solongonews
Экспо Монгол таваараар “халуурна”
2017-09-28 11:23
Алтан намрын тансаг улирал саатсан Өвөр Монголын төв Хөххо бас нэг удаагийн үзэсгэлэнгээ угтан авлаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдахаар болзсон "Хятад, Монголын экспо" нь Хятад, Монгол хоёр орны харилцаа, эдийн засаг соёлын солилцооны олон хүрээнд өргөжин тэлж, хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа юм.

Өнө эртний “Торгоны зам”-ын улбаа зурайж, холдон одсон тэмээн жингийн цуваанаас тэлсээр барааны гүйлгээ, таваарын солилцоо нь хоёр улсын иргэдийн амьдралд яах аргагүй уусжээ. Дотор газрын ам будаа, торго дурдан, хэвийн цай, арьс шир, адуу мал энэ замаар зөөвөрлөгдөж судар түүхийн алтан хуудаснаа гэгээн мөрөө үлдээсэн нь нэгэнт түүх болон үлдэв. Өнөөдөр даяарчлал, нэг цогцжилтын эрчим чангарч хурдац түргэсэн, олон хүрээнд хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх өргөн боломж нээгдэж, хөгжил дэвшлийн шинэ эринд нөхөрлөлийн алтан гүүр тавигдсан нь юутай баяр, юутай завшаан!

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 380 гаруй аж ахуйн нэгж шилэгдэн оролцож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм, хүнс, хувцас, засал чимэглэл, гар урлал зэрэг 10 гаруй том төрөл 1000 гаруй бага төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэж, төрөл зүйлийн талаар өнгөрсөн удаагийнхаас илүү олон болсноор худалдан авагчид, жуулчид, аж ахуйн нэгжийн хүмүүс бөөн бөөнөөр Өвөр Монголын төвийг зорин ирж байна. Тэгвэл хүмүүс юуг илүү их сонирхож байгаа бол?

Уран бүтээлч амраг хоёр

Есдүгээр сарын 27-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд хүний хөл хөдөлгөөн ихтэй, үзэсгэлэнгийн ордны дотор гудмаар мөр мөрөө шүргэлцэн багтаж ядан зөрөлдөнө. Чанар сайтай тэрлэг гутал, зэрлэг цэцгийн зөгийн бал, гангар шаазан, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг Монгол Улсын бараанууд өнгө ялгаран харагдаж загвар сайхан, чанар сайтайгаараа хурсан олны бахархлыг татна билээ. Тэдний дундаас “Алтайн магтаал” хэмээх морин хуурын аялгуу хангинан сонстоно.

Том нүдтэй, дунд хэрийн биетэй нэгэн залуу лангуундаа цоордохын зэрэгцээ морин хуур татаж сууна. Энэ залууг Баярсүрэн гэдэг. Баярсүрэн энэ удаагийн экспод өөрийн урлаж хийсэн морин хуураа худалдаж байгаа нь энэ байжээ. Сонирхолтой нь Баярсүрэн уран зураач эхнэр Мөнхгэрэлийн хамт энэ удаагийн экспод оролцож, үзэсгэлэнд өнгө гэрэл нэмнэ.

Баярсүрэн бага байхын морин хуур сонирхдог байжээ. 1999 онд Монгол Улсын Улаанбаатар хотод “Бава морин хуурын урлалын газар” нээж, цоор, товшуур, ятга, их хуур, дунд хуур зэрэг хөгжмүүдийг хийж худалдах, захиалгаар урлах болсон байна.

- Би энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоос гадна мэргэжлийн морин хуурын чанар, дууны өнгө, хийц, эдэлгээ арчилгааны талаар хүмүүст тодорхой ойлгуулах зорилготой ирлээ. Ер нь Өвөр Монгол болон Монгол Улсын морин хуур хоорондоо ялгаатай. Нарийвчилбал Өвөр Монголын морин хуур дээгүүр хөглөгдөж, Монгол Улсын морин хуур нь харин доогуур хөглөгддөг. Морин хуурын материалын талаар Монгол Улсын морин хуур яг тухайн газрын материалаа хэрэглэж хийдэг. Миний хувьд морин хуураа хүчтэй дуугаралттай, чихэнд тааламжтай сонсгохоор хичээж хийдэг гэж Баярсүрэн ярив.

Том хар нүдтэй гэгээ татсан царайтай халх бүсгүйн үзэсгэлэнг бүрэн гайхуулсан Баярсүрэнгийн гэргий Мөнхгэрэл дэлгүүртээ тун завгүй ажиллана. Монгол Улсын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн Мөнхгэрэл удам дамжсан зураач бөгөөд байгалийн үзэмж, цэцэг, хөрөг зураад 15 жилийн нүүр үзэж байгаа юм.

- Энэ удаагийн экспод нөхөр маань морин хуураа худалдаж, би ч зургаа аваад ирлээ. Өвөр Монголчууд зургийг маш их ойлгож, ганган байгалийн зураг, цэцгийн зургийг их сонирхдог. Анх удаа Хөххотод ирсний хувьд надад маш их таалагдаж, цэвэр цэмцгэр, давхар давхар замтай, дахин дахин ирмээр л сайхан хот байна гэж уран зураач бүсгүй сэтгэгдлээ хуваалцлаа.

Нэг үсэг 200 юанийн үнэтэй

Монгол Улсын Улаанбаатар хотын уран бичээч Ганзориг энэ удаа мөн үзэг бэх цаасаа үүрээд экспог зорин иржээ. Үзэсгэлэнгийн талбайд шууд зохион бүтээх нь түүний “таваар”-ын бусдаас ялгагдах хамгийн тод онцлог байлаа. Түүний худалдааны чигийн ар хөшгөнд өлгөсөн үсэн бийрийн татлаа “тэнгэр”, “газар”, “хүн” хэмээх гурван үг нүдэнд тусаж байв. Ганзориг хэлэхдээ нэг үгийг 200 юаниар худалдаж байгаа, түүний таваар бол үйлчилгээ бөгөөд урлагийн бүтээл, бэх нь хатаагүйгээр худалдан авагчийн гарт шууд хүрч болдог онцлогтой аж.

50 мянган юанийн үнэтэй морин хуур

“Давхар хийц” компанийн худалдааны чигийн дэргэд олон хүн хурж, Баясгалангийн хөөмийн дууг чих тавин чагнах бөгөөд уран хийцтэй “хаан хуур”-ын хоёр хялгасан дээр урнаар бүжих таван хурууг нүд салгалгүй ширтэнэ.

Монголчууд морин хуураа хаан хуур хэмээн дээдэлж өргөө гэрийнхээ хойморт дээдлэн залдаг заншилтай. Нэн ялангуяа хийц урлал чамбай, дуугаралт хөг хүнгэнэм нарийн хийцийн морин хуурын зах зээлийн үнэ жилээс жилд өсөж байна.

“Давхар хийц” компанийн захирал Баярын танилцуулснаар, Баясгалангийн хөгжимдөж байгаа энэ морин хуурыг ур чадвар өндөр уран дархан маань урлан бүтээсэн. Хуурын арлыг олон жил ургасан хус модоор хийж, алт мөнгө, оюу шүр зэрэг ховор үнэт зүйлээр чимэглэж, дуугаралт хөгийг баталгаатай, сонирхогчдын хадгалах үнэ өртгийг бодож хийсэн болохоор зах зээлийн анхны үнэ 50 мянган юаниар ханш тогтоогоод байгаа юм. Хятад, Монголын экспод хоёр дахь удаагаа оролцож байгаа тэрээр борлуулалтын тал дээр маш итгэлтэй байна гэдгээ бас ярьсан юм.

Бусдаас ялгарсан үйлчилгээ

Өмнө нь хуруу гарган үнэ хэлэлцэх, тооны машинаар үнэ хаялцах гэж хэл амаа барж байв. Тэгвэл энэ удаагийн экспоны бас нэг нарийн зүйл бол Монгол Улсын худалдаачид ойлголцох хэмжээний хятад хэлээр үнэ ханшаа ярьж байлаа. Хэлний бэрхшээл саадыг ялан давж байгаа Монгол Улсын худалдаачдын энэхүү идэвх бидэнд нэгийг бодогдуулна.

Монгол улсын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны ажилтан Хулан:

- Энэ удаагийн экспонд оролцох аж ахуйн нэгж хувийн үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулахдаа ганц бүтээгдэхүүний чанарыг үзээд зогсохгүй, итгэмжийн үнэлгээ, хэрэглэгчдийн үнэлгээг онцгой анхаарч, үйлчилгээг ч чухал байранд тавьсан гэлээ.

Anoulk арьсан эдлэлийн компани, Lhamour компани, SHILAJIT эрүүл мэндийн бүтээгдэхүүний компани, APU компани зэрэг аж ахуйн нэгж нь хятад хэлээр бичигдсэн бараа таваарын танилцуулга гаргасан нь хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн бөгөөд хамгийн чухал нь үйлчилгээний чанарыг дээшлүүлж борлуулалтын хэмжээг ахиулсан байна. Өлзий:

- Бүтээгдэхүүнээ чанартай хийсэн хэрнээ зөв ойлгомжтой таниулж чадахгүй, хангалтгүй үйлчилж чадахгүй бол хэрэглэгчдийг татаж чадахгүй гэж байв.

1.5 сая юанийн үнэтэй эмээл

Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж байгаа Хятад-Монголын экспод дэлгэгдсэн нэгэн эмээл уран нарийн хийцээрээ харсан болгоны анхаарлыг татаж байлаа. Мөнгөн хийцтэй алтан угалзтай шүр шигтгэсэн эмээл гэрлийн дор нүд гялтганам алтан шаргал гэрэл цацарч харагдана.

- Урд цагт баяд язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан эрхэм үнэтэй эмээлийг сэргээн урлаж, ухаан сэргэлэн гар уран мэргэн дархчуудын зурж төлөвлөснийг манай компани хэдэн сар урлан бүтээсэн юм. Энэ эмээл 40 кг хүнд, луу, хангарди, арслан, бар дөрвөн хүчтэнг сийлж, 3 килограмм алт, 22 килограмм мөнгө, 229 хэсэг байгалийн шүрийг суулгасан. Энэхүү эмээл 1.5 сая юанийн үнэтэй гэж “Давхар хийц” компанийн захирал Баяр танилцуулав.

Энэ эмээлийг харсан бүгдийн нүд хоргодож, сэтгэл татагдахыг юу гэлтэй билээ.

- Би эмээл их сонирхдог нэгэн. Одоо би хэдэн эмээл хадгалж байна. Гэвч энэ эмээлд хүрэхгүй. Энэ эмээлийг гэртээ тавихад сайхан байх гэж эмээлийг хараад нүд нь гэрэлтсэн Жүө тэр дороо 1.5 сая юань гаргаж чадахгүйдээ харамсана.

90 мянган юанийн үнэтэй монгол гэр

Алс хол Улаанбаатар хотоос Хөххотод болж байгаа Хятад-Монголын экспог зорин ирсэн худалдаачин Дуламсүрэнгийн 3 монгол гэр хоёрхон өдрийн дотор захиалгын хуудсанд бичигджээ. “Борлуулж чадахгүй бол буцаад үүрээд харин уу?” гэж гүн санааширч байсан түүний бодож байснаас ч илүү суран эдлэл борлуулалт сайтай байсан ба монгол гэр худалдан авах захиалгын хуудас ч ар араасаа буусан байлаа.

9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд Дуламсүрэн суран эдлэлээ танилцуулаад унасан малгайгаа авах завгүй байлаа.

- Эхний хоёр өдрийн борлуулалт маш сайн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд зориулан авч ирсэн 3 тонн бараагаа бүгдийг борлуулж дуусгана гэдэгт би тун итгэлтэй байна. Аялал жуулчлалын газар эрхэлдэг нэг худалдан авагч экспоны эхний өдөр миний 8 ханатай монгол гэрийг 90 мянган юаниар худалдаж авахаар хэлэлцэж тогтсон. Миний авч ирсэн гурван монгол гэрийг бүгдийг манай нөхөр урлан хийсэн хэмээн анх удаа Өвөр Монголд ирж үзэсгэлэнд оролцож байгаа Дуламсүрэн танилцууллаа.

Дуламсүрэнгийн авч ирсэн 6 ханатай гэр нь 50 мянган юаниар, 5 ханатай гэр нь 40 мянган юаниар зарагдахаар болж захиалга өгсөн байна.

- Манай бараа Өвөр Монголчуудад маш их таалагдаж байгаа нь илт байна. Монгол гэрээс гадна суран эдлэл хэрэгслийн зүйлс ч борлуулалт сайн байгаа. Суран жирэм олон байсан, одоо ганцхан үлдлээ. Суран гөлөм, хазаар, чөдөр, ногт зэрэг суран эдлэлийн зүйлс худалдаад дуусах гэж байна. 600 юанийн сурыг боодол боодлоор авсан хүн ч олон байна гэж монгол гэр дүүрэн тавиастай суран эдлэлээ танилцуулах Дуламсүрэнгийн нүүр дүүрэн баяртай байв.

Цаг үеийн өөрчлөлт мал аж ахуйн амьдралын шинэчлэлийг даган малчдын амьдралаас зайдуу болсон суран эдлэл хэрэгсэл нь орчин цагийн хүмүүсийн дур сонирхлыг татаж байлаа. Ялангуяа Өвөр Монголын аялал жуулчлалын хөгжлийг даган монгол гэрийн хэрэглээ аажмаар нэмэгдэж, монгол гэр доторх засал чимэглэлд суран эдлэл ч олон харагдах болж билээ. Монгол Улсаас ирсэн монгол гэр, суран эдлэл зэрэг бараа таваар нь Өвөр Монголчуудад таалагдаж байгаа нь энэ билээ.

Зохиогч: Шинэбилэг, Гоо, Билэгбаатар
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл