solongonews
Хүн, мал, нутаг амь нэгтэй
2018-08-07 17:07
Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Баян-Уул багийн Ногоон шоогийн бэлчээрт ижилхэн зүсмийн симентар үхэр сүрэг тавтай идээшилнэ.

Тус багийн малчин Оюундалайгийн үхэр сүрэг ийнхүү таатай бэлчиж байгаа аж. Малчин Оюундалай тарга сайтай үхэр сүрэг болон ногоорон сэргэж байгаа бэлчээр нутгаа харан сэтгэл нь баясан өөрийн сонголтоо зөв хэмээн залбирдаг билээ.

Оюундалайгийн аз жаргалтай гэр бүл

Малчин Оюундалай шилдэг үүлдрийн симентар үхэр маллаад хоёр гуравхан жил болж байгаа. Үзэмчин нутгийн залуу үеийн шилдэг малчин Оюундалай анх айл гэр болсны дараа малчдын адил мөн л орон нутгийн шилдэг үүлдэр болох үзэмчин хонио маллаж байсан. Үзэмчин нутгийнхан дөрөө шүргэм бэлчээр нутагтаа үеийн үед адуу малаа маллаж явахдаа үзэмчин хонь гэдэг өөх махны гаралтаараа дэлхийд тэргүүлдэг шилдэг үүлдрийг сонгосон байдаг. Үйлдвэрлэл амьдралын хэрэгцээний голыг бүгдийг үзэмчин хониноосоо авдаг болохоор үзэмчин нутгийнхан үзэмчин хониндоо их ээлтэй байдаг. Үзэмчин хонь тэсвэр сайтай, өвлийн хүйтэн -40 градус хүрсэн ч энгийн маягаараа бэлчээрлэж, цас шуурганд дарагдаад 10 хоног тэжээл өвс олж идэхгүй ч өлбөрдөггүй болохоор үзэмчин малчид үзэмчин хонио маллах онцгой дуртай. 

Малчин Оюундалай үзэмчин хонины малч эзний нэг болсны хувьд үзэмчин хонио маллаж өсгөж үржүүлсээр ирлээ. Мянгаар тоологдох малтай болно гэдэг малчин хүний нэгэн бахархал болдог учир малчин Оюундалай ч өөрийн хонин сүргээ мянга давуулж, мянган малтай шилдэг малчин болно хэмээн зүтгэж явсан. Тэрээр үзэмчин хонио өнөр өсгөх гэж өөрийн 5000 мү (1 га 15 мүтэй тэнцэнэ) нутагтаа өрөөлийн 4000 гаруй мү нутгийг түрээслэн авав. Өвлийн цас зудад мал сүргээ мэнд онд мэнд оруулах гэж өвс бордоо хүрэлцээтэй бэлтгэн, хашаа саравчны бүтээн байгуулалтаа сайжруулав. Хаврын төл малын цагт идэж уухаа умартан, гэр хорооны хооронд гүйж илүү хэдэн төл тосохоор хичээж явсан. Малын ус ундны асуудлыг тохитой шийдэхээр том хөрөнгө оруулалт хийж худаг ус гаргав. Үзэмчин хонио өсгөхийн тулд тэрээр ингэж нөр их хүч хөдөлмөр гаргаснаар тэдний хонин сүрэг жилээс жил өсөж, 1300 гаруйд хүрч, малчин Оюундалай мянгатын эзэн болох мөрөөдлөө биелүүлсэн юм.

Оюундалайгийн үхэр сүрэг

Гэхдээ хонин сүрэг нь мянга давсан баяр бахархлыг дагаад том аюул учирсан нь малчин Оюундалайг маш их зовоов. 2015 оны зуны нэгэн өдөр Оюундалай хонио хариулж явахдаа хонины явсан мөрөөр нарийн тоос гарч байгааг хараад гайхаж, нутаг бэлчээрээ сайн ажиж үзвэл өвс бэлчээр өмнөхөөсөө сийрэгжиж, зарим хэсэг газар нь бүр халцгайрах шинж орсон байв. Өмнөх сайхан бэлчээр ус минь яагаад ингэж өөрчлөгдөв? Сүүлийн жилд хур бороо бага ган гачиг болсных гэж үү? Аль эсвэл малын тоо толгой олон болж, бэлчээрийн даацаас хэтэрснээс болов уу? хэмээн тэрээр олон дахин бодож үзээд эцэстээ нутаг бэлчээр муудсан нь олон талын шалтгаан болохыг ухаарав. Оюундалайгийн бодлоор өмнө нь жилийн дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр ус эвдэгддэггүй байсан. Гэтэл одоо нутаг бэлчээрийг хувь өрхөд хувааж, хэмжээтэй нутаг дээр мал маллах болсноор мал бэлчээрийн тэнцвэр маш чухал болжээ. Мал маллахад нутаг бэлчээр хэрэгтэй, нутаг бэлчээрээ сайн хамгаална гэвэл мал бэлчээрийн тэнцвэрийг батлах хэрэгтэй гэдгийг бодит байдлаас гүн гүнзгий олж харсан болохоор Оюундалай мал сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийхээр шийдэв. - Малчин хүний хувьд нутаг мал хоёр суурь болж, энэ хоёрын аль нэг нь дутагдаж болдоггүй. Тиймээс мал аж ахуйгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүн малын амин тэжээл болсон нутаг усаа ч хайрлаж хамгаалж явах нь зүй ёсны хэрэг гэж малчин Оюунталай ярьж байлаа.

Тэгвэл яаж нутаг бэлчээрээ хамгаалж, ашиг орлогоо ч нэмэгдүүлж чадах вэ? Энэ асуудал малчин Оюундалайгийн олон өдөр хоног зовоосон асуудал болсон юм. Эдийн засаг, байгаль орчны хос ашиг хүртэх тухай олон дахин бодож, өрөөлийн авч байгаа арга зам, амжилт туршлагаас суралцан эцэстээ хонио цөөлж, үхэр маллах замаар явахаар зориг шулууджээ. Ингээд Оюундалайгийнх хонио цөөлөн 200 гаруйг л үлдээж, шилдэг үүлдрийн симентар үхэр худалдан авч, 2017 онд 70 эх малтай болсон байна.

 6 сар болж байгаа тугал        

Малчин Оюундалай 70-аад үхрээ өнгөрсөн жилийн 11-р сарын сүүлээс энэ жилийн 05-р сарын сүүл болтол хагас жилийн хугацаанд бэлчээрт бараг л гаргаагүй байна. Эхний хоёр сар сүрлээр тэжээж, дунд хоёр сард нарийн бордоо өгч, сүүлийн хоёр сард ногоон даршаар тэжээсэн байна. Ингэснээр өвс тэжээлийн зардлаа хэмнэн, хагас жилд нэг үхэрт дунджаар өвс тэжээлийн зардалд 1300 гаруй юань зарцуулсан байна. Өвсний үнэ өсөж байгаа үед малчин Оюундалай ингэж өвс бордооны зардлаа хэмнэн мал аж ахуйн өөрийн өртгийг бууруулснаар мал аж ахуйн үр ашиг аяндаа дээшилсэн байна.
Хөдөө талын уудам бэлчээртээ тавтай бэлчих үхэр сүрэг тарга сайтай харагдана. Энэ жил 50-иад тугалтай, эрт төрсөн хэдэн эр тугалаа малын захад аваачиж худалдахад хоёр нь тус бүрдээ 12000 юаньд хүрч, тав нь тус бүрдээ 10 мянган юаньд хүрчээ. Долоохон тугал зараад л үхэр сүргийнхээ бараг жилийн зардлыг олно. 

- Шилдэг үүлдрийн үхэр маллахад малаа үнэ хүргэхийг бодохын хамт мал аж ахуйн өөрийн өртгийг бууруулах талаар илүү арга ухаан сүвэгчлэх хэрэгтэй. Бид мал аж ахуйн өөрийн өртгийг бууруулах талаар тохитой арга хэмжээ авснаар мал аж ахуйн ашиг ч аяндаа нэмэгдэж ирсэн гэж Оюундалай өөрийн туршлагаа ярьж билээ.

Саяхан малчин Оюундалайтай утсаар холболдоход тэрээр: - Малаа цөөлж, нутаг бэлчээрийн ачааллыг хөнгөлснөөс нутаг бэлчээр өдөр ирэх тусам сайжирч байна. 2000 мү нутагтаа төмөр тор татан хадлангийн талбай болгосон. Жилийн өнгө сайн бол хадлан гарна хэмээн ярьж байсан юм. Хүн мал нутаг амь нэгтэй гэж үздэг малчин Оюундалай малын тоо толгой нэмэгдэж, бэлчээр ус нь муудах аюулд тулгарахад ингэж шинжлэх ухаанч мал аж ахуйн арга замаар замнаснаар экологи, эдийн засгийн хос ашгийг хүртэж чадсан байна.

Орчин үеийн малчин хүн гэдэг ийм л байх ёстой.

Зохиогч: Цэцэг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл