solongonews
Хөдөлмөрийн хүч
2017-04-21 16:56
Хот орж бизнес эрхэлсэн Хөгжилт, Нарантуяаг сурвалжиллаа.

Баруун Үзэмчин хошууны Балгаргол суурин дахь “Туяа” цагаан идээний дэлгүүрийн эзэн Хөгжилт, Нарантуяагийн тухай хүмүүс “Энэ хоёр ёстой гар тэнцсэн хос шүү. Хөгжилт сүүгээ ээдүүлж боловсруулан хуруудаа хийнэ. Нарантуяа дэлгүүртээ цагаан идээгээ худалдана. Өдөр бүр ажил ихтэй” гэж магтдаг байна. Ийнхүү 3 дугаар сарын хорьдоор бид энэхүү хосыг сурвалжилахаар хүрэхэд Хөгжилт хуруудаа саяхан хийж дуусаад дэлгүүртээ ирсэн бөгөөд Нарантуяа цагаан идээгээ худалдаж байлаа.

Хөгжилт, Нарантуяа нар Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Эрхт-Овоо багийн малчин болно. Тэднийх 53 га нутаг болон цөөн хэдэн малаа дүүдээ үлдээж, 2008 онд хот орсон байна. Ийнхүү хот орсны дараа Хөгжилт хүний машин түрээслэн түрээсийн тэрэгний ажил хийж байжээ. Нарантуяа анх хот ороод оёдлын газар ажиллаж байснаа сүүлд нь нэгэн настай ээжийн цагаан идээний дэлгүүрт хурууд хийх ажлыг нь хамжин хийж өгдөг байв. Хэдхэн сарын даараа цагаан идээний дэлгүүрийн настай ээж дэлгүүрээ Нарантуяад шилжүүлж өгөхөөр болсон нь Нарантуяа, Хөгжилт хоёрт бөөн баяр болж, бизнес эрхлэх анхны аянаа эхлүүлсэн билээ.

Хөгжилт түрээсийн тэрэгний ажлаа хийхийн зэрэгцээ чөлөө заваараа нурааж байгаа байшингуудын хаягдсан модыг түүж, хурууд хийхдээ түлш болгодог. Нарантуяа аль бүхнээ арвилан хэмнэж цагаан идээгээ хийсээр иржээ. Тэд сургууль соёлын мөр хөөгөөгүй учир хуруудаа худалдахад жин ланг мэдэхгүй сандарч байсан гэнэ. Ажил ихтэй үедээ настай ээжийг дуудаж жин лан заалгадаг байжээ. Өдөр хоног өнгөрч жин таних болж, ажилдаа цагаарч эхэлсэн байна.

Тэд саалийн үнээний мал аж ахуйн талбайгаас өдрийн 400 кг сүү худалдан авдаг бөгөөд үүрийн таван цагаас эхлэн ажилладаг юм. Хөгжилт ч гал түлшийг нь ойртуулж өгөхийн зэрэгцээ цагаан идээ хийхэд нь дэмжлэг үзүүлсээр байв. Хатуу ажил хүнийг гомдоохгүй гэдгээр 2011 он болоход Хөгжилт бие даан цагаан идээ хийж чадах болов.

- Сааль сүүний ажлыг ганц эмэгтэй хүн л хийдэг биш. Эрэгтэй хүн ч эмэгтэйчүүдээс сайн хийж чадах боломжтой. Хоёр жил эхнэртэйгээ хамт ажилласаар байгаад өөрөө хийж чаддаг болсон. Хурууд хийхэд хамгийн чухал нь галаа сайхан тохируулахад байдаг. Том тогоонд хурууд нухахад харин эрэгтэйчүүд илүү тохиромжтой байдаг гэж Хөгжилт ярьж байна.

Цаг үеийн хөгжлийн дагаад хотын цагаан идээ хөдөө нутгаас элбэг болж, малчид хотод өөрийн давуу талаа түшин хөл тогтох шинэ орон зайтай болсон байна. Энэ замаар замнасан Хөгжилт, Нарантуяа хоёрын цагаан идээний борлуулалт сайжирч орлого нь нэмэгдсээр байлаа. 2013 онд зэргэлдээ өрөөгөө ч түрээслэн авч “Туяа” цагаан идээний дэлгүүрээ нээжээ.

- Дэлгүүр том болж манай цагаан идээний борлуулалт илүү сайн болсон. Ямар арилжаа бизнес эрхэлсэн ч зах зээлийн хэрэгцээг ойлгох нь чухал. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний чанарыг батлах нь илүү чухал. Зочиндоо итгэл алдаж яасан ч болохгүй гэж Нарантуяа ярив.

Нарантуяа ёстой ажилсаг бүсгүй. Хөгжилт үдээс өмнө хуруудаа хийж дуусаад дэлгүүртээ ирэхэд Нарантуяа арьс шир элдэх ажлаа хийнэ. Тэрээр ойрын хэдэн жил хөдөө нутгаас арьс худалдан авч элдэж идээлэн утаж боловсруулан орлогоо нэмэгдүүлдэг байна.

- Сүүлийн гурван жилээс жил бүр зуу гаруй арьс аваад боловсруулсан. Бид өөрөө хурууд хийдэг болохоор цагаа, шар ус элбэг, яг уламжлалт аргаар арьсаа идээлж боловсруулахад бэлэн. Намар арьс бүрийг 250-300 юанийн үнээр худалддаг гэлээ.

Хөгжилт, Нарантуяа нар ч уламжлалт аргаар цагаа буцалгаж архи нэрэхэд мэргэшсэн. Үүнээс гадна бас аарц, сүүн хурууд, зөөхий, өрөм, ээзгий, цөцгий, цагаан тос, шар тос зэргийг хийдэг байна. Ийнхүү жилийн цэвэр орлого 100 мянга гаруй юаньд хүрч, өнгөрсөн жил 320 мянган юаниар байр худалдан авсан бөгөөд 170 мянган юанийн авто машин худалдан авчээ.

Ажилч хүний амьдрал өөдөө байх ёсоор Хөгжилт, Нарантуяа хоёрын бизнес нь өдрөөс өдөрт дэгжсээр. Нарантуяа 2015 онд Улаанхаалга сумынхаа хот орж бизнес эрхэлсэн үлгэр жишээчээр шагнагдсан бөгөөд 2016 онд Шилийнгол аймгийн “Уран дархан” цомын ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний цагаан идээ боловсруулах уралдаанд шилдэг шагнал хүртэж байсан түүхтэй.

Зохиогч: Э•ТУЯА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл