solongonews
“Утас зүү”-гээр урлаж босгосон үйлс
2018-08-08 10:52
Шилийнхотын үндэсний гудамжинд үйл ажиллагаагаа явуулдаг “Хас угалз” үндэсний дээл хувцасны дэлгүүрийн эзэн Цолмонгэрэлтэй ярилцлаа. Энэ жил дөчийн дөрөөг өшиглөж яваа Цолмонгэрэл яриа хөөрөөтэй, инээд тодруулсан сайхан зантай хүн байлаа.

Дэлгүүрийнх нь олон загварын уламжлалт болон орчин үеийн дээл нь орж гарах хүмүүсийн анхаарлыг татна. Цолмонгэрэл Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Сайхан-Өндөр багаар нутагтай. Багаасаа оёдолд сонирхолтой тэрээр ээжийнхээ гарын урныг залгамжлан, хотод орж дэлгүүр ажиллуулж яваа аж.


 

Анхны гараа

Цолмонгэрэл ахлах ангиа дүүргэн, 1995 онд Баруун Үзэмчин хошууны нэгэн зочид буудалд сарын 120 юанийн цалинтай ажил хийж байв. 1996 онд нутгаасаа Шилийнхотод ирж, Шилийнхотоос холгүй байрлах Гэгээн-Овоо жуулчны баазад ажиллахын зэрэгцээ ээжийнхээ оёсон дээлийг  жуулчдад худалддаг байв.

Энэ тухайгаа Цолмонгэрэл дурсан ярихдаа: - Манай ээж арван хоёр настайгаасаа өнгө дээл (Өнгө дээл гэдэг нь өнгө татаагүй хөрсөн дээлийг хэлж байна.) оёж эхэлсэн гэсэн. Маш уран хүн. Оёсон дээлийг нь хүмүүс их шагшдаг байсан гэв. Эхэндээ түүний цалин 120 юань байсан бол сүүлд 350  юаньд хүрч, цалингаараа торго, утас зэрэг оёдлын эд авдаг болов. Цолмонгэрэл багаасаа оёдолд уран байжээ. Ээж нь долоо найман наснаас нь эхлэн гарыг нь зүү утсанд дасгаж, зүү ороох, шигтгээ дарах, утас хагалах, тор татах, ир дарах, хатгамал хатгах, ул ширэх, гутал уллах зэргийг зааж өгснөөр тэрээр арван хоёр гурван настайгаасаа дээл оёх болжээ. Ингэж багаасаа сурсан оёдлын мэргэжил нь түүнийг бизнесийн замаар хөтөлж, 1997 онд Шилийнхотод лангуу түрээслэн бизнес хийх анхны гараагаа эхлүүлсэн байна. 2000 онд тэрээр эгчтэйгээ Шилийнхотын Бэйсийн сүмийн дэргэд сарын 150 юаниар 30 м.кв байр түрээслэн оёдлын газар нээв. Тухайн үед 150 юанийн байрны түрээсийг нь өгч чадахгүй сарын дараа өгье гэж гуйгаад нэг л оёдлын машинтай эхлүүлж байсан гэдэг. 2001 онд 60 м.кв байр түрээслэн, оёдлын газраа өргөжүүлэн тусгай угалз оёдог 10 оёдолчинтой болжээ.


 

Зоргоор боссон  бизнес

Ажилч хүний амьдрал өөдөө гэдгээр Цолмонгэрэл амьдралын хатуу бэрхийг эр зориг, хөдөлмөрч ур ухаанаараа туулж, оёдол урлалдаа нэг л сэтгэлээр зүтгэснээр мэргэжил нь ч тасралтгүй дээшилж 2004 онд дизайны уралдааны дэд байранд шалгарч, оёсон дээл нь хүмүүст танигдаж, ашиг орлого нь өдөр ирэх тусам нэмэгдлээ. Тэрээр 2006 онд Шилийнхотын Бэйсийн сүмтэй ойрхон 120 м.кв байр түрээслэн, оёдлын газраа өргөжүүлэн арван хэдэн хүн ажилд авч, ажилчиддаа сарын 1500-2000 юанийн цалин хөлс өгч байжээ. 2014 онд Цолмонгэрэл хоёр давхар байранд нүүж ороод 2015 онд “Хас угалз” компанийг байгуулжээ. Компани нь арван хэдэн оёдолчинтой бөгөөд оёдолчин нэг бүрийн цалин нь дунджаар нэг сард 5000-6000 юаньд хүрэх болжээ. Одоо түүний жилийн орлого нь 400 гаруй мянган юаньд хүрч, Шилийнхотод хоёр байртай баян тансаг амьдралыг цогцлоож байна.


 

Бүтээлчээр ажилладаг бүсгүй
Цолмонгэрэл зөвхөн хөдөлмөрч, уран хүн бус, харин монгол дээл хувцсанд бүтээлчээр өөрчлөлт хийж, донж дизайндаа орчин үеийн элементийг оруулан шаргуу ажиллаж байгаа нэгэн. Энэ бүсгүй олон жил үйл оёдлын ажил хийхдээ зөвхөн ээжээс сурсан оёдлын мэргэжлээр уламжлалт маягийн монгол хувцсаа оёод л сууж болохгүй, шинэ цаг үед шинэ шаардлагад эдийн засагтаа зохицсон, биеийн өөтэй хэсгийг дарж, хэнийг ч сайхан харагдуулдаг, ганган хээнцэр монгол дээл хувцасны дизайныг гаргаж сурах хэрэгтэй гэдгийг ухаарсан байна. Ийнхүү оёдлын газраа ажиллуулахын зэрэгцээ 2013 онд 40 хүний моделийн сургалт байгуулсан нь даруй энэхүү санааны хүч юм. Моделийн сургалт нь Өвөр Монголын дотно гаднын хувцас загварын үзүүлбэр, улсын зэрэглэлийн үндэсний хувцас загварын тэмцээн зэрэг томоохон үйл ажиллагаанд олон удаа оролцож, монгол дээл хувцасны загварын гайхамшгийг олон нийтэд гайхуулж, монгол соёлоо дэлхийн мэлмийд сонирхуулахын хамт олон шагналаар хөдөлмөр ухаанаа мялаалгаж явсан байна. Найман муж орны хувцас загварын үзүүлбэрт алтан медаль, Хятад, Монгол, Оросын урлагийн наадамд монгол хувцасны тэргүүн шагнал, Хонконгт зохион байгуулагдсан үндэсний дээл хувцасны наадамд гуравдугаар зэрэглэлийн шагнал зэрэг томоохон амжилт бүтээлийг гаргаж явсан. Мөн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд  Шилийнгол аймгаа төлөөлж оролцож байсан удаатай.
2015 онд Цолмонгэрэл Монгол Улсаас багш урин сургалт явуулж, 100 гаруй хүнд хоёр сарын хугацаатай монгол хувцас оёх арга техникийн хичээл заалгасан байна. Өөрөө бэлтгэсэн шавь ч 100 гаруйд хүрч, өөрийн гэсэн оёдлын газар ажиллуулан амьдралаа өөд татаж яваа нь олон.

 


 

Алсын хараа

Нийгмийн хөгжлийг дагаад дээл гутал зэрэг уламжлалт монгол хувцас өдөр тутмын амьдралаас хөндийрөөд гол нь баяр наадмаар л өмсдөг хувцас төдий л болж байна. 

Энэ тухай Цолмонгэрэл: - Бид яаж ч байсан уламжлалт хувцсаа орхиж болохгүй. Уламжлалаа хадгалахын зэрэгцээ цаг үеийн амьдралд зохицсон шинэ загварын монгол хувцсыг ч зурж төлөвлөн оёх хэрэгтэй гэв.


 

Ээжийн ач
Цолмонгэрэлийг шантаршгүй зүтгэл, ур чадвар, ухаан билигтээ түшиглэн өнөөдрийн амжилтад хүрэхэд түшиг тулгуур, эрч хүч өгч байсан хүн түүний ээж байлаа. Оёдолчин бүсгүйн ээж хавь ойрдоо нэртэй уран хүн. Үзэмчин дээлийн угалзыг онцгой сайхан урладаг. Түүний аав нь эрт бурхан болж амьдрал нь тааруу, сумын төвд монгол гэрт амьдардаг байв. Тухайн үед сумын төв дээр ганцхан монгол гэртэй айл байдаг нь Цолмонгэрэлийнх. 

- Ээж минь 1989 оноос эхэлж дээл хувцас, малгай оёж худалдан амьдралаа залгуулж байв. 90-өөд онд ээж минь үзэмчин дээлийн угалз оёод нэртэй оёдолчин Нарантуяад худалдаж байсан юм. Тухайн үед нэг дээлийн угалз 200-300 юань л байсан. Одоо хэдэн мянган юань хүрч байна. Оёдолчин Нарантуяа ч ээжийн минь оёсон угалзыг маш сонирхдог байсан. Хэрвээ надад ээжээсээ сурсан ур чадвар байгаагүй бол одоо юу хийгээд явж байгаагаа төсөөлөхийн аргагүй гэж ярьж байлаа.
Эх хүний энэрлийн их эрч хүч хаа газар хэзээ ч үрдээ өгөөжөө өгч байдаг юм.

Зохиогч: Цэцэг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл