Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Цагаанбогд багийн залуу малчин Отгонбаатар орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж яваа бөгөөд 100 гаруй га нутаг бэлчээртэй айл жилийн орлого нь 1.1 сая юаньд хүрсэн гайхамшгийг харуулсан байна.
Мал сүргээ өсгөх ухаан
Отгонбаатарынх 1200 хонь, 60 гаруй үхэр, 40 гаруй адуу маллаж байна. Энэ намар нэг хургыг 700 юаниар 1000 хурга, 8000 гаруй юаниар 40 гаруй үхэр худалдаж, жилийн ерөнхий орлого нь 1.1 юаньд хүрч, цэвэр орлого нь 700 мянган юаньд хүрсэн байна.
Гэсэн хэдий ч түүнд оногдсон нутаг бэлчээр нь 300 гаруй га бөгөөд экологийн тэнцвэрийг баталбал 100-аад л хонь маллах аж. Малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч байгаа нөхцөл байдлыг Отгонбаатар нутаг түрээслэх, оторт явах, хашаалан маллах зэрэг олон аргаар мал сүргээ өсгөн орлогоо нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн өвлийн бэлтгэлдээ 240 мянган юанийн өвс бордоо оруулж, хонь үхрээ өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн ханш өнгөртөл таван сар тэжээж бордсон байна.
Үйлдвэрлэлийн зардлаа гамнахын ухаан
Өнгөрсөн жил Отгонбаатарын нэг найз нь Өвөр Монголын Тунляо хотод тарианы газар түрээслэн малаа өвөлжүүлснээс мал нь тарга хүч сайтай өвөлжиж, хавар төлийн үед буцаан авч ирэхэд бараг намрын тосон таргатай байв. Ингээд Отгонбаатар найзынхаа арга туршлагаар энэ намар Тунляо хотын Кайлү шяньд 333 га тарианы газрыг найзтайгаа хамтран 100 мянган юаниар таван сарын хугацаатай түрээслэн оторт явсан байна.
Энэ нь нутаг бэлчээрийн даацыг хөнгөлөн, тал нутгийн байгаль орчныг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардлаа хэмнэсэн нь мэдээж аж.
Орлогоо нэмэгдүүлэх ухаан
Отгонбаатар энэ хавар 1000 хурга тоссон байна. Төлөө ханшнаас 15 өдөр хойшлуулж тоссон учир хурганы бие жижиг. Үүнээс гадна энэ жилийн ханшнаас хойш бороогүй ган хуурай уур амьсгал хоёр сар үргэлжилснээр хурга нь тарга хүч муутай болжээ. 8 дугаар сард хургаа худалдана гэхэд жин дарахгүй. Тэрээр энэхүү байдлыг аргацаахын тулд 1000 хургаа бордсон байна.
- Энэ жилийн 8 дугаар сард бид хургаа худалдах гэтэл манай хурганы ихэнх нь бие жижигтэй учир нэг хурга 500 юань хүрэхгүй байлаа. Иймээс бордож эхэлсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд 1000 хурга бордоход 100 мянган юанийн өвс бордоо хэрэглэсэн. 10 дугаар сарын эхээр бордсон хургаа 700 юаниар зарсан. Хоёр сарын хугацаанд 100 мянган юанийн өвс бордоо хэрэглэсэн боловч нэг хурга дунджаар 10 кг тарга нэмэгдсэн. Өрөөр хэлбэл өвс бордооны заэдлаа гаргаад нэг хурганаас 100 гаруй юань олсон хэмээн Отгонбаатар танилцууллаа.
