solongonews
Уран хошуут ямааны тухай өгүүлэхүй
2017-04-20 16:12
Ямаа бол салаа туурайтай адгуусны төрөлд хамрагддаг хурц сэргэг, хурдан шаламгай, хоншоор уран адгуус бөгөөд бэлчээрийн соргог шимтэйг идэн, усны ариун тунгалгийг уудаг.

Алиа дэгжин, уул бартаагаар авирах дуртай, сонорч, үнэрч, цэвэрч, уулын газар маллахад маш тохиромжтой амьтан аж.

Ямаа төлжиж өсөх нь түргэн байдгаас монголчуудад “Яарвал ямаа малла” гэсэн үг байдаг. Ямаа идэж уух нь бага, тарга тэвээрэг авах нь түргэн, ганд тэсвэр сайтай, хахир хүйтэнд өлчир байдаг мөртөө сүргээ дагуулж, жавар шуурга сөргөж бэлчдэг билээ. Их салхи шуурга тохиолдоход уруудаж буухгүй сүргээ дагуулан гэртээ мэнд буцан ирдэг онцгой чадвартай тул хэзээд эзнийхээ хайрыг хүртдэг юм.

Монголчууд ямаа маллахдаа хоньтойгоо хамт малладаг заншилтай. Ахмад буурлууд сүрэгт ямаа олдвол хонь тарга тэвээрэг авахад нөлөөлнө гэдгээс ямаа сүрэгтээ 10-20 хувийг эзлэх нь зүйтэй. Мөн эртнээс ямаагаа арчлан маллаж, үр ашгийг нь хүртсээр ирсэн. Ямааны ноолуур нарийн нягт, зөөлөн харимхай чанар сайн учир монгол нутгийн “Цагаан алт” гэсэн нэртэй юм. Хаврын гачиг цаг “Ногоо ч үгүй, цагаа ч үгүй” бэрх байхад гар үзүүр зарах мөнгөтэй болгож эзнээ баярлуулдаг байлаа. 80-аад оны сүүл үеэс 90-ээд оны сүүл үе хүртэл ямааны ноолуурын үнэ жил дараалан өсч, килограмм бүрдээ 400 гаруй юаньд хүрч байсан түүхтэй аж. Ийнхүү ноолуурын ханш нэмэгдсэнээр ямааны тоо толгой ч жил дараалан нэмэгдэж, сүрэгт эзлэх хувийг шинээр бичсэн байжээ. Шинэ мянганы оноос хойш хэдэн жил дараалан ган болж байгаль орчин эвдэгдэн шороо тоос дэгдсэний гол шалтгаан бол малын тоо толгойг хэт хөөцөлдөж, малын туурайнаас болов гэж дүгнэн, ямааг гол дайсан болгож ялд унагав. Энэ том ялаасаа болж ямааны хувь заяа хазайж, хэдхэн жилд тоо толгой нь хасагдаж, өнөөдөр болоход үгүй болох хэмжээнд хүрээд байна.

Ард түмний дунд билгийн найман сарын ямааны мах эм гэсэн хэллэг бий. Наймдугаар сар бол цэцэг жимс боловсорсон цаг бөгөөд ямаа их хэмжээний цэцэг жимс иддэгээс мах нь шим тэжээлтэй, эмийн чанартай болдог гэж үздэг. Иймээс энэ үед ямааны шөл уух айл өрх олон болдог. Ердөө ямааны мах тослог бага бөгөөд шим тэжээл сайн, шингэхэд хялбар. Ихэнх айл идэш хүнсэндээ хэрэглэсэн цөөн ямааны махаа өлгөж хатаагаад хавартаа иддэг. Ямааны мах хатвал сэрүүн чанар нь өөрчлөгддөг хэмээн ахмадууд хуучилдаг байсан. Ямааны арьсыг элдэж боловсруулан нэхий хөнжил дэвсгэр оёж хэрэглэдэг. Ямааны арьсан эдлэл хэрэгсэл хөнгөн бөгөөд дулаан байдгаараа онцлог. Нэхий хаврын нойтон цас шуурганд норж дааруулахгүй. Ямааны сүүгээр айраг тараг исгэн ууж, цагаан идээ боловсруулж болно. Ямааны сүү үнээний сүүтэй адилхан бөгөөд хонь ямаагаа саахдаа хойно өмнө зэргэлдээ суугаа айл саахалтаараа цугларч хурга ишгээ зөрүүлж салгаад саадаг билээ.

Монголчууд эрт дээр үеэс ямаа маллаж, ашиг шимийн гаралтыг нь боловсруулсаар ирсэн түүхтэй. Ийнхүү үгүй болох аюултай байгаа уран хошуут ямаа минь малчин түмэндээ хэчнээн их ашиг орлого олгож байгаа байсныг мэдэж болно. Сүүлийн жилүүдэд ямааны тоо толгой их хэмжээгээр багасаж, ямаа ховордохоор ямаатай холбоотой соёл заншил орхигдон мартагдаж, хойч үеийнхэн мэдэхгүй,ойлгохгүй болсонд миний сэтгэл эмзэглэдэг аж.

Уран хошуут ямаа минь өсөн үржих болтугай!

Зохиогч: ҮХЭРЧИНХҮҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл