаас хоёр мэргэжилтнийг урьж, сүмийн доторх бурхан бүтээх ажлыг даалгаж, ажлаасаа амарсан намайг туслуулахаар болсон. Тэгээд би Баянбулагийн Усан-Эх хэмээх газраас бурхан бүтээхэд хэрэглэх улаан шороог нь олж өгөөд, тэднийг дагаж шавраар бурхны хөрөг бүтээх, бурхны тайз хийх ажилд оролцож байсан хэмээн Агтунга бурхны хөрөг хийж сурсан тухайгаа ярилаа.
Уран гар, урлан сэтгэхүйтэй Агтунга шавраар хөрөг хийхийг сурснаар үл барам, амьд сайхан зүйлсийг бүтээхээр оролддог болжээ. Тэрээр таван хошуу малыг дүрслэг сайхан бүтээж чадахаар барахгүй, мал аж ахуйн орны бух, чоныг айлгаж байгаагаар бүтээдэг. Баянбулаг сургуулийн хүрээнд гурав гаруй метр өндөр Лү Шюний хөргийг бүтээжээ. Баянбулагийн ахмадын асрамжийн газрын үүдний хоёр арслангийн хөргийг цементээр хийжээ. Уран бүтээлээ цаг үеийн байдалд зохицуулахыг юунаас ч эрхэмд үздэг. Жишээлбэл, 1997 оны 07-р сард Хонконг эх улсдаа буцан ирэхийг бэлгэдээд Дэн Сяопинг тамихаа татаж, Хатагтай Сачертай хэлэлцээ хийж байгаа, эх хүү гурав Хонконгийг угтаж байгаа гэх мэтийн санааг агуулсан хөргийг бүтээв. Шавраар сойздоод, усаар шүүрүүлсний дараа муутуу цаас хольж нухаад, гараараа барьж хатаана. Хатаасны дараа цавуугаар угааж, гадуур нь дахин будаж нэг бүрэн бүтэн хөрөг болно.

Тэрээр мөн зурхайд мэргэшиж, ойр хавийн гэр барих, хурим хийх зэрэг олон үйл явдалд эрж хайж ирэх, өдөр үзүүлэх буюу зүг чиг заалгах нь олон. Энэ бүхэн тэр хэзээд мөнгө, төгрөг авдаггүй бөгөөд хүнд зовууртай хүмүүст чадлынхаа хэрээр тусалдаг. Өнөөгийн сууж байгаа Цагаалж багтаа нүүж ирсэн 20 гаруй жилийн хугацаанд жил бүрийн 06-р сарын 01-ний хүүхдийн баяраар бага сургуулийн хүүхдэд бийр, цаас, боов боорцог худалдан авч өгдөг. Зөвхөн 2018 оны цагаан сараар тэрээр Цагаалж багийн 18 ядуу буурай айлд тус тус 200 юань хандивлажээ. Энэ мэтээр замаар тааралдах бадарчинд ч хоосон өнгөрүүлдэггүй нь Агтунгын өрөвч зөөлөн сэтгэл, үнэнч цайлган монгол зан.
- “Тэхийн ханы шуурга” хэмээх бас нэгэн шинэ роман бичихээр төлөвлөөд 100 гаруй нүүр бичээд байна. Зураг, хөргөө ч үргэлжлүүлэн зурж бүтээж л байна. Өтөлж мунахгүй цагт бийрээ хаяхгүй. “Мэлхийн шээс далайд нэмэр” хэмээх үг байдаг. Миний хийсэн зүтгэсэн бүхэн үндэстний минь утга, соёлд бага ч гэсэн нэмэр болбол миний хүсэл биелэх нь тэр хэмээн сурвалжилга өндөрлөх үеэр Агтунга өвгөн учирлан ярилаа.
Хуниас татсан магнайд нь оны мөр тодрон, бууралтан цайрсан санчигны үсэнд нь ухааны совин харагдах Агтунга буурлын бие эрүүл саруул, билиг оюун нь хурц байхыг зөгнөсөөр бид тэндээс аяарлав…
