
70-аад оны үед Тогтохын аав нь нэгдлийн 100 гаруй үхэр маллаж байхад ааваасаа үхэр маллах ухааныг өвлөж авсан байдаг. 80-аад оноос тэрээр үхрийнхээ үүлдрийг сайжруулж жараад симентар үхэр маллаж эхэлсэн гэдэг. Гэвч симентар үхрийн идэх нь их, Сөнид нутгийн хахир хүйтэн уур амьсгалд зохицоход төдий сайнгүй тул 80-аад оны сүүлээр дахин Шилийн хотын Баяншил мал аж ахуйн талбайгаас 20 лимүзэн үнээ болон хоёр бух оруулж, үхрийн үүлдрээ лимүзэн үүлдэр болгожээ. Лимүзэн үхрээ өсгөн үржүүлж байгаад 1994 онд ахаасаа Баруун Үзэмчин хошуунд сайн үүлдрийн цагаан үхэр буюу шарлай үхэр байна гэж сонсоод Баруун Үзэмчин хошууны Дачинбулаг мал аж ахуйн талбайд хүрч үхэр бүрийг 1700 юаниар10 шарлай охин бяруу худалдан авч малласан бөгөөд 2002 онд дахин үхэр бүрийг 3500 юаниар 5 шарлай охин бяруу, 2 бух оруулж шарлай үхэр маллах замаар замнасан байдаг. Малчин Тогтох ингэж үхрийн үүлдрээ хэдэн удаа сольж хамгийн эцэст шарлай үхэр маллахаар тогтсон нь юутай холбоотой вэ?
Нэг. Шарлай үхрийн зохицох чадвар сайн
Малчин Тогтох 20 гаруй жил шарлай үхэр маллахдаа шарлай үхэр Сөнидийн тал нутгийн уур амьсгалд зохицож чадах шилдэг үүлдрийн үхэр гэдгийг мэдсэн байна.
- Шарлай үхрийн арьс нь зузаан, хүйтэнд өлчир. Тарга хүч түргэн авна. Бид шарлай үхрээ уламжлалт аргаар малласаар ирсэн болохоор хашаа саравч хэрэглэхгүй. Арчилгаа ч дэмий их ордоггүй юм. Шарлай үхэр нь симентар үхэртэй харьцуулбал идэх нь бага байдаг. Тиймээс үхрийн үүлдрээ олон дахин сольсны эцэст шарлай үхэр маллахаар болсон гэж малчин Тогтох ярилаа.
Хоёр. Шарлай үхрийн ашиг шим өндөр
Шарлай үхэр мах сүүний хос ашигт үүлдрийн үхэр болно. Малчин Тогтох олон жил шарлай үхэр маллахдаа шарлай үхрийн мах, сүүний гаралт өндөр байгааг мэджээ. Түүний ярьж буйгаар шарлай үнээний сүү сайтай, сүү сайтай үнээнээс нэг удаад 10 кг сүү гарч, хамгийн багадаа 5 кг сүү гардаг байна. Сүү сайтай, сүүний чанар нь ч сайн аж. Сүү нь нутгийн үнээтэй адилхан тослог гэнэ.
- Өнгөрсөн хэдэн жилийн өнгө сайн байснаас бид сүү саалиа борлуулаад жилдээ бас 100 мянган юанийн орлого олдог байсан. Шарлай үнээ сүү сайтай. Сүүлийн хоёр жил ган гачиг болсноос үнээгээ саахаа больж, зөвхөн өөрийн хэрэгцээний саалиа л авч байна. Жилийн өнгө сайн бол сүү саалийн орлого ч багагүй хэмээн Тогтох ярьж билээ.
Тогтохын олон жил шарлай үхэр малласан туршлагаас үзвэл, шарлай үхрийн махны чанар сайн байдаг байна. Мах ч сайн гардаг, хөгшин үнээнээс ч 200-250 кг мах гарч, сувай үнээнээс 350-400 кг мах гардаг. Шарлай үхрийн мах, сүүний гаралт нь өндөр байдаг нь малчин Тогтохын шарлай үхрийг сонгосон нэг шалтгаан буюу.
Гурав. Шарлай үхрийн борлуулалт сайн
Шарлай үхрийг зах зээл дээр борлуулахад хүмүүс авах дуртай байдаг бөгөөд өндөр үнэ хүрдэг. Өнгөрсөн хэдэн жил малчин Тогтохын шарлай тугал 8000-9000 юаньд хүрч байсан бөгөөд бяруун бух 10 мянган юаньд хүрдэг байна. Сүүлийн хоёр жил малын үнэ буурсан ч тэдний тугал 7000 юаньд хүрч байгаа гэнэ. Тиймээс тэд жилдээ 50-60 эр тугал худалдаад 40 мянган юанийн орлого олдог.
- Малын бизнесмен шарлай тугал авах дуртай. Учир нь шарлай тугалд тэжээл өгвөл богино хугацаанд түргэн тарга авдаг. Тиймээс шарлай үхэр зах зээл дээр борлуулалт сайтай байдаг гэж Тогтох бидэнд ярилаа.
Дөрөв. Шарлай үхэр маллахад тулгарч байгаа хүндрэл
Сүүлийн хоёр жилд ган гачиг үргэлжилсэн нь малчин Тогтохын үхэр маллах үйлдвэрлэлд бага бус хүндрэл учруулсан байдаг. Гандуу байснаас болж үхэртээ өвөл хаврын улиралд өдөрт нэг удаа тэжээл өгч, нэг удаа өвс өгдөг болсноос 140 гаруй үхрийн жилийн тэжээл өвсөнд 200 мянган юань зарцуулдаг. Ган гачгаас болж үнээгээ саахгүй болсноос сүү саалийн орлого хасагдав. Бух олоход хүнд болсноос бухаа солих боломжгүй болж байна. Жилийн өнгө муугаас болж мал сувайрах нь их болж байна. Эдгээр нь малчин Тогтохын шарлай үүлдрийн үхэр тэжээж өсгөн үржүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд тулгарч байгаа хүнд асуудал болно. Тиймээс одоо малчин Тогтох эдгээр хүнд асуудлыг хэрхэн ялан давах, үхрийн орлогоо яаж нэмэгдүүлэх арга ухаан сүвэгчилж яваа юм.
