solongonews
“Бичгийн сурвалжит гэр бүл”-ийн яруу алдрыг хүртсэн Дугар гуай
2017-06-13 17:11
“Бичгийн сурвалжит гэр бүл”-ийн яруу алдрыг хүртсэн Дугар гуай

Хөвөөт Шар хошууны төвд өтлөх насаа баяр жаргалтай, бие эрүүл, ухаан саруул жаргааж яваа Дугар буурал тэтгэвэрт гарсан ахмад билээ. Дугар гуай 1956 онд бага сургуулиа төгсөж, 17 настайдаа хошууныхаа цагдаагийн товчоонд ажлын гараагаа эхэлж, 44 жилийн турш хошууныхаа прокурорт байцаагч дарга, сум шатны нарийн бичээч, хошуу ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дэд эрхлэгч зэрэг ажлын байранд хүчин зүтгэж явахдаа тухайн ажилтайгаа холбоотой ном сэтгүүлийг байнга анхааран уншиж, мөн ном уншсан тэмдэглэлээ нарийн хянамгай хөтөлсөөр ирсэн юм. Ахмад буурай залуу идэр үеэсээ өнөөг хүртэл “Өвөр Монголын Өдрийн Сонин”, “Шилийнголын өдрийн сонин”, “Амьдрал гарагийн сонин”, “Өнөр цэцэг” сэтгүүл, “Залуучууд” сэтгүүл, “Ураг гэр бүл” сэтгүүл зэргийг жил өнжилгүй захиалан уншихын зэрэгцээ тэмдэглэл хөтөлж, мөн уншсан ном сэтгүүлээ нямбай сайхан хадгалсаар иржээ.

Ном унших ба сонин сэтгүүл цуглуулахыг амьдралынхаа цэнгэл болгож явсан буурал орон, аймгийн телевиз, сониноос эрхлэн зохион байгуулсан олон олон оюуны тэмцээн уралдаанд оролцож мэдлэг хуримтлуулж, өөрийгөө цаг ямагт суралцуулсаар ирсэн билээ. Ийнхүү энэ онд Өвөр Монголын номын сангаас зохион явуулсан Өвөр Монголын хэмжээний “Бичгийн сурвалжит гэр бүл”-ийн шалгаруулалтад Өвөр Монголын 62 гэр бүл сонгогдон сайшаагдахад Дугар гуай Өвөр Монголын “Бичгийн сурвалжит гэр бүл”-ийн яруу алдрыг хүртэж, шагнал гардсан нь тэдний гэр бүлд бөөн баяр болсон юм.

Дугар гуай 70-аад оноос эхэлж 2010 он хүртэл цуглуулж уншсан 3000 гаруй дэвтэр ном, 13000 ширхэг сониноо хэдэн жилийн өмнө хошууныхаа номын санд хүргэж, өөрийн сэтгэлийн хайртай ном сэтгүүлээ өргөн олон номын хорхойтнуудад хандивласандаа маш их баяртай байлаа. Дугар гуай: - Ном унших нь хүний оюун бодлыг гэгээн саруул болгож, мэдлэгийн цар хүрээг тэлдэг. Телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтгавал ном сэтгүүл унших нь хүмүүст илүү гүн гүнзгий сэтгэгдэл өгч чаддаг. Би нас ахихын эрхээр өөрийн олон жилийн туршид уншиж байсан ном бичиг, сонин сэтгүүл, хөтөлсөн тэмдэглэлээ хошууныхаа номын санд бэлэглэж, илүү олон хүүхэд багачууд, залуу үеийнхэн ном бичиг, сонин сэтгүүлээр хань болгож, номын гэрэл гэгээгээр амьдралаа гийгүүлж явахад урам зориг өгсөн хэмээн ярьж байлаа.

Буурай залуу зандан насандаа тухайлсан ажлын ололт амжилтаараа төв, орон, аймаг, хошуу шатны олон төрлийн шагнал урамшууллыг хүртэж явахдаа улам илүү хичээн ажиллах эрч хүчтэй болж, тухайн ажилдаа гялалзсан амжилт гаргаж, хүн ардынхаа хайр хүндэтгэлийг олсоор ирсэн юм. Дурдаж ярихад прокурорт ажиллаж байхдаа “Прокурорын салбарт зүтгэл үзүүлсэн” яруу алдрын үнэмлэх ба гавьяаны тэмдэг хүртсэн бөгөөд ӨЗО-ны прокурорын тэргүүний ажилтан, Шилийнгол аймгийн үлгэр жишээ прокурорын яруу алдар зэргийг хүлээн авсан түүхтэй. Мөн чөлөө заваараа сонин сэтгүүлд эх бичиг, мэдээлэл хангаж, монгол үг хэл үсэг бичгээ хүндэтгэн хэрэглэдэг сайн дарга, “Монгол соёлдоо хайртай хүн” хэмээн олон нийтийн бишрэл хүндэтгэлийг хүлээж байлаа. Хүүхэд бага үеэсээ өнөөдрийг болтол хүний амьдралын адилгүй нас, цаг мөчид ном уншиж гэр бүл, амьдрал ахуйдаа баяр жаргал авч ирсэн Дугар гуай “Хөвөөт Шар хошууны туршилтын нэгдүгээр бага сургуулийн түүх”, “Хөвөөт Шар хошууны ардын төлөөлөгчдийн байнгын хорооны түүх”, “Биет овооны түүх” зэрэг орон нутгийнхаа түүх соёлын тухай ном туурвих, видео бичлэг хийх ажилд оюун санаа, сэтгэл зүрхээ чилээж, өтлөхийн жаргалаа үзэг бийртэйгээ холбож ирсэн юм.

Хүн болгон өөрийн гэх амьдралын хүсэл зорилго, амьдрахуйн утга учир, амьдралдаа эрхэмлэн дээдэлдэг нандин зүйлтэй. Гэхдээ өнгөрөн одох он жилүүдийг өөрийн гэх үйлс бүтээлээрээ тэмдэглэж, эрдэм номын гэгээн оргилд амьдрал үйлсээ гүнээ утга учиртай, гялалзсан ололт амжилттай авч явсан буянтай буурлын маань эрэлхийлж хөөцөлдөж ирсэн бүхэн нь залуу үеийнхэндээ урам зориг хайрлах учиртай  билээ.

Зохиогч: Сайхан
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл