
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Х форум нар хур тэнцсэн 07 дугаар сарын 04-нөөс 5-ны өдрийг хүртэл хоёр өдрийн хугацаатай Өвөр Монголын Ордос хотноо болсон юм.
Форумыг Хятадын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Ордос хотын намын хороо, Засгийн газраас зохион байгуулав.
Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон нөхөрсөг хөрш, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх эелдэг найз нөхөд. Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ илүү утга агуулга, ач холбогдолтой.
Нээлтийн үеэр Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумын 10 жилийн эргэцүүллийн видео бичлэг үзүүлж, Ордос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ню Жюнь-Янь угтах үг хэлэв. Хятад, Монголын холбогдох бүхий л төрийн байгууллагын дарга удирдлага нарын төлөөлөл үг хэллээ.
ХСНЭ-ийн намын дугуйлангийн нарийн бичгийн дарга, байнгын дэд ерөнхийлөгч Хү Шяохань:
- Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь хоёр улсын хэвлэл мэдээллийн цар хүрээн дэх байнгын солилцооны тогтоц болж, хоёр улсын соёл иргэншлийн солилцооны чухал арга зам болсон байна. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хоорондох бодитойг эрхэмлэсэн хамтын үйл ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хөгжлийг ухуулан сурталчилж, ард иргэдийн санаа бодлоо солилцож нэвтрэлцэх ажлыг удирдан дагуулах хэрэгтэй гэж хэллээ.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган:
- Хэвлэл мэдээлэл бол иргэдийн сэтгэл, улс хоорондын харилцааг холбож нэвтрүүлэх чухал гүүр юм. Хоёр улсын харилцааны хөгжлийг ахиулах ба ард түмний нөхөрлөлийг эрчимжүүлэх тулгар зорилт үүрэг хариуцлагыг үүргэлж байгаа юм гэж хэлэв.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаатар:
- Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монголын хооронд диполамт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Мөн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг үүсгэн байгуулсны 10 жилийн ой. Сүүлийн жиүүдэд Хятад, Монгол хоёр улс харилцан сурвалжлагч томилон солилцоо хийж сурвалжлан мэдээлж, хоёр улсын ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж нөхөрлөлийг зузаатгасан байна. Хятад улсын хэвлэл мэдээллийнхний Монгол Улсад хүрч солилцоо хийхийг хүндэтгэн угтаж байна гэж хэлсэн байна.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, ХСНЭ, МСНЭ, ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын хэлтсийн удирдлагаас Арвинбаяр, Гэрэлт, Т.Баасансүрэн, Ү.Хүрэлбаатар нарт “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг үүсгэн зохион байгуулалцсан онц зүтгэлтэн” нэрт өргөмжлөл гардуулсан байна.
Хятадын Олон улсын радиогийн Монгол хэлний албаны захирал Гэрэлт:
- Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум 10 удаа зохион байгуулагдаж, би 10 удаа оролцлоо. Өнөөдөр ажлыг маань үнэлээд “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг үүсгэн зохион байгуулалцсан онц зүтгэлтэн” өргөмжлөл олгосонд их баяртай байна. Форум нь эхэндээ хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага харилцан ойлголцож, харилцан танилцах зорилготой зохиогдож байсан юм. Хоёр орны хамтын ажиллагаа, ойлголцол солилцоог нэмэгдүүлэх тал дээр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулан хамтын ажиллагаагаа нягтруулсан байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага нэгжүүд мэргэжилтэн солилцох, сэтгүүлч томилох, нэгдсэн сурвалжилга хийх, Монгол Улсыг Хятад улсад танилцуулан, Хятад улсыг Монгол Улсад танилцуулах тал дээр хэвлэл мэдээллийн байгууллага маш их хувь нэмэр оруулсан байна. Улс орнуудын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ахиулах тал дээр ирэх жилүүдэд Хятад, Монгол, Орос гурван улсын форум зохион байгуулах санал дурдаад байна гэж хэлсэн байна.

Үйл ажиллагааны үеэр мөн Өвөр Монголын телевиз болон Улаанбаатар телевиз, Солонго мэдээллийн төв, Монгол Улсын Өнөөдөр сонин, Монголын үндэсний мэдээ телевиз, Хөххотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбар, Бугат хотын Засгийн газрын ХМА болон МСНЭ-ийн Орхон аймгийн салбар, Хөлөнбуйр хотын Засгийн газрын ХМА, Монгол Улсын Дорнод аймгууд санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохиогдсон байна.
Тус форум "70 жилийн уламжлалт найрамдлаа өвлөн Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ эринийг хамтаар цогцлооё" сэдвийн хүрээнд Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн ойлголцлоо цаашид гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, солилцоогоо өргөжүүлж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо, соёлын солилцоонд нэн сайн орчин нөхцөлийг бий болгон өгч, Хятад, Монгол хоёр улсын сайн хөршийн найрамдлын харилцааг сайжруулан хөгжүүлэхэд чиглэсэн байна. Мөн Хятад, Монголын XI удаагийн хэвлэл мэдээллийн форумын үйл ажиллагааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хийх сайхан болзоо тавьлаа.
Өвөр Монголын Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Өвөр Монголын СНЭ-ийн ерөнхийлөгч Жөү Чүньже “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эринийг хамтдаа байгуулъя” сэдвээр, МСНЭ-ий ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар “Монголын хэвлэл мэдээллийн хөгжил, хандлага” сэдвээр, Синьхуа агентлагийн редакцийн зөвлөлийн дэд дарга Бань Вэй “Хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг ахиулж хоёр орны сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё” сэдвээр, "Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Монгол Улсын сонин, сэтгүүлийн тойм” сэдвээр илтгэл тавьсан байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаатар:
- Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус форумд хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан туршлага солилцож, хоёр орны хамтын ажиллагааны талаар гүүр болж мэдээлэл дамжуулдаг. Энэ ажлын цаашдын чиг хандлага, өнөөгийн цахим эрин үе, технологийн хөгжлийн эрин үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид яаж ажиллавал илүү үр дүнтэй байх, хэрхэн яаж хоёр орны ард түмэн хоорондын найрамдал, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан гүүр болж ажиллах чиглэлээр ярилцдаг. Монгол, Хятад хоёр орон бол уламжлалт хамтын ажиллагаатай найрсаг сайн харилцаатай сайн хөрш. Хоёр улс хоорондын, ард түмэн хоорондын хамтын ажиллагаанд их чухал үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүргэдэг. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр улсын хамтын ажиллагаанд цаашид улам их хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга бидэнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн талаар ярилцлага өгөхдөө:
- Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 300 орчим цахим сайт буюу мэдээллийн сайт ажиллаж байдаг. Үүний дотор редактортой, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг таваас дээш редактортой сайт 100 орчим бий. Бүгд бизнесийн байгууллага буюу хувийн хэвшилт, ихэвчлэн мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед худалдаа арилжааны чиглэлийн сайт ч гарч байна, гэхдээ мэдээ мэдээллийн илүү түлхүү мэдээллийн урсгалыг бий болгож буй. Цахим хэвлэл мэдээллийн салбарын 300 орчим сайтын ард 800 гаруй сэтгүүлч цахим мэдээллийн ажилтнууд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад цахим хэвлэл мэдээлэл маш хурдтай хөгжиж байна гэж хэлж болно. Цахим хэвлэл мэдээллийн уншдаг, сонсдог, үздэг давуу талуудыг бүгдийг ашиглаж байна. Мөн дуу дүрс, зураг, animation бүх чиглэлээр ажиллаж, аль болох сонирхолтой байдлаар мэдээллийг хүргэх, өрсөлдөөнийг би болгон ажиллаж байгаа юм гэж ярьлаа.
Арга хэмжээний дараа форумд ирсэн төлөөлөгчид, сэтгүүлчид Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүс, Хияа суурин, Хияа багшийн дүүрэг, Ордос музейтай танилцсан байна.
Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ахмад гишүүн, судлаач, соёлын гавъяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсээр тойрсон тухайд:
- Өвөр Монгол орноор ирэх бүрт Чингисийн онгонд ирэхийг боддог. Нэг удаа ирээд сэтгэл ханахгүй дахиад очмоор л санагддаг. Чингисийн онгоны барилга байгууламжийн хувьд хувиралт их гарч, хөгжсөөр байна. Чингисийн онгон бол монгол хүний сэтгэл дэлхийд алдартай Чингис хааны алдрыг мөнхлөсөн, санаа сэтгэлийг илрүүлсэн онголсон дурсгалт газар. Орчлонд байгаа гурван эрхэм газрын нэг гэж ойлгодог гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх, харилцан ойлголцлын үндэс суурийг баттай тавихад энэ удаагийн форум чухал ач холбогдолтой болсныг Хятад, Монгол хоёр талынхан санал нэгтэй дүгнэсэн юм.
