
Дөрөө шүргэм өвсөнд 70, 80-аад үхэр бэлчих нь Сансарын энэ хавар гаднын орноос авсан сайн үүлдрийн бяруу аж. Толгой бүр нь дунджаар 12000 юань оногдсон эдгээр сайн үүлдрийн бярууг одоо худалдахад ч 18000 орчин юань хүрнэ гэж бодохоор Сансарын сэтгэл дүүрэн.
- Хоёр хоногийн өмнө "Хөдөө шил” махны үхрийн тэжээлийн талбайгаа бүртгүүлсэн. Энэ бүх ажил амжилттай бол малын үүлдэр сайжруулах, борлуулалт болон орлогоо нэмэгдүүлэх, малчдаа уриалах сайн арга. Түүгээр ч барахгүй энэ ажлыг дагаад хошууны мал аж ахуйн товчооноос үрийн малын үнэмлэх авчихвал малчид ч миний эндээс үрийн мал авна гэж Сансар бодсон санасан зүйлээ сэтгэлдээ тунгааж, сэмхэн баярлаж явсан.
Ийнхүү мал малчид, нөхвөр мөнгө болон төрийн бодлого гэж бодож явдгийн нэгэн шалтгаан нь Сансар энэ багийн даргын тушаалыг хариуцаад 6 жил болсонтой холбоотой бөгөөд малчдын хоршоо, өргөтгөн тэжээх талбай гэж тус тус байгуулж анжиснаас нь салшгүй юм.
2012 он гэхэд хоршоо байгуулах явдал хаа сайгүй дэлгэрч байхад Сансар төрөл садан таван өрхөө нийлүүлж, Хуучин Барга хошууны Хөхнуур суурингийн “Сансар” малчдын тусгай хоршоогоо бүртгүүлж байв.
- Тухайн үед таван өрхөөр хөрөнгө оруулан хамтарч, нутаг бэлчээр, мал сүргээр хувь хийлүүлж, анхны замаа эхлүүлсэн. Бид саахалт амьдардаг болохоор мал сүрэг, бэлчээр ус ойрхон. Энэ нь биднийг хамтрах маш хялбар нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн гэж Сансар ярьж байлаа.

Хоршоог таван өрх хамтарч Үйлдвэр худалдааны газар бүртгүүлэхэд болно. Гэвч хоршоо гэдэг бүртгүүлээд л болдог зүйл биш. Хамгийн чухал нь ажиллах хэрэгтэй. “Сансар” хоршоо 2012 онд ажлаа эхлүүлснээс хойш 6 жилийн турш нарийн тооцоо хийж, орлогоо хөрөнгө оруулсан хэмжээгээрээ хуваадаг байна.
- Манай хоршооны гишүүн Алс гэх бүсгүй өнгөрсөн жил айл гэр болоход нь хоршооноос 120 хонь, 10 гаруй үхэр хувааж өгсөн. Одоогоор хонь нь өсөөд 300 давж, үхэр нь ч 20-иод болсон гэж Сансар сэтгэл хангалуун ярьж байлаа.
Зах зээл, эдийн засгийн хөгжлийг дагаад малчид ч брэнд бүтээгдэхүүнтэй болж, малын үүлдэр угсааг сайжруулах хэрэгтэй болсныг мэдрэв. Сансар ч нийгмийн хөгжлийг даган 2015 оноос “Сансар” малчдын тусгай хамтарсан хоршоогоо машин техникийн хоршоо болгон сольжээ.
- Одоо үед мал аж ахуйг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, машин техникийг уялдуулах хэрэгтэй болж. Автоматчилах нь их хэмжээний хөдөлмөр хүч, хөрөнгө мөнгө хэмнэх бөгөөд өөрийн өртгийг бууруулна. Бид хувиараа бордоо боловсруулах машин авсан. Хэрвээ бид зах зээлийн ханшаар нарийн бордоо худалдан авбал 500 грамм бүрийг 1.3 юаниар авна. Өөрийн машинаар боловсруулбал 0.5 юань хүрэх боломжтой гэж Сансар тооцоо бодож өгөв.
Тэрээр 2013 оны сүүлээс “Сансар” хоршоондоо дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, Хуучин Барга хошууны Эдийн засаг, тариалан мал аж ахуйн товчооноос 2 сая гаруй юанийн төслийн зээл авч, хувиасаа 200 мянган юанийн хөрөнгө оруулж 2500 куб метр талбай бүхий өвс бордоо хадгалах агуулах байгуулж, 1200 м.кв талбай бүхий хоёр суурь малын хашаа саравч барьж амжжээ.
- Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан бүтээн байгуулалт юм. Хонь, үхэр гээд бүгдийг тэжээж байна. Үүнээс гадна өвс бордоо боловсруулах машинаа илүү сайжруулж, малын үүлдэр сайжруулах тоног төхөөрөмжөө бүрэн болгох ажлыг хийж байна хэмээн Сансар танилцуулж байлаа.
Сансарынх өнгөрсөн хэдэн жилийн гантай жил өвс бордоо хүрэлцэхгүй, малын тарга хүч муу байхад жилд бараг 50-100 тонн бордоо авч өвөлжиж байсан бол сүүлийн үед малын тоо толгойгоо багасгаж, 1200 эх мал үлдээх болжээ. Гэсэн ч Сансар ган гачгийн өмнө зүгээр суусан биш, харин 8 сар гэхэд малчдаас хурга худалдан авч, 11-р сар болтол тэжээгээд худалдахад үр ашиг нь бараг л нэг дахин нэмэгддэг байв. Гаднын худалдаачид 400 юаниар авдаг бол Сансар малчдаас 420 буюу 430 юаниар авна. 11-р сард зарахад бараг 700 юань хүрдэг байна.
Энэ жил хур бороо сайтай сайхан жил болж, хурганы үнэ 800 гаруй юань болов. Гэвч хурганы арьсны үнэ өнгөрсөнд хүрэхгүй болжээ. Өмнө нь 40- 50 юанийн хооронд байсан бол одоо 10 юань л хүрч байна. Энэ нөхцөл байдалд зориулан Сансар арьс ширийг боловсруулах ухаан шавхана. Өнгөрсөн жилүүдэд хонины сүүлнээс жин хасдаггүй байсан бол одоо мөн 1-2 кг хасдаг болов. Энэ мэтийн нөхцөл байдалд богино сүүлт хонь тэжээх шинэ туршлага хийж, Улаанцавын хонь болон Австралийн хониор үүлдэр солих туршилт хийв. Гэхдээ нутгийн хонины удмыг батлах, брэнд тэмдэгтээ хамгаалахын төлөө зөвхөн 200 эх малд туршилт хийв.
Сүүлийн жилүүдэд мал бэлчээрийг тэнцвэржүүлэх, малын тоо толгойг хязгаарлаж эхэлснээр Сансар ч ухаан сууж, малын тоогоо цөөлөх, үүлдэр сайжруулах, хоршоо холбоо байгуулах, машин техникээ бүрэн бүтэн болгох, зах зээл хайх, бизнесийн талд суралцах гээд олон ажилд мунгинаж гарав.
- Орчин үеийн хөгжил хөдөө аж ахуйн зайлшгүй сонголт. Малчид уламжлалт хэлбэрээр мал маллах нь бидний ашиг орлого хийгээд өрсөлдөх хүчинд их ачаалал өгч байна. Энэ нөхцөл байдалд бид заавал орчин үеийн арга мэргэжлээс суралцаж, хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй гэж Сансар ярив. Сансар жил бүр гаднын орноор явж суралцах болсон нь түүний хөдөө аж ахуй, зах зээлийн хараагаа тэлэхэд их нөлөөлөв.
Цаг үеийн өөрчлөлт хүн малд адилхан өрсөлдөөн авч ирдэг аж. Энэ нь цаг үеийн алтан боломж гэж төсөөлбөл, алтан боломжийг атгаж чадсан нь үлдэнэ, атгаж чадаагүй нь үгүй болно.
Сансарын баримталдаг орчин үеийн хөгжил бол хөдөө аж ахуйн шинэ зууны хөгжлийн сонголт. Гэхдээ энэ нь зөвхөн Сансарын сонголт биш, харин бүхий л малчдын сонголт юм.
