solongonews
Улиастай хайрхны өвөрт боссон “Уугуул соёл нүүдэлчин айл”
2017-08-23 17:13
2017 оны 7 дугаар сарын 21-нд Шилийнгол аймгийн Улиастай суурингийн малчин Хадаагийнд очиж малчин ард түмний аж амьдрал ахуй соёл, зан заншлыг үзэж сонирхсон юм.

Хадаагийнх ам бүл дөрөв, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Улиастай суурингаас холгүй 10 километр орчим газарт Улиастай хайрхан хэмээх намхан бор толгодынхоо өвөрт 28 орчим жил малаа маллан амьдарч байгаа тал нутгийн эгэл жирийн малчин айл юм билээ.

Хадаа эцэг өвгөдөөс өвлөж авсан өөрийн эзэмшил газар нутагтаа таван хошуу малаас хонь, үхэр адуу маллан ашиг шимийг нь хүртэхийн зэрэгцээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тал нутгийн малчны соёл зан заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилгоор жуулчид хүлээн авах үйлчилгээг давхар эрхэлсээр 14 жилийг үджээ.

Мал дагавал ам тосодно гэдэг ч байгаль цаг уурын өөрчлөлт, нутаг бэлчээрийн нөхцөл байдал, малын үнэ ханшны тогтворгүй байдал гээд тогтмол орлогогүй бол амьдрахад хэцүү болсон цаг үе. Зөвхан малынхаа ашиг шимээр амьдраад байхад хэцүү болсон энэ цаг үед хэн хөдөлмөрлөж сэтгэж чадна тэр хүн илүү сайхан амьдарна. Өөрийн нутаг усны давуу талаа түшиглэн энэхүү том жуулчны баазыг эгэл жирийн малчин хүн босгосон гэхэд үнэхээр гайхалтай юм.

Тэрээр: - Энэхүү жуулчны баазаа өөрийн нутагтаа 2003 оноос ажиллуулж эхэлсэн. Ажиллуулаад олон жил болсон болохоор Хятад улсын олон нутаг орноос жуулчид ирдэг. Сүүлийн хэдэн жил 4 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, баазын бүтээн байгуулалтаа сайжруулж, одоогоор хоног, хоол, ажилчны гэр гээд 40 гаруй монгол гэрийг босголоо. Хэдийгээр 7-9 сар хүртэл гурван сар ажиллуулдаг ч орлого сайн байна. Энэ жилээс өвлийн улиралд ч нээх төлөвлөгөөтэй байгаа хэмээн хуучилж байв.

Хадаагийнх 1000 гаруй хонь, цөөн адуу малладаг. Жуулчдад морь унуулах, хөдөөний амьдралтай танилцуулах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас тусгай хүн урьж 5000 юаниар хорхог хийх аргыг 15 хоног суралцсан тухайгаа бас ярьж байв. Малчин хүн зөвхөн малаа маллах биш, харин нутаг усныхаа сайн сайхныг түшиж олонд таниулж танилцуулж, хөдөлмөрч бүтээлчээр байдлаар сэтгэн, орлогоо хэд дахин нэмэгдүүлж болдогийн жишээ энэ гэлтэй.

“Уугуул соёл нүүдэлчин айл” жуулчны бааз нь жилдээ 3500-4000 гаруй жуулчин хүлээн авдаг бөгөөд сүүлийн үед Хятад улсын өмнө зүгээс ирэх жуулчдын тоо ихсэж байгаа талаар мөн ярьж байлаа.

Малчин Хадаа тус жуулчны баазыг 2003 онд анх 3-4 жижиг гэртэйгээр эхлүүлж байсан бол одоо 40 гаруй том жижиг гэр, нэг ээлжиндээ 400 гаруй жуулчин хүлээн авах хүчин чадалтай томоохон хэмжээний жуулчны бааз болгон өргөжүүлж чадсан жирийн нэгэн хөдөлмөрч малчин хүн байлаа.

“Уугуул соёл нүүдэлчин айл” жуулчны баазад зочилсон жуулчид нь малчин хүний ахуй амьдралыг газар дээр нь нүдээр үзэж сонирхон танилцахаас гадна монгол хүний ахуй амьдрал зан заншлыг нүдээр үзэж танилцах нөхцөлийг хангаж өгснөөрөө их онцлогтой юм. Тухайлбал морь унуулах, нум сум харвах, мал маллах, мал муулах, гэдэс дотор арилгах, хорхог, боодог хийх, үнээ саах, ааруул хурууд хийх, айраг эсгэх, монгол хоол хийх зэрэгт суралцах боломжийг хангаж өгсөн нь өнөөгийн хот газрынханд болон залуучуудад мартагдах шахсан зан заншил, соёл уламжлалаа сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь бахархмаар санагдлаа.

Мөн жуулчдыг зугаацуулах, тэднийг тал нутгийн үзэсгэлэнт Үзэмчин нутгийн дуу хуур, бүжиг наадмаар цэнгүүлэх, галын наадам хийх зэрэг урлаг соёлыг сурталчлах ажлыг ч өргөн дэлгэр зохион байгуулж байгааг нь харахад тус жуулчны баазын эзэн малчин Хадаагаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан билээ.

Зохиогч: Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын техникийн ажилтан Доолиохүү Алтанцэцэг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл