solongonews
Байгалиас ивээсэн тансаг хишиг хадлангийн талбай дахь малчны баясал
2018-09-18 21:29
Хадлан бэлчээр халиурсан есдүгээр сард хадлан их гардаг Үзэмчин нутгаар хүрч сурвалжлага хийлээ. Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуу энэ жил сүүлийн жилүүдэд гараагүй хадлан гарч, энэ нутгийн ард түмнийг баярлуулсан байна. Дуутнуур суурин, Хатавч суурин, Саамай сумаар сурвалжлага хийхэд айл айлын бэлчээрээс хадлан гарсан малчин ард маш их баяртай байж билээ.

"Ах дүү гурав"-ын хамтын хүч

Баянжалгын хөндий дэх Борнуурын энгэрт гурван трактор холбосон юм шиг нэг л хурдаар өвс хатан хүрчигнэнэ. Хутганы мөрөөр өвс жигдрэн буух нь хачин гайхалтай санагдана. Хэсэг явсны дараа өвс хамах машинд нь асуудал гарсан бололтой нэг нь трактроосоо буухад нөгөө хоёр нь ч хадахаа зогсоон хажууд  нь очлоо. Уг нь хамуурын цөгц нь гээгдсэн байжээ. Хэдэн өдөр шаагьсан намрын борооны дараа энэ гурвын хадлангийн ажил ийнхүү эхэлсэн байв.
Энэ гурван хүн бол Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Баянжалга багийн Алтан-Очир, Заданваа, Бүтээгч нар аж. Хар багаасаа үерхэн өссөн унаган багийн найзууд болохоор бие биеэ сайн ойлгодог. Нэг худгаас ус ууж, бэлчээр нэгтэй малаа маллаж байсан болохоор үй зайгүй дассан ажээ. Сүүлд хэдийгээр сургууль соёлын мөр хөөж бичиг ном үзсэн боловч өсч төрсөн өлгий нутагтаа буцан ирж, өвөг дээдсээсээ уламжилсан мал аж ахуйн соёлоо уламжлахаар ханцуй шамлан орсон байлаа. Хөдөө нутгаар залуус цөөрч байгаа өнөө үед ийм сайхан гурван монгол залуу мал сүргээ маллахаар нутаг буцсан нь ёстой ч бахархмаар явдал билээ. Харин нутагтаа буцсан тэд аливаа бүхэнд үзэл бодол нэгтэй, ямаа самнах, хурга хайчлах, хөрзөн гаргах гэх мэтийн ажлаа хамтран хийж, нэг нэгдээ тус дэм болж ажлын хурд нэмэгдэн, ажил хийхэд ч урамтай болсныг хэлэх хэрэггүй биз. 

Таван жилийн өмнөөс хадлангийн цаг болоход хамтдаа хадландаа гарч, намрын шар наранд өвсөө хадаж хадланчдын баяр жаргалыг амсдаг болсон нь тэдний хувьд маш их аз жаргал санагддаг. Алтан-Очироор жишээлэхэд зуу гаруй адуу, хоёр зуугаад бог малтай, 7000 гаруй мү (1 га=15 мүтэй тэнцэнэ) нутаг бэлчээртэй. Заданваа,  Бүтээгч хоёр төрсөн ах дүү. Хоёр айлаараа 10000 гаруй мү нутаг бэлчээр, мянга шахам бог мал, хэдэн арван адуу үхэртэй. Баянжалга баг нь тогтсон хадлангийн газаргүй болохоор малчид жилийн өнгийг ажин өөрийн нутаг бэлчээрээсээ зохих газар зайчлан хадлан болгож, өвс нөөцөлдөг. Бүтээгчийнх жилдээ бараг 2000 шахам боодол өвс нөөцөлж, бэлчээр сайн жил өөрийнхөө хадлангаас өвс оруулдаг. Энэ жил 2000 орчим мү хадлан хадахаар төлөвлөж, 15 килограммтай 5000 шахам боодол өвс гарах юм.

- Энэ жил бэлчээр ус сайн болохоор хадсан өвснийхөө хагасыг нь худалдаж орлогоо нэмэгдүүлэх санаатай байна гэж Бүтээгч ярьж байлаа.

Залуу насны ааг омог нь бадарч яваа гурван залуу хадлангийн ажлаа хамтран хийж байгаа болохоор гурван айлынхаа хадланг хадаж дуусвал ойр орчмынхоо айлын хадланг хатан өгч орлого олдог байна. - Бид гурав өвсөө хадаад дуусчихвал хүнээр боолгож өөрсдөө тээдэг. Ингэж хадлангийн ажлаа хамтран хийх нь хэн хэндээ тустайгаар барахгүй бага бус зарлага хэмнэдэг хэмээн Заданваа ярилаа.


Хөдөөний хар бор ажилд дахин суралцаж боршсон тэднийг харахад 80-аад оны сүүлээр төрсөн гэж хэн хүн хэлэхээр боловч үнэндээ тэд 90-өөд оны сүүлээр төрсөн залуус байлаа. Үеийнхэндээ баймгүй эрт томоожсон тэднийг харахаар хөдөө нутгийн ирэх маргааш нүдэнд харагдах мэт болж билээ. 

- Манай гурван айлын нутгийг нийлүүлбэл 20000 шахам мү хүрнэ. Тиймээс сүүлд төмөр хүрээ буулгаж, бэлчээрээ сэлгэн зуслан өвөлжөөтэй болох юм сан. Хэрэв ингэж маллахад хүрвэл бэлчээр нутаг илүү сэргэх нь лавтай. Жил бүр хадлан гарахгүй гэж зовох юмгүй болно гэж Алтан-Очир алсын хараатай ярина.

Хадланд гарсан гурвын гэрийнхэн нь үдийн цай боорцог авч ирж өглөө. Харин тэгж байтал мотоциклын дуу сонсогдож, нутгийнх нь хоёр хүн энэ гурваар хадлангаа хадуулах санаатай ирсэн нь байв. Юу ч гэсэн ярьж тогтсон айлынхаа хадланг хадаж дуусаад болъё гэж тэд дуу нэгтэй хариуллаа.
- Хүнд зөвшөөрчхөөд хадаж өгч амжихгүй бол ажлыг нь саатуулна. Эхлээд өөрсдийнхөө хадлангаа оруулж байж болъё. Цайгаа уучхаад гарвал ч энэ хэдэн зуун мү газрыг дор нь цохиод унагана. Өөрсдийнхөө хадланг хадаад дуусвал айл саахалтдаа тусална хэмээн ярилцан цайгаа оочиллоо.
Хадланч залуу Сампилноровын ухаан

Намрын нар шаргалтан, салхины үзүүрт хялганын толгой цайран бөхөлзөнө. Дуунд гардаг Дуутнуур холоос цэнхэрлэн, орчмын хэдэн өдрийн үргэлжилсэн намрын борооноор голын хэвлий ихэссэн харагдана. Уул түшиглэсэн Дуутнуур суурингийн Дуутнуур багийн хадлангийн газарт хадлангийн толгой халиуран, өвс хадах машин ар араасаа цуварч, өвдгийн чинээ ургасан өвс мөдхөн зуур урт зурвас татуулан эгнэрэн унана. Зүүн өмнө дэнж дээрх хадлангийн газраас нэг хүн яаравчлан гарч жижиг ачааны машин барин давхин хадлангийн машины хажууд ирсэн нь Сампилноров байсан аж.

Машины бензин нь дууссан бололтой. Сампилноров ачааны машин дээрх бензиний саваа онгойлгож, нарийхан урт гуурс хийж, гуурсныхаа нөгөө үзүүрийг тракторын бензиний банканд хийлээ. Бензин нэмж дуусаад хадланч машинаа асааж дахиад л хадаж эхэллээ.
Сампилноров гурван жилийн өмнөөс эхлэн хос хутгатай өвс хадах машин 2, дан хутагтай өвс хадах машин 1, гурван трактор худалдан авч, гурван хадланч хөлслөөд Дуутнуур багтаа өвс хадаж эхэлжээ. Бэлчээр нутаг ихтэй Үзэмчин нутаг, нар хур тэнцсэн сайхан жил болоход намрын цагт хадлангийн  ургалт сайн, малчид хадлан авах нь олширно. Сампилноров  ч намартаа өвс хадаад 70-80 мянган юань олдог аж. Өнгөрсөн жил хур багатай Дуутнуур баг хадлан муу гарч, Сампилноров ч 50 мянга гаруйхан юанийн орлого олсон байлаа.

90-өөд оны сүүлээр төрсөн залуу гэх ч Сампилноров нар салхинд борлосон хөрслөг бор царайтай, хүдэр том биетэй, бие насандаа баймааргүй гэмээр хэрсүү, тогтуухан яриатай хүн байлаа. Дунд сургууль төгссөн тэрээр бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдөн бөхийн сургалтад явж байгаад  хөлдөө гэмтэл авч аргагүй гэртээ харьжээ. Малчин айлын хүүхэд эртнээс ажил хөдөлмөрт ордгийг хэн андах билээ. Сампилноров 18 наснаасаа ахтайгаа хамт хадланд гарч, өвс хадаж эхэлсэн байна. Эхлээд хүний хуучин өвс хадах машиныг хэрэглэж байгаад дараа жил нь 20 мянган юаниар шинэ машин авч хадланд гарч байсан үеэ дурсан ярив. Өөрийн хадлангаа хадаж дуусаад зав чөлөөгөөрөө айл усныхандаа хадаж өгдөг байсан гэнэ.

Харин одоо Сампилноров 100 мянган юанийн хөрөнгө оруулж, трактор, өвс хадах машин зэргийг худалдан авч, гурван хүн хөлслөн, өвс хадах баг байгуулсан нь энэ. Найман сарын хорьд есөн сарын эх болохоор багийн малчид болон бусад баг сумын хүмүүс өвсөө хадуулахаар Сампилноровт утсаар захиалга өгч эхэлнэ. Захиалга өгсөн дарааллаар хадланд гарч эхэлдэг. Биднийг хүрэхэд тэрээр энэ намрын захиалга өгсөн дөрөв дэх айлын хадлан дээр байсантай нь таарсан юм. Өмнөх хэдэн өдөр бороо орж, хадлангийн ажил жаахан саатаж, нар гарч өвс хөрс хатахыг хүлээх хэрэгтэй болжээ. Харин бидний хүрсэн өдөр намрын шаргал нар ээж, уяхан хонгор салхи сэвэлзсэн өвс хадах тохитой цаг байсан учир Сампилноров гурван хадланчтайгаа завгүй хадаж эхэлсэн нь энэ. Үүний дараа бас хоёр айл захиалга өгөөд байгаа гэнэ.
Энэ жилийн хадлангийн ургац ч өнгөрсөн жилийг бодвол хамаагүй сайн байлаа. Сампилноров нэг мү хадланг 6 юаниар хадаж, нэг намрын хадланд хэрэгтэй машины бензиний зардал нь 15000 юаньд хүрдэг. Үүний дээр өвс хадах машины хутга гээд бүх тоног, эргэ шурганы эвдрэлийн зардал, 200 юанийн хадланчийн өдрийн хөлсөө нэмэхэд зардал мөнгө багагүй хэрэглэдэг байлаа. Гэсэн ч эдгээр зардал мөнгөө хасаад нэг намрын өвс хадаад олох цэвэр орлого 80 мянга шахам юань хүрдэг гэж бодоход олз ч бага бус байгаа юм.
Яаруу давчуу алтан намрын хадлангийн цагт өвсөнд гарсан хүмүүсийн хоол хүнс гэж хуурай будаа, хатсан мантуу л голтой. Ээж нь Дуутнуур суурингаас хэдэн мантуу худалдан авч ирснийг хараад Сампилноров алт  тоссоноос илүү баярлана. Ажлын хүнд түргэн хоол гэдэг үнэн дээ. Хоёр өрөө бүтэцтэй хадлангийн гэрт нь ороход дотор нь унтлагын өрөө, гаднаа гал тогооны өрөө болдог ухаантай. Доороо дугуйтай гэр, тракторынхоо араас чирээд хаа газар ч гэсэн аваад явж болох хөнгөн хялбар  онцлогтой хадлангийн гэртэй болохоор Сампилноров хэдэн хадланчидтайгаа хээр хонож хэц дэрлэх учиргүй.
Бидэнтэй хэсэг ярилцаж зогссоноо цаана нь бас нэг хадланчийн машин зогсоход Сампилноров гүйж хүрэв. Машиных нь нэг бүс нь тасраад ажиллахгүй болсон байлаа.

- Суурингаас хүнд захиж даруйхан авахаас даа. Ингэж ажил саатаж болохгүй гэж Сампилноров хэлснээ гар утсаа гаргаж утастлаа.
Хадлангаасаа орлого олсон ухаан


Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Мандалт багийн малчин Эрдэнэмөнхийн гадаа хүрэхэд аргамаг хүлгүүд нь бэлчээртээ үргэн тоглож, саяхан нойрноосоо сэрсэн унага хөлөө олохгүй тогтвор алдан байх нь ёстой  л монгол нутгийн сайхныг өөрийн эрхгүй мэдрүүлнэ.

 Эрдэнэмөнх

Эрдэнэмөнх өвөг дээдсийнхээ уламжилсан 13000 орчим мү нутаг бэлчээртээ 80 гаруй адуу, 200 гаруй бог мал маллан тансаг сайхан амьдардаг. Хар багаасаа морь унан наадаж, адуунд дуртай байсан болохоор адуугаа гол болгон өсгөж байгаа нь энэ. Нэг үе Үзэмчин нутгаар ч адуу цөөрч, унааны морь ховордохыг биеэрээ үзэж өнгөрүүлсэн болохоор тэрээр адуугаа өсгөн үржүүлэхийг илүү ихээр хүсэн эрмэлздэг болжээ. Хөдөлмөр хүч дутагдахаас болон хадлангаа өөрсдөө хаддаг малчид одоо нэлээд цөөрчээ.

- Манайхан хадлангаа бараг жил бүр хүнээр хадуулдаг гэж Эрдэнэмөнх ярьж байв.
Өнгөрсөн жил их гантай байсан болохоор Эрдэнэмөнхийнх 300 гаруй мү бэлчээрээ хадуулсан боловч дөнгөж 200 гаруйхан боодол өвс авсан байна. Энэ жил бороо хур тэнцэж, бэлчээр өвс нэлээд сайн ургасан болохоор Эрдэнэмөнх 5000 орчим мү бэлчээрээ хадлан болгон хадаж байгаа аж. Өнө шиг сайхан жил болохоор бэлчээр хадлангаа зохицуулан бага зэрэг орлого олох нь зарим малчдын амьдрах ухаан болжээ. Өмнөх хэдэн жил багийнхаа хэдэн залуусаар өвсөө хадуулдаг байсан бол энэ жил Хэбэй мужийн Жанчхүү хаалганы баг ирж хадланг нь хадаж өгч байна. Энэ жилийн ургацын байдлаас үзэхэд Эрдэнэмөнх хадлангийн бараг мү бүрээс 70 кг орчим өвс гарахаар жишээлж, 35 кг боодлоор бараг арван мянга шахам боодол өвс авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Эрдэнэмөнхийн ярьж буйгаар 1 мү хадлан хадахад 6 юань зарцуулж, нэг боодол өвс бооход 4 юань зарцуулдаг. Үүнээс гадна ачиж оруулахаа бодвол Эрдэнэмөнхийнх өвсний ажилдаа жилдээ бараг 90 мянган юань зарцуулдаг байна. Өнгөрсөн хоёр жил гандсан болохоор эднийх гаднаас өвс бордоо худалдан аваад бараг 100 мянган юань заржээ. Энэ жил бороо хур тохирсон сайхан жил болсон болохоор гаднаас өвс худалдан авах хэрэггүй болж, бараг 70 мянган юань хэмнэсэн байлаа. Ингээд бодоход өвс бэлчээр ургац сайтай бол малчин ардын магнай тэнийх нь тэр. Харин ган гачигтай жил бол орлого бүү хэл, хэдэн малаа мэнд оруулахын төлөө өр өгцөөндөө баригддаг малчид олон байдаг.


Адуу жилд барагтай л тэжээл хэрэглэдэггүй болохоор Эрдэнэмөнх бог малдаа гол төлөв өвс бордоо нөөцөлдөг. Энэ жил 6000 боодол өвсөө худалдан орлого олох санаатай байгаа бөгөөд үлдсэн өвс нь мал унаанд нь хүрэлцээтэй байгаа аж. Уг нь  Эрдэнэмөнхийнх 1500 мүгээс дээш хадлан хадаж байсан удаагүй. Энэ жилийн өнгө сайн болохоор бэлчээрээ зайчлан хадлангийн талбайгаа нэмж орлогоо нэмэгдүүлэхээр бодсон нь малчдын бодит байдалтай яв цав нийцэж байлаа. Малын үнэ ханш тогтворгүй үе, жилийн өнгө сайн бол бэлчээрээсээ зохих хэсгийг гарган хадлан болгож орлогодоо нэмэр болгох нь хадлан гардаг, бэлчээр нутаг уужуу газрын малчдын авах ёстой арга зам болж болно.
Зах зээлийн өргөн орон зайд малчид маань өөрийн амьдрал ахуйн бодит байдалтайгаа уялдуулан орлогоо нэмэгдүүлж болно. Малын үнэ ханш сайн жил малаа илүү зарж, бэлчээр нутгийн тэнцвэрээ батлан орлогоо нэмэгдүүлж, үүнээс гадна өвс бэлчээр сайн жил хадлан бэлчээрээ зохицуулан хэсэг орлого олж болно.

- Худалдах өвсөө зах зээлийн үнэ ханшийг харж байгаад худалдана. Одоогоор нэг тонн нь дөнгөж 800 юань орчимд л хүрч байна. Жаахан үнэ хүрвэл сайн юм даа хэмээн Эрдэнэмөнх ярилаа.

Зохиогч: Баярцэнгэл, Од, Баясгалан
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл