solongonews
Энхбайн ногоон уриа
2017-07-19 20:28
Нүд алдам элсэн манхан дундуур хөнгөн машин хурд нэмэн давхихад “Энхбай, би хүрээд ирлээ” гэж сэтгэлдээ шивнэсээр бид Энхбай экологийн үлгэр жишээ дүүрэгт хүрч очсон юм.

        Тус дүүрэг Хөвчийн элсний дунд хэсэгт байрлах бөгөөд 20 мянга орчим га талбайтай, хойгуураа Хатан голтой тулж, “Хөххот, Ордос, Бугатын алтан гурвалжин” оронд байрладаг. Үүлгүй тунгалаг, элсэн нутгийн аагим халуун агаар нүүр царайг төөнөнө. Алсыг харахад ногооноор эмжээрлэгдсэн манхан толгод үргэлжилж, тосон зураг мэт таатай сайхан, сэтгэлд аятай харагдана. Монголоороо гоёсон нэгэн эгч биднийг дагуулж, Энхбайн домог мэт үлгэрүүдийг ярьж өглөө.

Энхбай нь Хятад улсын 8 том элсэн цөлийн нэг болох Хөвчийн элсний дунд хэсэгт байрладаг. Угтаа нутаг бэлчээр өн шимтэй, үзэсгэлэнт сайхан өнгө төрхтэй орон байсан бол одоо цөлжсөн талбай нь жилээс жил нэмэгдэн хөрс шорооны идэгдэл улмаас улам хэцүүдэж, хүн төрөлхтөн оршин амьдрах аргагүй болжээ. 1959 -1974 онуудад 100 гаруй өрх аргагүйн эрхээр нутгаа орхиж, 1989 оны 7 дугаар сар болоход Энхбайн 20 мянган га нутагт хэд гуравхан өвсөн гэр овойн, эзгүй тал үлдэж, хүмүүс “Бөмбөрцгийн өмөн”-д нэрвэгдсэн газар хэмээн эндээс зүрхшээн зайлдаг болсон байна.

Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Өнөөдөр Энхбайн газар нутгийн 70 хувьд өвс ургамал хучин, төрийн зэрэглэлийн экологийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ орон болж, элс манхны ногоон бүс болсон аж. Энэхүү ногоон бүсэд түг түмэн хүний хатуужилтай чармайлга, халуун хөлс, эрэлхэг зориг, баатарлаг үйл ажиллагаа шингэж буй. Энхбайн өөрчлөлтөд оролцсон түг түмэн хүний доторх хоёр “Тэнэг өвгөн”-ий үлгэр биш, үнэн үйл явдал сурвалжлагчдад гүн сэтгэгдэл үлдээсэн юм.

Хятадын “Тэнэг өвгөн” Ван Минхай

   1989 онд Хятад улс даяар алдаршсан Ордос ямааны ноолуурын групп өндөр гаралттай ямаан ноолуурын үүлдрийн ямаа бойжуулах туршилтын өртөө байгуулахаар тогтож, Хатан голын өмнө эргийн 20 мянган га элс Энхбайг дааж авсан бол төслийг хариуцагч Ван Минхай хэсэг ажилчдаа дагуулан Энхбайн эзгүй талд ирсэн. 120 мянган юаниар 20 мянган га Эхнбайг дааж авсан нь маш хямд боловч төслийн хөрөнгө оруулалт нь ёроолгүй сав мэт байлаа. Өвсний үр, модны чихийг элсэнд өөгүй сайхан тарьсан ч салхи хөдөлсөөр булагдаад тархи, булагдах орчил дунд Энхбайд нэгэнт 6 сая юаниар санхүүжүүлээд ч нэмэр болоогүй аж.

1994 онд Ордос групп аргагүйн эрхээр Энхбайг орхисон боловч Ордос группийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга асан Ван Минхай харин галзуу элсийг ойжуулж номхтгохоор Энхбайн иргэн болж хоцорсон байна. Усгүй цөлд мод тариад, модоо услах гэж тэд хажуу хавийн тосгоноос суулга саваар ус дамнадаг бөгөөд элсийг засахын дагуу мөн үерээс сэргийлэх хэрэгтэй байдаг. Эх байгалийн хатуу шалгуурын доор Ван Минхай “Үерээр элсийг засаж, элсээр үерийг засах” уран аргыг сэтгэж, хичээл зүтгэлийнхээ хариуд 4- 5 километр урт, 40 метр өргөн, 7 - 8 метрийн өндөртэй үерийг зогсоох элсэн хашлагуудыг босгов. Ийнхүү үерийн усны хүчийг ашиглан урт, богино адилгүй элсэн довнуудыг тэгшилж, Ван Минхай нар өөрийн оюун ухаанаараа хүн амьтан оршин тогтнож амьдрах нөхцөлийг үүдсэн билээ.

Ван Минхай болон Тоёма Сэй

Харийн “Тэнэг өвгөн”— Тоёма Сэй

    Энхбайд нэгэн зэс хөшөө олны харааг онцгой булаана. Намхан биетэй туранхай өвгөн нарны малгай өмсөж, гартаа хүрз атган мөрөндөө усны сав дүүжлээд, усны гутал өмсөн алсыг харж зогсох энэ хөшөө бол Тоёма Сэйн хөшөө юм. Энэ хөшөөг 1999 онд барьсан байна. Тэрээр Японы тариалангийн мэргэжилтэн, элсийг ногооруулахад насаараа зүтгэсэн хүн. 1991 онд 84 настай Тоёма Сэй Энхбайд анх ирмэгцээ Ван Минхайтай хүсэл зорилго нэгдээд энд үлдэж, амь насныхаа эцсийн 14 хавар, намрыг Энхбайн элсэнд харамгүй зориулав. Түүний мэргэжлийн удирдлагаар зулзаган модны эдгэрэлт 80-90 хувьд хүрдэг байлаа. Тэрээр мөн Япон улсдаа харивал ихэнх цагаараа Энхбайд хандив цуглуулах ажил хийдэг байв.

1998 он болоход Ван Минхай болон Тоёма Сэйн хөдөлмөр зүтгэлээр 2 сая улиас, 2 сая бургас урган Энхбайг чимсэн юм.

Өнөөдөр Ван Минхай болон Тоёма Сэйн “Тэнэг өвгөн уулыг нүүлгэх” үзэл баримтлалын дагуу Энхбайчууд нутаг усныхаа ногоон үйлсэд ханцуй шамлан чармайн ажилласаар.

Зохиогч: Хайр
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл