solongonews
Сөнид Зүүн хошууны ардын наадам налгар сайхан боллоо
2019-07-18 16:10
Сөнид Зүүн хошууны ардын наадам налгар сайхан боллоо

     “Өргөн уудам тал нутаг, Шилийнголын уянгалал” шинэ Хятад улс байгуулагдасны 70 жилийн ойг тэмдэглэх Шилийнгол аймгийн найр наадмын галт бамбар дамжуулах үйл ажиллагаа, "Жаргалант тал нутаг, Шилийнгол" монгол бөхийн цуврал барилдаан, мөн Сөнид Зүүн хошууны арван дөрөв дэх удаагийн "Гилгүүн" Сөнид соёл урлагийн чуулган, өндөр настнуудынхаа насны баярыг тэмдэглэх найр наадам 2019 оны 07-р  сарын 15-наас бүх төрлийн үйл ажиллагааг эхлүүлж, 16-ны өдөр нээлтийн ёслол явагдуулж, 17-ны өдөр төгс амжилттай өндөрлөлөө.

      Наадмын нээлт нь Сөнид Зүүн хошууны аж ахуйн нийгмийн хөгжил, Сөнидчүүдийн зан үйл, соёл, амьдрал үйлдвэрлэлийн онцлогийг бүрэн харуулсан жагсаалын эгнээгээр талбайд орж, өрнөн хөгжиж байгаа Сөнид Зүүн хошуу, өөдлөн дэвшиж байгаа малчин түмний амьдрал үйлдвэрлэлийн байдлыг дэлгэн харуулав.

      Найрын үеэр "Гилгүүн" соёлын овоон тахилга, "Гилгүүн уянга" алтан одон шагналт яруу найргийн тэмцээн, Улаанмөчирийн уран сайхны тоглолт, шатрын тэмцээн, сур харвааны уралдаан, уламжлалт эсгий урлалын уралдаан зэрэг элбэг баялаг агуулгатай ажиллагаа өрнүүлж, малчин түмнээ баясгасан байна.

"Жаргалант тал нутаг, Шилийнгол" монгол бөхийн цуврал барилдаанд Улаанхад хотын Ар Хорчин хошууны Мөнхдүүрэн түрүүлж, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Сэцэнбилэг хоёрдугаарт, Зүүн Сөнид хошууны Амарцана гуравдугаарт, Хөлөнбуйр хотын Чандмань дөрөвдүгээр байранд тус тус орсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл