solongonews
Үзэсгэлэнт Үзэмчин нутаг сэтгэлд аргамжаатай
2017-08-23 16:21
Хоргой дурдан торго өнгө өнгөөр дэлгэгдсэн юм шиг тал нутгийн гайхмаар үзэсгэлэнт байгаль гантай зун ч үзэмжээ алдаагүй сайхан байлаа. Зон олны агуу сайхан зочломтгой соёл ч монгол зангаараа тэнүүн сайхан байгаад миний өчүүхэн энэ сэтгэл аяллын турш баяр хөөрөөр бялхаж явлаа.

  Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонго аялал”-ын гурав дахь удаагийн аялал Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны малчдын амьдралтай танилцах байлаа. Миний бие энэ удаагийн аялалд хамрагдаж хэзээ ч мартагдашгүй гэгээн дурсамжтай долоо хоногийг ёстой л ганзага нийлсэн гэдгээр зан, зам нийлсэн ах, эгч нартайгаа үдсэн юм. Бидний зочилж, ажил амьдралтай нь танилцсан Зүүн Үзэмчин хошууны малчин айлууд, ажил хөдөлмөр эрхлэгчид халуун дотноор хүлээж авч байсан билээ.

Хамгийн анх очсон айл Хүрээт сумын Баяннуур багийн малчин Зоригт ахынх юм. Олон жилийн хавар намрын салхинд борлосон хөрслөг царайнд нь хэзээний л танил юм шиг халуун дотноор инээмсэглэхэд магнайн үрчлээс бүр нь малчин хүний жаргал, зовлонг өгүүлэх мэт. Гэргий Сарнай эгч хурдан түргэн хөдөлгөөнтэй их ажилсаг эмэгтэй, гарын хоол нь тун ч амттай. Тэднийх их тохилог амьдардаг бүр интернэттэй. (WiFi) Хөдөөний айл гэхэд хотын айлтай адил амьдардаг.

Дараагийн өдөр Улиастай суурингийн Энхжаргалан багийн малчин Батнасан ахынд очлоо. Бууриа сэлгээд удаагүй байсан бөгөөд мөн л их тохь тухтай, залуу хүмүүс гэхэд их л ажилсаг гэр бүл байлаа.

Мөн бид хошууны төвдөө бие даан бизнес эрхэлж буй малчид хийгээд сургуулиа дүүргээд төрсөн нутагтаа ирж бизнес эрхэлж байгаа залуусын ажил амьдралтай танилцсан. Тус хошуун дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс түрээсгүйгээр албан байгууллага, дэлгүүр маягаар ашиглах боломжтой 40 зээлийн оффис байдаг бөгөөд сургуулиа дүүргэсэн төгсөгчид болон хөдөөнөөс хот орсон малчдад хуваарилан өгчээ. Энэ нь жижиг дунд бизнес эрхэлдэг залуус болоод малчдад их тус дэм болох зөв тусламж санагдсан.

 

Аяллын маань дараагийн газар Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурингаас хойд зүгт 68 километрийн зайд Монгол Улсын Бичигт боомттой хиллэсэн Хятад улсын хилийн Зүүн Хатавч боомт байв.

...Торгон хилийн эмзэг зурвасын цаана

  Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

  Амаржих гэж байгаа эхийн хормой шиг нанмайж

 Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна... \МУАУЗ Б.Лхагвасүрэн “Хил дээр бичсэн шүлэг”-ээс\

Энэ л сайхан шүлэг санаанд бууж самсаа шархиран байлаа. Энэ зурвасын цаадах ширхэг чулуу ч, атга шороо ч миний эх орных юм шүү дээ гэж бодох үед бараг л сөгдөөд уйлчихсангүй. Би өөрийгөө ингэж сэтгэл хөдлөл ихтэйгээр улсынхаа хилийн зурвасыг амар тайван байгаад бахадна гэж бодоогүй. Нутгийн үнэртэй салхийг залгих шиг л болсон. Өмнө нь эх орон гэдэг үгийг төдий л сайн ойлгодоггүй байж дээ. Салхи нь илбээд, бараа нь тодроод ирэхээр л өчүүхэн зүрх минь золтой л чээжээ балбаад гараад ирсэнгүй. Ийм их догдлол, баяр бахдал хослуулан аялал маань өрнөж байлаа.

Ингээд Улиастай хайрхныхаа өвөрт олны жаргал цэнгэлийн дуун баясалтай “Уугуул соёл нүүдэлчин айл” жуулчны баазаар буулаа. Тус жуулчны баазыг эгэл жирийн малчин хүн босгожээ. Их сонирхолтой.

Аяллын маань сүүлийг мушгиж хамгийн гэгээн бүхнийг багтаасан “Мөрөөдлийн бууц” хүүхдийн зуслан биднийг угтаж авсан юм. Монгол ахуй соёлоо уламжлан үлдээх зорилготой тус хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байсан ч чадварлаг багш нар хүүхдүүдэд сургалтын сайн систем боловсруулан сурган хүмүүжүүлж, зусланд амарч байгаа хүүхэд бүхэн хичээнгүй суралцаж, баяр хөөр дүүрэн байлаа.

Шинэ газар, шинэ орчин, шинэ адал явдал, шинэ хүмүүс гээд л аялал гэдэг хэн хүнд аливааг дахин нэг өөр өнцгөөс харахад тусалдаг давуу талтай. Зочилсон айл бүхэн минь жинхэнэ монголоороо тун ч халуун дотноор хүлээн авч нэг өдрийн ажил амьдралтайгаа танилцуулж байлаа. Нэг л ахуй соёлтой болохоор бидэнд үйл ойлголцох зүйл огт байсангүй. Аяллын хамт олон маань хөгжөөн ихтэй их нөхөрсөг хүмүүс байсан. Энэхүү аяллаас ойлгож мэдэж авсан зүйл арвин их байсан бөгөөд аялал миний амьдралд үлдэх хамгийн сайхан дурсамжуудын минь нэг болон үлдэж байна.

Мөнхүү аяллын турш бидний аюулгүй байдал, амар тайван байдлыг сайн сахин хамгаалсан Солонго Мэдээллийн Төвийн хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Зохиогч: Өвөр Монголын Их Сургуулийн бакалавр Түмэнцогт Ануундарь
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл