solongonews
Арьс ширний нарийн боловсруулалт зах зээлийн өргөн боломжийг нээнэ
2018-03-29 13:09
Арьс ширний нарийн боловсруулалт зах зээлийн өргөн боломжийг нээж байгаа аж.

Бид малынхаа ашиг шимийг нарийн боловсруулж, бүтээгдэхүүн болгохгүйгээр шууд түүхий эдээр нь борлуулж байснаас болоод үнэ даахгүй болов. Ялангуяа сүүлийн хоёр жил хонины арьсны үнэ ханш маш ихээр буурч зах зээлгүй болж, малчид гар нухлан гачигдаж, хонины арьсаа хогийн овоонд хаях, цаашлаад зарим нь шатааж хаясан байдаг. Ийнхүү арьс шир хаягдмал эд болох шахсан энэ үед Шилийнгол аймгийн хэсэг малчид арьс ширээ нарийн боловсруулж, хэрэглэгчдийн шаардлагыг хангаж борлуулалтаа ахиулснаас хаягдмал болох шахсан арьс ширийг дахин үнэ хүргэж чаджээ. Манай монголчуудын эрт дээр үеэсээ уламжилж ирсэн малынхаа ашиг шимийг бүтээлчээр ашиглаж үйлдвэрлэл амьдралдаа үйлчлүүлж байсан сайхан уламжлалыг дахин сэргээн хөгжүүлсэн билээ.

Арьсыг идээ ундаанд ашиглаж байгаа нь

Манайхны хэсэг малчид одоогоор арьсаа уламжлалт аргаар буюу шинэ маягаар нарийн боловсруулж, нэхий, арьсан урлалын бүтээгдэхүүн, арьсан цаас, хонины арьсан бууз, уурагт бордоо гэх мэтийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гарган борлуулаад хэрэглэгчдийн таашаалд хүрч байна. Онцлон дурдахад Сөнид зүүн хошууны Хонгор сумын Шүрцэнт багийн малчин Улаангэрэл 2015 онд хонины арьсыг хуйхлах буюу зумлах аргаар нарийн боловсруулан, бууз хийж зах зээлд гаргажээ. Хонины арьсаар хийсэн бууз нь шүүстэй, амт шимт сайтай байдгаараа хэрэглэгчдийн таашаалд хүрч, Шилийнхотын хэсэг хоолны газар, хувь хүн захиалан авдаг ба Хөлөнбуйр хотоос ч тогтмол захиалга ирдэг болжээ.

Арьсан эдлэл

Шулуун хөх хошууны “Найман шарга” арьс ноос боловсруулах үйлдвэрийн малчин залуу Шижир, Хорвоо нарын уламжлалт аргаар боловсруулсан арьсан цаас нь борлуулалт сайтай байгаа аж. Энэ нь малчдын малын арьс ширний борлуулалтад шинэ зам нээж өглөө. Тус үйлдвэр нь 2016 оны 10-р сард байгуулагдаж, арьс, шир, сур элдэх, чөдөр мушгих, ногт зангидах, арьсан дээл оёх, авто машины арьсан суудал оёх, эсгий хийх, эсгий оймс улавч оёх, арьсан зураг зурах, арьсан шошго хаяг, арьсан цүнх зэргийг урлахын зэрэгцээ бүх төрлийн арьсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байна. Ялангуяа тэдний үйлдвэрлэсэн арьсан цаас нь удаан хугацаанд хадгалж болох агаад өнгө будаг суулгахад тод сайн буудаг байна. Арьсан цаасан дээр урласан урлагийн бүтээл нь бусдын нүдэнд онцгой сонин сайхан харагддагаас арьсан цаас нь зах зээл дээр борлуулалтын өргөн орон зайтай байгаа юм.

Арьсан урлал

Зүүн Үзэмчин хошууны Ши Нин мал аж ахуйн ашиг шимийг судлах компанийн захирал Шинэбаяр хонины арьсаар өндөр уурагт шингэн биет органик бордоо судлан бүтээжээ. Хонины арьсыг усанд хийж физикийн аргаар шингэн болгон байгалийн өндөр уурагт органик бордоо болгон боловсруулжээ. Хонин нэг арьсаар 4 килограмм органик бордоо үйлдвэрлэдэг байна. Тус бордоо нь шингэн биет болохоор хөрсөнд шингэхдээ маш сайн. Ургамлын иш навчинд шүршихэд шаардлагатай шим тэжээлийг шууд өгдөг аж. Савлан зөөвөрлөхөд хялбар бөгөөд цэвэрхэн. Иймээс хонины арьсаар үйлдвэрлэсэн өндөр уурагт шингэн биет органик бордоо ашиглалтад оруулбал малчдын орлогыг нэмэгдүүлэхээр барахгүй тариалан үйлдвэрлэлийн бохирдолгүй хөгжлийг нэмэгдүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Хонгор багийн малчин Баянжаргал 2017 оны 04-р сараас эхлэн малчдаас 300 гаруй арьс шир авч, уламжлалт аргаар элдсэн сур, нэхий болгон худалджээ. Ингээд 3, 5 юаниар ч авахгүй болсон хаягдмал шахам болсон хонины арьсаа дахин үнэ хүргэж чаджээ. Үүнээс гадна Хөвөөт шар хошууны Баянтөл суурингийн Ханангол багийн малчин Цэцэнбаатар гаднын мужаас элдсэн арьс худалдан авч, зодог, бөхийн гутал, арьсан гутал оёж худалдан өндөр орлого олсон бөгөөд арьс ширний үнэ өртгийг бүрэн гүйцэд харуулсан байна. Малчдын бүтээлч сэтгэхүйгээр бүтсэн эдгээр арьсан бүтээгдэхүүн зах зээлд хөлөө олж чадсанаас үзэхэд арьс ширээ нарийн борлуулах юм бол хаягдал болох асуудлыг өөрчилж чадна гэдгийг бид бүхэн эндээс харвал зохино.

Бид арьс ширийг нарийн боловсруулж борлуулахтай адил таван хошуу малынхаа ашиг шимийг бас нарийн боловсруулж, хэрэглэгчдийн шаардлагад зохицуулан нарийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, зах зээлд гаргах хэрэгтэй байна. Бүдүүлэг хангалтын бүтцэдээ өөрчлөлт хийж, нарийн бүтээгдэхүүн болгон борлуулбал үнэ хүргэж чадна гэдгийг малчдын бүтээлч үйл явдал бүрэн гүйцэд гэрчлэх аж.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл