Үзэмчин нутгийнхаа уудам бэлчээрт монгол адуугаа бэлчээж, зун намрын сайхан улиралд унаганы зэл татаж, гүү сааж айраг исгэдэг энэ айлыг малчин Хөгжилт гэдэг. Хөгжилт Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Загастай багийн хүн.
Малчин Хөгжилт арваад жилийн өмнөөс гүү сааж, айраг исгэн зах зээлд гаргах замаар замнаж эхэлсэн билээ. Гүү сааж айраг борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэхээр 2004 оны 5 дугаар сард дүүгийн хамт 30 гүүгээ тээж, Өвөр Монголын төв Хөххотыг чиглэв. Ингээд Хорингэр шяниас жилийн 10 мянган юаниар 133 га талбай газар түрээслэн гүүгээ маллан айраг исгэсэн байна. Гэтэл сайн үйлд саад олон гэдгээр тухайн үед айраг хаана яаж борлуулах, айрагны зах зээл ямар байгаа зэргийг нарийн бодож үзээгүйгээс анхны туршилт бүтэлгүйтэж, хоёр сар гаруй ажиллаад хөлс хүчээ талаар урсгажээ. Харин ч 20 мянган юань алджээ. Ингээд аргагүйн эрхэнд бус нутаг буцах замдаа машин тэрэгний түгжрэлээс болоод арваад адуу нь хатаж үхсэн байна.
Анхны туршилт нь бүтэлгүйтэж бага бус хохирол учирсан боловч энэ ялагдалд зориг мохсонгүй. Ялагдлаас ухаан суусан байна. Орон нутагтаа айрагны үйлээ хөгжүүлэхээр болж, 2005 онд 75 мянган юаниар 15 гүү худалдан авчээ. Айргаа исгэн бага багаар борлуулахын зэрэгцээ айрагны ач тус хэрэглээг танилцуулах талаар олон ажил хийж эхлэв. 2008 онд Хөххот дахь Олон улсын эмнэлгийн хороотой хамтран ажиллаж, эмнэлэгт айраг нийлүүлж эхэлснээр тэдний цэгээний борлуулалт шинэ замыг нээж, арав хориод гүү сааж, өдөрт 50 кг айраг борлуулахад хэцүү байсан бол өдөрт 250 кг цэгээ борлуулахад асуудалгүй болжээ. Малчин Хөгжилтийн айрагны борлуулалтын зам аажмаар нээгдэж эхэлсэн ба хүмүүс айрагны ач тусыг сайн мэддэг болж, худалдан авах хүн олон болсон байна. Хөгжилт одоо 260 гаруй адуу маллаж байна.
Энэ жил 5 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 90 гаруй гүү сааж, 15 мянган кг айраг борлуулсан байна.
- Бид гүү барьж айраг гаргаад арваад жил болж байгаа болохоор цэгээ авах хүн олон, өдрийн айргаа өдөрт нь борлуулдаг. Хошууны төв, Шилийн хот, Хөххот, Бээжин зэрэг газраас захиалга ирдэг. Борлуулалт жилээс жил өргөжин тэлсээр байна. Борлуулалтын цар хүрээ өргөн болсон нь монгол адуугаа өсгөн үржүүлэх, адууны аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд их ашигтай хэмээн малчин Хөгжилт ярив. Хөгжилт айргаа кг бүрийг 26 юаниар борлуулж, энэ жил 290 мянган юанийн орлого олсон байна. Гүү барьж цэгээ гаргах нь ажил ихтэй ч сайн ажиллавал ашиг орлого өндөр гэдгийг малчин Хөгжилтийн үйл харуулна.
Хөгжилт зуны сайхан улиралд айраг гаргаж ашиг орлого олдог бол намрын сүүлээр хэсэг унаагаа худалддаг. Энэ жил дунджаар 2900 юаниар 100 унаагаа худалдан 290 мянган юань олжээ.
- Энэ жил унаганы үнэ сайн. Өнгөрсөн жилээс дахин өссөн байна. Адууны үнэ өсвөл адуунаас олох ашиг орлого ч нэмэгдэнэ гэлээ.
Малчин Хөгжилт өөрийн 400 га талбай нутагтаа 200 гаруй адуу маллаж, айраг борлуулах, унага даагаа худалдан 700 мянган юань олжээ. Адуугаа тарга хүч сайнтай байлгахын тулд жилдээ 120 мянга гаруй юань гарган 667 га талбай нутаг түрээслэн адуугаа бэлчээрлүүлдэг байна. Мөн жилдээ 2000-3000 боолт өвс авч бэлтгэдэг аж.
Айрагны борлуулалтын зах зээлийг амжилттай нээсэн Хөгжилт ирэх жилээс айрагны үйлдвэр байгуулан “Тулай хаан” тэмдэгт айраг савлан илүү өргөн зах зээлийг нээхээр бэлтгэл ажлаа хийгээд байгаа юм.
