solongonews
Арван хурууны эрдэм шалгасан Авга бүсгүйчүүд
2017-03-31 11:53
- “3·8” тэмдэглэх оёдлын уралдааны татлал

     “3.8”-ны олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга бүсгүйчүүд ур авьяасаа сорин, олон хэлбэрээр баярын өдрөө урьдчилан тэмдэглэж билээ. 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш Авга хошууны хөдөлмөр ажил олголтын боловсролын суурин газарт болсон “Авга” хувцас загварын нийгэмлэг, хошууны эмэгтэйчүүдийн холбооны хурлаас хамтран зохион байгуулсан “3.8”-ны олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх оёдлын уралдаан нь тэр олон үйл ажиллагааны нэг нь байлаа.

Авга бүсгүйчүүд үйл оёдолдоо маш уран байдаг. Энэ удаагийн уралдаанаар монгол хувцасны шилбэ хадах, эмжээр дарах хийгээд хаваас хавахаар уралдааны төрөл болгон, вичатаар зар тараахад 70-аад хүн бүртгүүлэн, уралдаанд оролцсон юм. 

Их гол сумын Жинпин буурал 13 настайгаасаа үйл оёдол сурч, 15 настай байхдаа өөртөө эсгэж оёдог болсон үйл оёдолд дур сонирхолтой хүний нэг. Гэрийнхэндээ, хамаатан садандаа зориулж жилд арваад тэрлэг оёдог байна.

- Үйл оёдол гэдэг нарийн бөгөөд жигд байх хэрэгтэй. Газар сольж, оёдлын машин солихоор эхлээд гар  дасан зохицож чадахгүй яарч сандарч уралдааны дүнд нөлөөлөх шиг боллоо. Хаваас хавахдаа ахмадуудын үргэлж захиж сургадаг шиг уламжлалт маягаараа нарийн оёод нэлээд сэтгэл хангалуун байна. Одоогийн залуучууд ч сайхан оёж байна лээ. Нэг охин шилбэ хадахдаа уралдаан гэж тэмцээгүй нь тод харагдана. Харин ч  өөрийн урнаа нэг гайхуулна гэсэн шиг албадаж тогтоосон цагт нь дуусгаагүй ч хэн харсан ч шагшиж магтмаар сайхан уран оёсон байлаа хэмээн Жиньпин гуай үзэж харснаа бахархан дэлгэлээ. 

Ийнхүү шилбэ хадахад 80 минутын дотор товчоо зангидаж хайчлан суулгаж хадна. Хадаж дууссаны дараа шилбэний уртын хэмжээг 9 сантиметр хэмжээлж, эмжээр дарахад 50 минутад тугалтай  гурван эмжээрийн энгэр эмжиж заам залгах, хаваас хавахдаа 40 минутад хоёр нүдний хаваас хавах зэрэг баримжаагаар нарийн шалгаруулсны дүнд шилбэ хадахад Баянтуг сумын Сарантуяа, эмжээр дарахад Бэлгүүдэй суурингийн Хайтан, Хаваас хавахад Их гол сумын Жиньпин тэргүүн байранд тодорчээ.

Үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн баярын өдрөө угтсан уран гарын эрдэм шалгасан уралдаан хурц ширүүн өрсөлдөөнтэй болсон ч түүний цаана үндэстний соёлын баян өв, өвлөж уламжлах чухал чанар тодорч байлаа.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийн голын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл