solongonews
Хаан сувилал компаний хөх аргалын шинэ бүтээгдэхүүн төрлөө
2019-07-19 20:14
Хаан сувилал компаний хөх аргалын шинэ бүтээгдэхүүн төрлөө

    Шилийн хотын Хаан сувилал компаний захирал Ганчулуу өнгөрсөн жилүүдэд хөх аргалаар хүж, үнсээр нь саван хийж зах зээлд нийлүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалд хүрч олон нийтэд танигдаж байсан бол одоо хөх аргалаар дахин нэг шинэ бүтээгдэхүүн хийж гаргаад байна.

Аргалын талаар байнга судалгаа хийж, гурван жилийн нар салхины энергийг шингээсэн хөх аргалаар цэвэр органик монгол бүтээгдэхүүн хийж бүтээнэ хэмээн хайгуул судалгаа хийж явдаг тэрээр нэг жил гаруйн хугацаанд хөх аргалын төөнүүр хэмээх шинэ бүтээгдэхүүн бүтээсэн байна.

Ганчулуу хөх аргалын төөнүүрээ монгол эмтэй хачирлаж бүтээсэн юм. Төөнүүр засал нь хүйтнээс шалтгаалсан олон өвчнийг анагаадаг засал бөгөөд хүний биеийн бэлчир буюу өвдөж байгаа хэсэгт нь халуунаар сэдэлт өгөхөөр дамжин өвчнийг намдаах үйлдэлтэй. Аргалын төөнүүрийг савны сэрүүн, хөл нуруу өвдөх, урд булчирхайн үрэвсэл зэрэг хүйтэн нойтны улмаас болсон өвчинд хэрэглэдэг байна.

Хаан сувилал компани нь хөх аргалын төөнүүрээ зөвхөн борлуулах худалдах зорилготой биш, харин үүнийг хэрэглэх арга, бие сувилах мэдлэгийг түгээхээр дамжин уламжлалт заслыг хүмүүст дэлгэрүүлэх зорилготой.

Шилийн хотын Хаан сувилал компаний захирал Ганчулуу 2017 онд ӨМӨЗО-ы 100 шилдэг экологийн шинэ бүтээгдэхүүн үүдсэн бизнес эрхлэгчээр шалгарсан байна. Тэр ямар ямар бүтээгдэхүүн хийсэн бэ? Энэ том шагналыг хүртсэн шалтгаан нь чухам юу бол? Тийм ээ, монголчуудын сайн мэддэг аргалыг алт болгож ашигласан. Аргал үнс бол түүний бүтээгдэхүүний үндсэн материал юм.

Ганчулуу олон жил Шилийн хотод эмчилгээний газар нээж 2015 онд Хаан сувилал компаниа ажиллуулсан. Тус компани нь монгол үндэстний уламжлалт бие сувилах соёлыг өвлөн уламжлах, залгамжлан дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Уламжлалт органик заслын ажлаа хийхийн зэрэгцээ аргалын тухайд судалгаа хийсэн. Японы шинжлэх ухаантны хийсэн аргалын талаарх судалгаа болон Энэтхэгийн нэгэн эмч монгол нутгаас хөх аргал үүрч хөх аргалаар уушгины сүрьеэ өвчнийг амжилттай зассаныг дуулаад Ганчулуу хөх аргал алт эрдэнээс ч үнэ цэнтэй гэж хэлсэн байдаг. Ганчулуу түүнээс хойш хөх аргалаар амьдралын хэрэглээний бүтээгдэхүүн бүтээж хүн арддаа эрүүл энхийн бэлэг болгохоор зорьжээ. Тэр аргалын утаанаас санаачлан хамгийн анх хүж бүтээхийг зорьсон гэх. 2015 онд өөрийн хийсэн хүжээ Хятадын хүжний бүтээгдэхүүний хяналт шалгалтын байгууллагад шалгуулан хөх аргалын хүжний утаа нь хүний биед хоргүйг гэрчилсэн байна. Ганчулуу 2017 онд Шилийнголын Ажил Мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагаа байгуулж хөх аргалын судалгааны төвөө байгуулан, аргалын судалгаа хийж байгаа судлаач, Өвөр Монголын шинжлэх ухаан мэргэжлийн их сургуулийн багш Бао Хайяньныг урьсан байна. Мөн Шилийнгол нутгийн 10 гаруй малчин өрхтэй харилцаж, 3 жилээс дээш хурааж хадгалсан аргалыг нь авчээ. Одоогоор түүний бүтээсэн 11 төрлийн хүж Хятад улсын 20 гаруй муж, хотод борлуулагдаж байгаа бөгөөд Хонгконгийн нэгэн дэлгүүр байнгын чанартай бараа захиалдаг болсон байна. Бас хөх аргалын үнсийг ашиглалтад оруулах зорилгоор үнсний найрлагатай саван хийжээ. Хөх аргалын үнсний саван одоогоор гар угаах саван, дотуур хувцас угаах саван, гал тогооны өрөөнд хэрэглэх саван гэсэн гурван төрөл бий.

Ганчулуугийн бас нэгэн бүтээл бол хөх аргалын халуун жин. 20 гаруй жил монгол уламжлалт заслаар олон өвчин эмнэн зассан Ганчулуу хөх аргалыг талхдаж, халуун жин тавихад хэрэглэх болсон байна. Сөнид баруун хошууны Санбулаг сумын Жаргалант багийн малчин Нар хэмээх өвчтөний хөл нуруу нь хуян шар усны улмаас алхаж чадахгүй болсон тул Ганчулууг зорин ирж эмчлүүлжээ. Ганчулуу долоон өдөр уламжлалт бариа засал хийж, өдөр бүр хөх аргалын халуун жингээр халааж өгснөөр эрүүл болсон байна.

Одоо шинээр зах зээлд гарсан хөх аргалын төөнүүр нь хөх аргалыг илүү сайн боловсруулан ашиглан бие сувилах мэдлэгийн гарын авлагыг дагалдуулсан байна.

 

 

Зохиогч: САРААНА
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл