
Сүүлийн хэдэн жилийн байгалийн ган гачиг, бэлчээр нутгийн тачирдал, зах зээлийн малын үнэ ханшийн тогтворгүй байдал зэргээс болж малчин Цацрах мал аж ахуйн үйлдвэрлэл нь тогтворгүй ашиггүй байсан ч гар нухлан гачигдаж сандарсангүй. Харин ч нутаг түрээслэх, малаа цөөлөх зэргээр мал сүргийн тэнцвэртээ дахин төлөвлөлт хийж, малаа мэнд маллаж байна. Үүнд, өөрийн хайрлаж хямгаддаг тэмээгээ өсгөн үржүүлэх талаар олон арга авснаар тэмээний өсөлтөө жил дараалан баталжээ. Цацрахынх одоо 30 гаруй тэмээ маллаж, зургаан ботго тосоод мэнд бойжуулж байна.

Биднийг хүрэхэд Цацрах ойр хавийн хот усны ах дүү нараа дуудаж тэмээгээ ноослон тамгалж байлаа. Тэмээчин Цацрах:
- Манайх газар нутаг бага боловч тэмээгээ маллаж байна. Тэмээ маллахын тулд ойр хавиасаа нутаг бэлчээр түрээсэлж байгаа. Тэмээ сайхан амьтан, олон жил тэмээ малласан болохоор тэмээгээрээ бахархаж явдаг гэж байлаа.
