
Хүн төрөлхтний Соёлын Биет Бус Өвийн төрөл “Монгол морин хуур” хөгжмийн язгуур мөн чанарыг сэргээх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан оролцож буй МУСТА, морин хуурч Батболдын Баттулгыг хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн анхны Залуу Өвлөн Залгамжлагчаар өргөмжилснийг 06-р сарын 20-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.

ЮНЕСКО-ийн анхны Залуу Өвлөн Залгамжлагч хэмээх хүндэт өргөмжлөлийг хүртсэн МУСТА, морин хуурч Б.Баттулга мартагдаж буй уламжлалт ширэн цартай, хялгасан чавхдастай морин хуур хөгжмийн үнэлж баршгүй ач холбогдлыг ухааран ойлгож, Төрт ёсны уртын дууны өвтэй уялдуулсан байна. Тэрээр Төрт ёсны гүн ухаан, хүндэтгэлийн уртын дууг зөвхөн ширэн цартай, хялгасан чавхдастай морин хуур хөгжимтэй хавсаргах нь нэн илүү тохиромжтой гэдгийг өөрийн ур чадвараараа батлан харуулж чадсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 02-р сарын 11-ний өдөр гаргасан Үндэсний бахархал, үнэт баялаг болсон Морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх тухай Зарлигийн дагуу МУСТА, морин хуурч, Залуу Өвлөн Залгамжлагч Б.Баттулга Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт Төрт ёсны уламжлалт гүн хүндэтгэлт морин хуур хөгжмөө залах ажлыг анх санаачилж байсан билээ. Энэхүү үйл явдал нь Хятад улсад Монгол Улсаа төлөөлж суугаа төрийн байгууллагуудаас анх удаа Хөххотын Ерөнхий Консулд Төрт ёсны уламжлалт гүн хүндэтгэлт морин хуур хөгжмөө залснаараа онцлог болж байлаа.

Үндэснийхээ Соёлын Биет Бус Өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал.
Ийнхүү Соёлын Биет Бус Өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн МУСТА, морин хуурч, Залуу Өвлөн Залгамжлагч Б.Баттулга 2014-2018 онд Хөххотын Урлагийн дээд Сургуульд морин хуурын багшаар уригдан ажиллаж байсан юм.

Дашрамд сонирхуулахад 2003 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцыг, мөн 2005 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулганаар “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай” Конвенцыг тус тус батлав. Эдгээр Конвенцод Монгол Улс 2005, 2007 онд нэгдэн орсон байна.



