
Солонго мэдээллийн төв жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллаа гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Манай мэдээллийн төвөөс зохион байгуулдаг тус аяллыг ӨМӨЗО-нд суралцаж буй оюутан залуусыг оролцуулан Өвөр Монголын малчдын амьдрал ахуй, мал маллах ухаантай танилцуулдаг билээ.

Харин гурав дахь удаагийн аялал ӨМӨЗО-нд ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд оролцож байгаагаараа онцлог болж байгаа юм. Бидний аялал 18-ны үдээс хойш Зүүн Үзэмчин хошууны Хүрээт сумын Баяннуур багийн малчин Зоригтынхоос эхэллээ.
Энэ удаад Монгол Улаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын Зөвлөх Д.Бямба, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын техникийн ажилтан Д.Алтанцэцэг, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн оюутан Б.Ариунаа, Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Т.Ануундарь болон Солонго Мэдээллийн Төвийн гурван сэтгүүлчээс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Өвөр Монгол малчдын гэрт очиж, тэдний ажил амьдралтай танилцах юм.
Бидний баг Зоригт гуайн нэг өдрийн ажил хөдөлмөрт нь оролцон, малчны хотод бага насны дурсамжаа сэргээж, цэвэр агаар таатай орчинд нэг өдөр нэг шөнийг өнгөрөөлөө.






