solongonews
Малчин ээжийн бизнесийн зам
2019-07-18 10:34
Малчин ээжийн бизнесийн зам

    Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Тоймлолт багийн малчин ээж Нийгэмийн урлан томсон ногт, тохом, гэрийн оосор бүч зэрэг гар урлалын бүтээгдэхүүнээ вичатаар дамжуулан борлуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 20 мянган юаний орлого олсон тухай мэдээг сонсоод Нийгэм гуайтай уулзаж ярилцлаа..

50 насыг давж яваа малчин Нийгэм вичат ашиглан өөрийн гар урлалын бүтээгдэхүүнээ худалдаж байна. Биднийг түүний гэрт хүрэхэд тэрээр Шилийн хотоос ирсэн эмээлийн ихэнх захиалгаа хийж дуусгаад Хөхнуур мужаас ирсэн тохмын захиалгыг бэлтгэж суув.

Нийгэм гуай хоёр жилийн өмнөөс ач хүүгээ цэцэрлэгт хүргэхээр хошуун төв Мандалт сууринд нүүж ирсэн юм. Хошууны төвд ирсэн тэрээр зүгээр суусангүй, ач хүүгээ сургуульд нь хүрнэ. Басхүү унгас хялгас түүж дээсэн урлал хийж зургий нь аваад, өөрийн вичатын найзын тойрогтоо цацсанаар асууж сурах хүн өдрөөс өдөрт олширчээ. Одоо 2100 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Өглөө бүр гурван цагт босож, гар урлалын бүтээлээ хийж, бас хоёр ачаа сургуульд нь хүргэдэг байна. Хоёр ач нь ч эмээдээ тус болж хялгас ялгаж, дээс томж өгдөг.

Таван хошуу малынхаа унгас хялгасыг эрхэмлэн дээдэлж, дээсэн урлалд сонирхолтой малчин ээж Нийгэм дээсэн соёлын хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч болж, пүрэв гарагт хошууныхаа хүүхдийн цэцэрлэгт хүүхдүүдэд дээсэн соёлын хичээл ордог.

- Хөдөө гэртээ байхад дээс томох зав чөлөөгүй, харин хошууны төвд ирээд өөрийн дуртай зүйлээ хийх цаг завтай болж дээсэн урлалаа хийж байна. Вичатаар дамжаад маш олон захиалга ирж байна. Энэ хэдэн өдөрт 70 гаруй тохом хийсэн. Энэ жил монгол гэрийн оосор хийлгэхээр дөрвөн айл унгас хялгасаа авчирч өгсөн байна. Зуны улиралд захиалга олон байдаг гэж Нийгэм гуай ярьж байлаа.

Тэрээр сур, хялгас, дэлээр морь тэмээний эдлэл, тугалын ногт, тохом, монгол гэрийн оосор бүч, бүслүүр зэргийг урлан томоод Алшаа аймаг, Улаанцав хот, Түняао, Хөлөнбуйр хот зэрэг Өвөр Монголын бүх аймаг, хот ба мужийн гадна Шинжян, Хөхнуур, Хэбэй зэрэг муж орны газраас ч захиалга ирдэг.

Бага сургуулийн 3-р ангийн боловсролтой түүний хувьд вичат худалдаа хийхэд маш олон хүнд бэрх асуудал тулгарч байв. Ингээд вичатыг ойлгож, бараа бүтээгдэхүүнээ дамжуулдаг, мөн хүмүүсийн ирүүлсэн хятад үсэгтэй хаягийг хүнээр харуулж мэддэг. Түргэн шуудан хүргэлтээр бараа бүтээгдэхүүнээ явуулдаг Нийгэм гуай шуудан  хүргэлтийн хүмүүстэй танилцан сайн танил болсноор тэд гэрт нь ирээд бараа бүтээгдэхүүнийг нь авдаг болжээ.

- Гар урлалын бүтээгдэхүүнээ ойрхон зайд таксигаар явуулдаг, хол зайд түргэн шуудан хүргэлтээр явуулдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гар урлалын бүтээгдэхүүнээ вичатаар худалдаад 20 мянган юаний орлого олсон байна гэж Нийгэм гуай бидэнд сонирхуулсан юм.

Зохиогч: Шилийнгол Өдрийн сонин Сарна
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл