solongonews
Үзэмчин нутгийн ихэр гурван бөх
2017-12-19 10:13
Ихэр гурван ах дүүг Алтан-Oчир, Мөнгөн-Oчир, Хүрэл-Oчир гэдэг. Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Сайн-Өндөр багийн малчин Хасдорж, Оюунчимэг нарын хайртай гурван хүү юм.

Ах дүү гурав хар багын бөх сонирхдог болохоор Баруун Үзэмчин хошууны 2-р бага сургуулийн 3-р ангиасаа эхлэн сургуулийн хүрээний “Аваргын өлгий” бөхийн өргөөнд хятад маягийн бөх, дэлхийн бөхийн сургуулилт, хошууныхаа монгол дунд сургууль, ерөнхий дээд зэргийн дунд сургуульд тус тус нийт 8 жил тасралтгүй дасгал сургуулилт хийсэн байна. Гурав хүү олон удаагийн бөхийн уралдаан тэмцээнд өндөр дүн гаргасан удаатай. Ялангуяа 2016 оны Хятад улсын хятад маягийн бөхийн залуучуудын уралдаанд шилдэг амжилт гаргаснаар Алтан-Очир Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн тамирчин, Мөнгөн-Очир, Хүрэл-Очир Хятад улсын хоёрдугаар зэрэглэлийн тамирчнаар шалгарсан байна.

Бөхийн өлгий хэмээгдсэн Үзэмчин нутгийн өрцөд өсөж төрсөн ах дүү гурав бөх сонирхохоор барахгүй хөл бөмбөг тоглох дуртай, сурлага хичээлдээ ч сайн. Сургуулийн бөхийн дасгалжуулагч багш Хүрэлбаатар:

- Энэ гурван хүүхдийн бага сургууль, дунд сургуулийн бөхийн дасгалжуулагчаар ажилласан. Миний гурван сурагч хичээл сурлагадаа хичээнгүйлэн суралцахын зэрэгцээ бөхийн дасгал сургуулилтаа ч сайн хийдэг. Улс орны уралдаан тэмээнд ч өндөр дүн гаргадаг. Соёлч, нийтэч, цог золбоотой сайн хүүхдүүд гэлээ.

Ихэр гурван бөх маань Өвөр Монголын дэлхийн бөхийн шигшээ багт нэг сарын сургуулилт хийгээд саяхан буцаж ирээд монгол бөхийн дасгал сургуулилтаа хийж байгаа аж.

- Миний гурван тамирчин бие багатай. Дэлхийн бөхийн дасгал сургуулилтад оролцоод сая л ирсэн. Хичээлдээ ч давхар явж байна. Гэвч энэ удаагийн монгол бөхийн уралдааны талбайд үзэгчдийг шагштал сайхан барилдаан үзүүлсэн гэж дасгалжуулагч Хүрэлбаатар ярив.

Уламжлалт биеийн тамирыг сургуулийн сургалтад оруулсан нь хүүхэд багачуудад бие махбодоо чийрэгжүүлэх нөхцөл боломжийг хангаж, залуу үеийнхэнд уламжлалт биеийн тамираа өвлөн залгамжлах боломжийг олгосон байна.

Зохиогч: Сурвалжлагч: Цэцэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл