Тэртээ харагдах гурван байшингийн ард нэг хүн тарианыхаа өлөн өвсийг хадаж, хамгийн сүүлийн тарвасаа түүж байлаа. Энэ хүнийг Ли Мэй гэдэг. Тунлю хотын Хорчин Зүүн гаран дунд хошууны Гурвандаваа усан цөөрмөөр нутагтай.

Тэрээр аль эрт 2014 оны үед нэгэн саднынхаа сайхан зөвлөгөөгөөр тарвас тарихаар болж, зах зээлд судалгаа хийж, тарьж, арчлах аргыг бусад дэвшсэн орноос сурч эзэмшин 2015 оны хавар 120 мү (1 га=15 мү) тарвас тарьж эхэлсэн байна. Бордоо оруулахаас услах, арчлахыг сайн анхаарсны сайнаар тарвасын ургац маш сайжирч, намар болоход нэг мүгээс 4000 кг тарвас хурааж, тарвасаа харан баярлаж байлаа. Гэсэн хэдий ч тухай жилийн зах зээлийн байдал нь тарвас тарьсан хүн олон, хангалт нь хэрэгцээнээс хэтэрснээс тарвасын үнэ ханш буурч, тарвасын хураалт сайн ч худалдаж гарахгүй нэлээд зовж байна. Тарвасыг урт хугацаагаар хадгалж болохгүйн дээр агуулах байхгүй гачигдахдаа бусдын зөвлөснөөр хоёр том машинд тарвасаа ачин Бээжин хотыг зорилоо.
Санаа заяа амар нийлэхгүй гэдгээр Бээжингийн хэрэглэгчид тарвасын үнэ нь өндөр, их бага нь адилгүй, үүлдэр нь сайн биш гээд нэгийг ч худалдаж аваагүйн дээр Бээжин хотод хоёр өдөр үргэлжлэн бороо цутгаж ёстой илжиг ч үгүй гурван лан ч үгүй ачааны машин түрээсэлсэн мөнгөө ч олоогүй бор мөрөөрөө буцжээ. Нутаг буцсаны дараа тарвасаа зүгээр өгөхгүй гээд бас авах хүнгүй болохоор арга буюу тарвасын тариан газартаа илжрүүлж, Ли Мэйгийн хоёр нүд нь харлаж тарвасын тариан талбайдаа ухаан алдан унасан удаа ч гарч байсан аж.
Бүдэрсэн газраасаа шороо атган босож зогсох нь зоригтой хүний араншин. Ли Мэй 2016 онд энэхүү тариан газрынхаа 50 хувьд нь тарвас тарьсан байна. Одоо ч орлого олох байх гэж бодсон нь бас л буруу болов. Тарьсан тарвас нь боловсрохоосоо өмнө илжирч эхлэв. Энэ нь ямар шалтгаанаас болсныг мэргэжилтнээс асуухад тарвасыг нэг удаа тарьсан газар 10 жил дахин тарьж болдоггүй гэв. Энэ хариултыг сонссон Ли Мэй хэдэн өдөр шаналав. Бас нэг жилийн хүч хөлс нь хоосдож, өр ширний нүхэнд уналаа гэж бодохоос Ли Мэйгийн толгой өвдөнө.
Зориг байвал зорьсондоо гэдгээр тарвас тарьж гаргасан өрийг яасан ч тарвас тарьж төлөх хэрэгтэй гэж сэтгэл шулуудсан бүсгүй 2017 онд нэг жил өөр нутаг орны амжилттай арга туршлагыг эзэмшин туршлага хуримтлуулж, зах зээлийн хангалт хэрэгцээнд судалгаа хийж, гадна орноос мэргэжилтэн урьж дахин тарвас тарихаар шийдэв.
Ийнхүү хэдэн жилийн туршлага сургамжаар дамжин энэ жил тэрээр мэргэжилтний зөвлөгөөгөөр өнгөрсөн жилүүдээсээ хагас сарын эрт тарвасаа тарьж, тарвасын талбайгаа багасаж 30 мү болгов. Олон талын нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн суурин дээр байгалийн гамшиг тохиолгүй Ли Мэйгийн хүчин зүтгэл энэ удаад өндөр амжилт олов.
- Энэ жилийн тарвасын уналт сайн байна. Нэг мүгээс 4000 килограммыг авлаа. Тарвасын үнэ ханш нэлээд тогтвортой, килограмм бүрдээ 0.35 юань, бөөндөө 0.3 юаниар худалдаж байгаа. Энэ жил харин орлого сайтай байна. Манай тарвас бусад газрынхтай харьцуулахад элдэв төрлийн бордоо хэрэглээгүй органик. Нутгийн хүмүүс худалдан авах их дуртай. Өмнө нь зарагдахгүй зовдог байсан бол одоо хэрэгцээ нь их болж хангаж хүрэхгүй байх вий гэж зовж байна хэмээн яриад инээмсэглэв.
