solongonews
Ажнай хүлгээс төмөр хүлэг хүртэл
2018-12-10 13:00
Морь малыг орлосон зам тээврийн хөгжил

1990 оны эхээр буюу намайг ухаан орж байх үед зун болоход Өвөр Монголын Улаанхад хотын Линьдүн зэрэг газраас илжгэн тэрэг хөллөсөн тариачин хятад худалдаачид миний төрсөн нутаг Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Цагааннуур сумын нутгаар ирж, тарвас, алим зэрэг төрөл бүрийн жимс, хүнсний ногоо худалддаг байлаа. Харин сүүлд нь 90-өөд оны сүүл болоход тэд илжгэн тэрэг хөллөхөө больж, гурван дугуйтай трактораар жимс, хүнсний ногоогоо ачиж ирдэг болов. Тэд өргөн талыг илжгэн тэрэг буюу гурван дугуйт трактораар хөндлөн туулж, малчдын хэрэглээний жимс, хүнсний ногоог тээж авч ирэн зардаг байлаа. Харин өнөө тэр холын Линьдүн газраас худалдаачид ирэхээ больсон юм. Үүний шалтгаан нь малчид машин унаатай болж, байнга сумын төв, хошууны төв орж, наймаа арилжаа хийх боломжтой болсонтой шууд холбоотой юм. Мөн тухайн үед хэдэн айл хамтран Баруун Үзэмчин хошууны Горхон суурингаас өвлийн турш хэрэглэх ногоогоо авахаар аав ахмадууд маань явдаг байсан нь тод санагдаж байна. Тэрэг тэргээр хүнсний ногоог хэдэн айл хувааж авдаг. Хагасыг нь дарж, бүтэн өвлийн туршид олон төрлөөр хэрэглэдэг байв. Харин одоо шал өөр болжээ. Хувийн машинаар хошууны төв орж, хэрэглээний зүйлс, шинэ соргог хүнсний ногоо, амьдралын өдөр тутмын хэрэглээний зүйлсээ авч ирдэг болсон. Энэ нь мөн малчид машин унаа сайтай болж, сумын төв, хошууны төвөөр байнга ордогтой холбоотой.

1996 онд бага сургуульд суухаар сумын төвийг зорихдоо би траекторт сууж, 35 километр газрыг 3 цаг яваад очиж байсан юм. Тухайн үед манай багт машин, мотцикилтэй айл өрх тун ховор байдаг байлаа. Багийн хэмжээнд манай нагац зэрэг зэрэг цөөн тооны мянгат малчин өрхүүд нь ардаа чиргүүлтэй, 2 буюу 4-5 хүний суудалтай машинтай байсан. 

Уг нь аргал түүх, нүүж суухад шар үхэр хөллөдөг байлаа. Сүүлд нь манайх ачааны машин худалдаж авсан болохоор үхэр хөллөхөө больсон юм. Мөн үүнээс болоод монголчуудын хөллөгөөний шар сургадаг байсан сайхан заншил маань холдсон юм.

Монголчуудын хувьд өргөн тэмдэглэдэг баяр ёслолын нэг бол яах аргагүй цагаан сарын баяр гэдэгт эргэлзэхгүй биз. 90-өөд онд цагаан сар болоход үргэлж морь унан айлаар орж, битүүлж шинэлдэг байлаа. Битүүнд ойр хавийн айлуудаараа хүрч, үеийн хүүхдүүд, ах нартай хатируулж явах нь юутай сайхан санагдах билээ. Миний санаж буйгаар шинийн нэгний өглөө аавтайгаа мордоод гарвал багийнхаа баруун, хойд, зүүн гурван зүгт орших 30 шахам айлаар шинэлэн(шинийн золголт хийж), 50 километр газар аялан, үдээс хойш нар шингэхийн алдад гэртээ ирдэг байлаа. Тухайн үед эрчүүд морьтойгоо айлаар явж шинэлэдэг. Ийнхүү нутгаар минь бүхэл өдрийн турш морьтон шинэлэгчид зорчиж, баяр баясгалантай хөдөөний сайхан төрхийг бүрдүүлдэг. Шинийн хоёрны өдөр үлдсэн хэсэг буюу өмнө хэсгүүдийн айлууддаа шинэлдэг. Шинийн хоёрны өдөр айл цөөрсөн болохоор бид тайван шинэлгээ хийж явдаг. 20-30 морьтой хүн зам нийлж, хамтдаа хэсдэг болохоор Бурхатай овооны айлуудаар хүрч, буцах замдаа морь уралддаг байлаа. Үүний хажуугаар морь шинжиж, морио адилтгаж явдаг байсан санагдана. Харин өнөө болоход ихэнх хүн машин шинжиж адилтгаж явах болжээ.

2000 онд би хошууныхаа төв Улиастай сууринд хүрч дунд сургуульд суралцсан юм. Тухайн үед сумын төвөөс хошууны төв хүрэх засмал зам тавиагүй болохоор хот хооронд явдаг машинаар 180 километр газрыг 5,6 цаг аялж, маш ядарч туйлдан очдо байв. Харин өнөө чанар сайтай засмал зам, төрөл төрлийн суудлын автомашинаар 1-2 цаг давхиад л хүрдэг болжээ. 

Тухайн үед том том хотуудаар байдаг утаат онгоц манай хошууны төвийн дээгүүр нисэн өнгөрөхөд бид маш их сонирхож, их юм олж харсан мэт болж, нэг нэгэнтэйгээ санал бодлоо солилцдог байв. Нисэх онгоцыг анх удаа өөрийн нүдээр хар, гар хүрч үзсэн нь мөн л дунд сургуульд хошуундаа байх үед юм. Тэр нь царцаа зэрэг хорхой шавжийг устгах химийн ариутгах бодис шүршдэг, дээрээ сэнстэй тусгай зориулалттай нисэх онгоц л байсан юм. Хүмүүс их л гайхаж, хошууны захад байрлах газар дээр нь очиж сонирхон үздэг байлаа. Харин одоо Өвөр Монголын аймгууд бүгд нисэх онгоцны талбайтай болсноор онгоцыг хүмүүс нэг их сонирхоод байхгүй болжээ. Энэ нь төсөөлшгүй өөрчлөлт юм.

Зүүн Үзэмчин хошуунаас Шилийн хот хүрэх замд уг нь автобус л явдаг байсан бол өнөөдөр малчин жолооч нар ч орчин үеийн суудлын автомашин авч, хот хооронд явах болжээ. 90-өө оны сүүлч 2000 оны эхээр Шяли буюу Саньтана машинаар цагт 90-120 км/ц хурдтай явах нь маш их хурдаар явж байгаа мэт санагддаг байв. Харин өнөөдөр машинуудын төрөл олон болж, 130-150 км/ц хурдалж, аймгийн төв орох нь амар болжээ.  Өмөн нь 4-5 цаг зарцуулдаг байсан бол одоо замын чанар, машины зэрэглэл сайжирч 2 цаг гаруй л зорчвол хот ордог болжээ.

2006 онд би их сургуульд элсэн орж, Хөххотод ирэхэд мөн л хамгийн удаа энгийн ногоон өнгийн галт тэргэнд сууж ирсэн юм. Хөххот их том хот гэж бодож явдаг. Хэзээ нэг өдөр очно гэж мөрөөдөж, тэмүүлж явдаг байлаа. Учир нь дээдэс буюу аав, ээжийн үед ч Хөххотод ирж байгаагүй юм. Ирж байгаагүйн хамгийн чухал асуудал нь зам тээвэр, унаа хөсгийн асуудал байсан нь гарцаагүй. Өнгөрсөн 70, 80-аад онд Шилийн хотоос Хөххот хүрэхэд долоо хоногийн цаг зарцуулдаг гэж хүмүүс үлгэр домог юм шиг ярьдаг байсан. Манай дээдэс ч малчин заяагаа эдэлсэн хүмүүс болохоор Хөххотыг зорьсон хүн байгаагүй юм. Өнөөдөр болоход малчин ард түмэн ч Хөххот, Бээжин явна гэдэг тун амар хялбар явдал болжээ.

Би Хөххотноо суралцаж төгсөөд ажил албатай болоод 10 жилийн нүүрийг үзэж байна. 10 жилийн өмнө Хөххотын  гудамж талбай дугуйгаар  голлодог байсан бол өнөөдөр машин унаа олширч, замын түгжрэлийг үүсгэдэг том шалтгаан болжээ. Машины үнэ ч буурч олон төрлийн шинэ хуучин загварын машин гарч, зээлээр машин авах боломжтой болжээ.  

Ингээд бодоход бүх төрлийн машин унааг хот, хөдөө гэсэнгүй олж харах болжээ. Сүүлийн жилүүдэд Хөххотоос Ордос хот, Бугат хот, Жинин хот хүрэх чиглэлийн хурдны галт тэрэг нэвтэрч, цагт 200 км/ц хурдтай аялах болсон. Тэрчлэн Хөххотноо 2019 оны сүүлээр метротой болохоор бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байгаа билээ. Мөн Хөххотоос Бээжин чиглэлийн хурдны галт тэрэг нь илүү их өөрчлөлтийг  авч ирэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ийнхүү зам тээврийн хурдтай хөгжил нь уламжлалт мал унааг чөлөөлж, нийгэм нийтэд илүү амар хялбар нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Зохиогч: Нийтлэл: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл