Уудам талд мал сүргээ маллан, мал аж ахуйн амьдралаа цогцлоож явахдаа малчид маань өнөөдөр нутаг бэлчээр, зах зээл зэрэг олон нөхцөл байдалтай уялдуулан мал аж ахуйгаа яаж эрхэлбэл зохих талаар арга ухаан бодож явах болсон билээ. Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Дөрвөлж багийн малчин Алтан-Уул нас залуу боловч мал аж ахуйн талд их хашир, уламжлалт мал аж ахуй болон орчин үеийн мал аж ахуйг уялдуулан хөгжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Мөн өөрийн өвөрмөц мал аж ахуйн үйлдвэрлэлээр экологийн болон аж ахуйн үр ашгийг хүртэж яваа юм.
Малчин Алтан-Уулын хонин сүрэг
Үзэмчин нутгийн малчид хонь малласан өнө олон жилийн түүхэн явцдаа өөрийн гэсэн шилдэг үүлдрийн хонь болох үзэмчин хонийг бойжуулж гаргасан бөгөөд үеийн үедээ малласаар одоог хүрсэн билээ. Малчин Алтан-Уул яг энэхүү шилдэг үүлдрээ сонгон бойжуулж, түүнийхээ хишиг буянаар амьдралаа цогцлоож яваа нэг нь аж. Мөн үзэмчин хонио уламжлалт аргаар маллаж яваа малчин юм. Гунан үхрийн эврийг хага хөлдмөөр өвлийн улирал урт байдаг Үзэмчин нутагт идээшин дассан үзэмчин хонь тэсвэр сайтай бөгөөд задгай мал аж ахуйд зохицохдоо сайн байдаг. Алтан-Уул үзэмчин хонины энэхүү араншинд зохицуулан өвлийн цагт битүү саравчинд хонио хашдаггүй бөгөөд гэрийнхээ хажуугийн дэрстэй бэлчээртээ хотолдог байжээ.
- Манайх өвлийн цаг хонио хашаалдаггүй. Гэрийн ойролцоо дэрстэй бэлчээртээ хотлуулж, хонь хургалах үеэр хороо хашаандаа авч ирдэг. Үгүй бол хургыг үнэг барих гээд байдаг. Манай нутагт үнэг хярс их байдаг хэмээн Алтан-Уул ярихад бид энэхүү хонь малын нөмөр дулаан хот болсон үнэг хярс зэрэг хээрийн амьтан орогнодог бэлчээр ямар байдаг бол гэж сонирхон Алтан-Уултай хамт гарав.
Гэрийнх нь баруун талд хэдэн зуун метрийн зайд байрлах энэхүү тор хүрээнд хүнээс өндөр ургасан дэрс салхинд найгаж, дэрсэн дэх бэлчээрт байгаа хонь хурганы дуу сонсогдохоос биш харагдахгүй байлаа. Бид дэрсэн дундуур явахад тарга сайтай хонь хүний бараагаар үргэж хуйларна. Шим сайтай бэлчээрт дураар идээшилсэн хонь тарга хүч сайтай байлаа. Дэрстэй бэлчээрийг залгаад бас нэг хэсэг ой байв. Энэ ой модыг Алтан-Уулын аав нь тарьсан байна. Бараг 4.6 га талбайтай энэхүү ой мод нь хөрс шороог тогтвортой болгох нөлөө үзүүлэхээр үл барам намрын сүүлээр салхинд унасан модны навч нь хонин сүргийн нэг сарын тэжээл болдог гэнэ. “Өвстэй бол малтай” гэж малчид ярьдаг. Малчин Алтан-Уул яг л энэхүү жамыг барьж мал аж ахуйгаа хөгжүүлж яваа байна.
Үзэмчин хонь усны тунгалаг, өвсний соргогийг дагаж идээшилж сурсан бөгөөд бэлчээрлүүлэн маллахад их зохицсон байдаг. Багаасаа малын захад өсөж, өвгөдөөсөө үзэмчин хонь маллах арга ухааныг сайн сурсан Алтан-Уул энэхүү ёс учрыг андахгүй мэддэг. Өнөөдөр бэлчээр усны нөхцөл өмнөхдөө хүрэхгүй болсноос малчид өвөл хаврын улиралд мал унаагаа тэжээж, тарга хүчийг нь батлах болсон. Алтан-Уул харин ийм зүйл хийгээгүй бөгөөд өвөл хаврын цагт хонин сүргээ хадаж хураасан хөх өвсөөр тэжээхээс биш харин нарийн бордоогоор тэжээдэггүй.
- Үзэмчин хонь бэлчээрт бэлчээрлүүлэн маллахад илүү сайн, тарга авах нь илүү байдаг. Тиймээс би хонио бэлчээрлүүлэн маллаж тарга хүч сайн авахуулахын зэрэгцээ өвөл хавартаа хөх өвсөөр тэжээж тарга хүчийг нь баталдаг гэж Алтан-Уул ярив.
Алтан-Уулын хонины мах ёстой эко, органик мах байж таарна. Бэлчээрлүүлэн маллахын дагуу зөвхөн хөх өвсөөр тэжээдэг хонины тарга хүч ямар байдаг бол гэхэд хурга нь бусад айлын хургатай харьцуулахад ерөнхийдөө 30-40 кг хүрч, хамгийн хүнд нь 45 кг хүрдэг аж.
Алтан-Уул Үзэмчин нутаг усандаа тохирсон үзэмчин хонийг сонгон маллаж явахдаа үзэмчин хонины үүлдэр угсааг илүү шилдэг болгон сайжруулахаар зүтгэсэн бөгөөд өнөөдрийг болтол хичээн ажилласаар байна. Тэрээр үзэмчин хонийг сонгон бойжуулах аргыг арваад жил хийж явахдаа жил бүр хуцаа сольж Зүүн Үзэмчин хошууны Өнт, Баянхөөвөр болон Баруун Үзэмчин хошууны Баянгол зэрэг газрын шилдэг үүлдрийн үзэмчин хонь маллаж байгаа айлаас шилдэг үүлдрийн үзэмчин хуц авч ирэхийн зэрэгцээ гаднаас охин төл авч эх малын цусыг нь сольдог. Үүний шалтгаан нь эх мал, хуцаа бүр өөрийн сүргээсээ тавихад хурга нь жижгэрнэ гэдэг хэмээн бидэнд тайлбарлав. Үүнээс гадна сүргийнхээ цусыг солиход зөвхөн хуцаа солиод болохгүй, эх малын цусыг ч аажмаар сольж байх хэрэгтэй гэжээ. Энэ бол түүний мал аж ахуйн амьдралаас олсон туршлага байлаа.
Малчин Алтан-Уул ингэж хонин сүргийнхээ үүлдрийг сайжруулж ирснээр тэднийх төл сайтай. Энэ жил өвөлжүүлсэн 380 гаруй хониноосоо 420 гаруй төл тоссон байна. Шилдэг үүлдрийн үзэмчин хонины төллөх насны эм хонь бүгд төллөдөггүй, ихэр төл, төлөгний төл ч олон байдаг. Хонин сүргийнхээ үүлдрийг ингэж сайжруулж яваагаас ихэр төл олон болсон төдийгүй тэднийхээс хурган хуц авах гэж хол ойрын хүмүүс ирдэг болохоор Алтан-Уул жилдээ нэг хурган хуцыг 1100-1200 юаниар 30 гаруй хурган хуц зардаг байна.
Малчин Алтан-Уул хөдөө нутагтаа мал аж ахуйгаа хөгжүүлж явахдаа орон нутгийн шилдэг үүлдэр болох Үзэмчин хонио сонгон бойжуулах замаар замнасан. Мөн үзэмчин хонио уламжлалт аргаараа бэлчээрлүүлэн маллах, үзэмчин хонины үүлдрийг сайжруулж, цөөн тооны малаас өндөр үр ашиг хүртэж яваа аж. Ирээдүйд Алтан-Уулын эко органик хонины мах илүү олон хүмүүст хүрэх үед тэдний ашиг орлого илүү өндөр болох нь мэдээж. Энэ нь үзэмчин хонины өгөөж буян буюу.
