solongonews
Хоггүй эрүүл орчны төлөө “Аян” үргэлжилсээр
2018-05-23 15:36
Хоггүй эрүүл орчны төлөө “Аян” үргэлжилсээр.......

Өнөөдрийн нийгэм асар хурдацтай хөгжиж байгаа нь манай цэнхэр гарагийн гайхалтай нэгэн үзэгдэл билээ. Энэ л асар их хөгжлийг дагалдаад хог хаягдлын тухай асуудал яахын аргагүй өнөөгийн нийгмийн “Толгойны өвчин” болоод байна. Улс орон хөгжихийн хэрээр техник технологи хөгжиж, улмаар хүний хэрэглээ үлэмж нэмэгдэн эцсийн үр дүнд хог хаягдал асар их хэмжээгээр ялгарч байгаа юм. Тиймээс хүн төрөлхтөнд хог хаягдалтай тэмцэхгүй бол болохгүй гэсэн ухамсар бий болж эхлээд байна. Холын биш, ойрын жишээг дурдах Өвөр Монгол орны маань хэмжээнд байгаль орчныг хамгаалах нийгэмлэг мөр мөрөө даран төрөн гарсаар. Эдгээр байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүд өөрөөсөө эхлэн, хоггүй эрүүл орчныг бий болгож, үзэсгэлэнт монгол нутгаа тэр л хэвээр нь үлдээхийн төлөө хүчин зүтгэсээр байна.

- Би бараг гучин жил хог хаясан хүн, одоо түүнийгээ түүж л байгаа хэрэг гэж Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны “Аян” байгаль орчныг хамгаалах ТББ-ыг санаачлагч Энхбат ахын хэлсэн үг сэтгэлд гүн үлджээ. Хариу нэхэхгүй сэтгэл гэж энэ л биз ээ. Ийнхүү Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны “Аян” байгаль орчныг хамгаалах ТББ-ын санаачлагч Энхбаттай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

- Та сайхан зусаж байна уу, “Аян” байгаль орчныг хамгаалах бүлгэмээ анх хэдэн онд санаачлан байгуулсан бэ. Энэ бүлгэмээ байгуулах болсон шалтгаан тань юу вэ?

- Сайхан, хариу мэнд хүргье. 2015 оны 05 дугаар сард “Аян” байгаль орчныг хамгаалах бүлгэмийг бидний хэдэн нөхөд үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухай үед миний бие хэдэн нөхдийнхөө хамт амралт чөлөөт цагаараа унадаг дугуйгаар аялдаг зуршилтай байлаа. Ерийн үед машинтай өнгөрөөд гарахад замын хажуугийн хог хаягдал элдэв зүйл нь төдийлөн мэдэгддэггүй байсан бол харин унадаг дугуй унаад суурингаасаа гарч явахад зам дагуу хаясан хог хаягдал овоорч, энд тэндгүй хөглөрөн тэсэхийн аргагүй муухай үнэр гардаг. Нөгөө л дугуй унаж агаар салхинд гарч буй хүмүүсийн урам харьж, энэ сайхан нутагт маань хог хаягдал үргэлжилж байгааг хараад харамсдаг. Үүнээс л шалтгаалж бид хог хаягдалтай тэмцэх зорилгоор бүлгэмээ байгуулсан даа.

- Анх хэдэн хүнтэй байгуулагдаж байсан бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

- “Аян” бүлгэм маань анх манай унадаг дугуйгаар аялдаг багийн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. 2016 онд Сөнид Зүүн хошууныхаа Иргэний явдлын товчоонд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авсан, одоо сайн дурын 153 гишүүнтэй болоод байна. Анх урам өгч дэмжих хүмүүс олон байсан ч үргэлжлүүлэн баримталж ажиллах хүмүүс цөөн байдаг. “Сайн юманд саад мундахгүй” гэдэгчлэн биднийг нэр хүнд, мөнгө төгрөгний төлөө, хийх ажилгүй хүмүүс, өнгөн талын ажил хийдэг гэх зэргээр зарим хүмүүсийн яриа чихийг маань дэлсдэг ч түүнийг ерөөсөө тоож байсангүй.

- Мэдээж, нэг ажлыг эхлүүлэхэд хүнд хэцүү зүйл олон тохиодог шүү дээ. Зориг шантарч байсан удаатай юу?

- Гурван жилийн хугацаанд зориг шантрах удаа ч олон байсан. Гэвч би өөрийн өсөж төрсөн нутгаа цэвэр, эрүүл орчинтой байлгахад өрөөлөөс надад нэг ихийг хүсэх шаардлага байхгүй гэсэн чанд бодлыг барин ажилласаар ирсэн. Монгол Улсын УИХ-ын гишүүн, Гавъяат жүжигчин С.Жавхлангийн “Бид нутаг ус, навтаг савтгаа цэвэр ариухнаар нь байлгахад биднээс нэг их юм шаардахгүй” гэсэн үг зүрх сэтгэлд минь шингэж, хөдөлгөх хүч болсон доо.

- Тогтмол хугацаатай хог хаягдал цэвэрлэдэг үү, эсвэл цаг заваа хардаг уу. Одоо хүртэл хичнээн их хэмжээний хог хаягдал цэвэрлээд байна вэ?

- Манайхан бүгд өөрийн гэсэн ажил албатай хүмүүс болохоор тогтмол бус хугацаатайгаар хог аягдал цэвэрлэх аянаа өрнүүлдэг. Мөн үүний зэрэгцээ “Байгаль дэлхийдээ хогоо бүү ил хая, хогны саванд хогоо хийнэ үү” гэх зэрэг сурталчилгааны ажлыг хийсээр ирсэн. Бид аль болох бодит ажил болгон баримтлахыг хичээж байна. Манай бүлгэмийнхэн үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл хог түүх аян болон сурталчилгааны арга хэмжээг нийт 173 удаа өрнүүлээд байгаа бөгөөд ойролцоогоор 216 тонн хог хаягдал цэвэрлэн хошуу суурингийн хог шийдвэрлэх цэгт авч ирж нийлүүлсэн.

- Таны энэхүү бүлгэм аливаа зардал мөнгөө өөрсдөө хариуцдаг гэсэн. Энэ тал дээр хүндрэлтэй зүйл их байдаг уу ?

- Бидний үйл ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ зардал мөнгөний асуудал их гарч ирж байна. Би өөрөөсөө нэг жилд 10 мянга гаруй юань гаргаж үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлдэг. Мөн 2017 оноос эхлэн гишүүн Түмэнжаргал ч гэсэн зардал мөнгөний тал дээр туслалцаа үзүүлдэг болсон. Хичнээн хүндрэлтэй зүйл байлаа ч бид үйл ажиллагаагаа таслаагүй, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

- Танай бүлгэмтэй адил бүлгэмүүд жилээс жилд олноороо гарч ирж байна. Тэднээс чухам юугаараа онцлог вэ ?

- Манай бүлгэмийг зарим нэг нь унадаг дугуйтай явдгаараа онцлог гэдэг. Үүнийг би ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид бүхэнд онцгойроод байх зүйл алгаа, хоггүй орчныг бий болгохын төлөө яваа сайн дурынхан. Мэдээж, бид уг нь хогоо зориулалтын бус газар хаядаг л байсан байх. Тиймээс одоо тэр хогоо түүж байна гээд ажиллахад л хангалттай юм.

- Бусад бүлгэмүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

- Манай бүлгэмийнхэн бусад ах дүү бүлгэмүүдтэйгээ ойр байж, байнга хамтран ажилладаг. Тухайлбал, Авга хошууны “Ирээдүй” байгаль орчныг хагаалах нийгэмлэг, Зүүн Үзэмчин хошууны “АЕI” нийгэмлэг, Баруун Үзэмчин хошууны “Нинжин хайр” нийгэмлэгтэй хамран жил бүр нэг удаа хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд манай хошуунд “АЕI” нийгэмлэг байгуулагдаж, бид хамтран нэг удаагийн хог хаягдал цэвэрлэх аянг зохион байгуулсан. Миний үзэж буйгаар энэ мэтийн нийгэмлэг харилцаа, хамтын ажиллагаа нь цаашдын хөгжилд ихээхэн ач тус гэж боддог.

- Байгаль орчны хогийг цэвэрлэхээс илүүтэй хүмүүсийн үзэл ухамсар дахь хог хаях тухайд зөв ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал юм. Энэ талаар танайхан хэрхэн ажиллаж байна. Хойшид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

- Мэдээж, хүмүүст хог хаягдлыг зөв шийдвэрлэх ухамсар бий болгох хэрэгтэй. Үгүй бол өдрөөс өдөрт нэмэгдэх хог хаягдлыг цэвэрлээд барахгүй шүү дээ. Энэ жилээс манай бүлгэмд олон багшийн ажилтай сайн дурчууд оролцож байгаа. Мөн миний бие гурван жил тус чиглэлээр ажиллаад бага ч гэсэн туршлага хуримтлуулсан. Тиймээс хойшдын ажлын төлөвлөгөө бол хүмүүсийн оюун ухаанд байгаа хог хаягдлын тухай асуудлыг авч хаях явдал юм. Гэхдээ энэ ажилд нэлээд цаг хугацаа шаардагдах болно. Одоогийн байдлаар эдгээр асуудалд хандуулан сургалт явуулах бэтгэл ажлаа хийж байгаа бөгөөд долоо дугаар сараас эхлэн сургалтаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

- Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа

- Баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.  /Бэлтгэсэн: М.БАНДИ/

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл