
Нутаг бэлчээрээ зөв зохистой ашигласан малчин
Сэтгүүлч саяхан Баруун Үзэмчин хошууны нутгаар сурвалжлан явахдаа хошуун төвөөс 100 гаруй км зайд хамгийн баруун хойд захаар байрлах Баянхошуу сумын Хонгор багийн малчин Ролмаажавынх гэдэг айлд хүрч билээ.
Эднийх ам бүл гурав, хувийн 380 гаруй га нутаг бэлчээртэй бөгөөд дээр нь дүүгийнхээ 130 га нутгийг түрээсэлж, нийт 500 гаруй га нутаг бэлчээртээ 300 хонь, 20-иод л үхэр малладаг аж. Экологийн орчинг хамгаалан, нутаг бэлчээрийн тэнцвэрийг батлах нь малчин Ролмаажавын баримталдаг зүйлийн нэг байжээ. Үзэмчин хонь малласаар ирсэн тэрээр байшин барилга, хашаа хорооны талаар бүтээн байгуулалт сайтай байлаа. Ялангуяа 2016 онд 24 цагийн цахилгаантай болсноор хөдөөний амьдрал нь хотоос дутах зүйлгүй тохилог болсон байна. “Хөдөлмөрийн жишээч”, “10 одтой чинээлэг өрх” зэрэг шүүгээ дүүрэн өргөмжлөл нь хамгийн түрүүнд нүдэнд тусаж, ажилсаг, хичээнгүй айл гэдгийг харуулна.
- Өнгөрсөн жил малын үнэ овоо өндөр байлаа. Энэ жил их буухгүй байвал болно. Манайх нэг хургыг дунджаар 740 юаниар 300 гаруй хурга зарж, 200-аад мянган юань олсон. Хөгшин буурай 30-аад хонийг дунджаар 850 юаниар, хэдэн тугалтай үнээгээ 40 мянга юаниар зарж 300 гаруй мянган юанийн орлого олсон хэмээн гэрийн эзэн олзуурхан ярилаа.
- Манайх гэдэг айлд хөдөлмөр хүч дутуу байгаа нь хамгийн гол асуудал болоод байна. Хүү, бэр хоёр маань ажил албатай учир хошууны төвд амьдардаг. Ачтай болсноос хойш гэргий маань хүүхэд харах албанд оногдсон. Ийнхүү би ганцаараа мал маллах болсноор хоньчин авч, жил бүр 36 мянган юаниар цалинжуулан, мал ахуйгаа хамт хариулан амьдарч байна гэж Ролмаажав ярив.
Ролмаажав ганц хүүгээ 2014 онд гэрлүүлж, хошууны төвд 350 мянган юанийн байр авч өгчээ. Харин эхнэртэйгээ Үзэмчин хониныхоо үүлдрийг сайжруулан малласаар иржээ. Үүлдэр сайтай 300 гаруй хонь нь жил бүрийн 03-р сараас төллөж эхэлдэг байна.
- Манайх ер нь бол хониндоо 11-р сараас өвс тэжээл өгч эхэлдэг. Өнгөрсөн жил харин өнтэй сайхан өвөл болсон учир 12-р сарын эхээс тэжээж бордож эхэлсэн. Үхэр хонио өглөө оройдоо хоёр удаа өвсөлж, хониндоо үдээс хойно нэг удаа бордоо өгч байна. Өвс бордоо тэнцээд л ирвэл тарга хүчээ алддаггүй. Эх малынхаа тарга хүчийг баталгаатай болговол төл ч сайн бойжиж, намартаа өндөр үнэ хүрдэг хэмээн мал маллах туршлагаа хуваалцлаа.
Ролмаажав жилийн дөрвөн улиралд малынхаа захаас дэмий л холддоггүй гярхай малчин. Өвөл хаврын улиралд хонь малынхаа бэлчээр усыг эвтэй сайхан тохируулан тарга хүчийг нь баталдаг болохоор намар хургаа өндөр үнээр зарж чаддаг нь түүний мал маллах хашир туршлага аж. Тэднийх мөн гэрээсээ нэлээд алс ууланд 130 гаруй га нутагтай ба хур бороо элбэг жилд хадлан сайн авч, гаднаас өвс худалдан авах шаардлагагүй байдаг. Өнгөрсөн өвлийн бэлтгэлдээ энэхүү хадлангийн нутгаасаа 2000 боолт өвс хадаж бэлтгэсэн бөгөөд гаднаас нэмж 15 кг-ийн 2000 боолт өвс, мөн 6000 кг бордоо худалдан авсан байна. Шинэ ээлжийн нутаг бэлчээр, экологийн хамгаалалтын нөхөн олговрын төрийн бодлоготой уялдуулан Шилийнгол аймаг энэ жил нэг сарын хугацаатай хашаалан маллах болсноос Ролмаажавынх мөн 1000 боолт өвс, 1500 кг бордоо нэмж худалдан авахаар төлөвлөж байлаа. Энэ тухай тэрээр ярихдаа:
- Экологийг сайжруулан сэргээж, нутаг бэлчээрээ хамгаалах нь бид бүгдийн заавал гүйцэтгэх үүрэг хариуцлага гэж би боддог. Сохор балайгаар малын тоо толгойг нэмэгдүүлэхийг хөөцөлдөх нь амьдралаа дээшлүүлж байгаа явдал огт биш. Харин экологийг тачирдуулан муутгадаг юм. Дараагийн алхамд би төрийн бодлоготой уялдуулан, нутагтаа шилдэг үүлдрийн үхэр маллахаар төлөвлөж байна. Үхэр маллах нь хөдөлмөр хүчний шаардлага багатай, нутаг бэлчээрт ч гамтай. Манайхан шиг хөдөлмөр хүч муутай айлд илүү тохирно гэж байлаа.

Хургаа өндөр үнэ хүргэсэн малчин
Хасбаатар Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Ногоонбулаг багийн малчин юм. 2016 онд тэрээр 150 мянган юаниар санхүүжүүлж, Европ загварын байшин бариулсан бөгөөд 80 мянга гаруй юаниар байшингаа модон бүтэцтэй, монгол онцлогтой засаж чимсэн байлаа.
Гэр байшин, хашаа хорооны бүтээн байгуулалтыг сайн хийсэн суурин дээр эднийх малын хашаандаа алсын зайнаас удирдах систем ашиглаж, үхэр малаа бордон тэжээхэд хөдөлмөр хүч хэмнэх болсон аж. Хасбаатарынх өөрийн 288 га нутаг дээрээ бусдаас 233 га нутаг түрээсэлж, нийт 220 хонь, 90-ээд шарлай үхэр, 60-аад адуу малладаг байна.
Өнгөрсөн намар эднийх нэг хургыг дунджаар 910 юаниар 145 хурга зарж, хавь ойрын айлуудын дунд хамгийн өндөр үнэ хүргэсэн байлаа. Ингэхэд Хасбаатар хургаа яаж ийм өндөр үнэ хүргэж чадсан юм бол?
Хасбаатар 2009 оноос эхлэн сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийж, үхэр хониныхоо үүлдрийг сайжруулан, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх замыг барьж ирсэн юм. Тухайн жил 800 гаруй хониноосоо долоо наймхан эм хонь, хориод хурга, 50-иад сувай, нийт 80-аад хонь л үлдээж бусдыг нь зарсан байна. Энэ тухай Хасбаатар ярихдаа:
- Малын тоо толгой хөөцөлдөх нь тийм сайн үр дүнтэй арга биш. Харин экологийг хамгаалсан суурин дээр бэлчээр сэлгэн маллаж, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх нь хамгийн чухал. Манайх хониныхоо ихэнхийг нь зарж, шарлай үхэр тэжээж, жил бэр багаасаа цөөн тооны үзэмчин халзан охин хурга худалдан авдаг. Одоо манай хонины ихэнх нь шилдэг үүлдрийн үзэмчин хонь болсон гэлээ.
Эднийх түрээсэлж байгаа нутагтаа хонин сүрэг, бухтай 30-аад үхрээ бэлчээрлүүлж, зусландаа гуравдугаар үеийн шарлай үхрээ бэлчээрлүүлэн, гэрээсээ ойр байх 130 га нутагтаа хургаа бэлчээдэг байна.
- Манайх 05-р сарын 10 хүрэхэд хонь хургаа уулан дахь бэлчээртээ гаргаж, дураар нь бэлчээрлүүлдэг. 07-р сарын 20-оос хургаа эхээс нь салгаж, гэрийн ойр байрлах энэхүү бэлчээртээ авч ирдэг. Хургыг эхээс нь салгавал болохгүй, тарга алдана гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ тийм биш юм. Харин ч “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” сайн арга гэдгийг энэ хэдэн жилийн туршлагаасаа мэдсэн гэж Хасбаатар ярилаа.
Олон хүн хургаа бордон таргалуулж байгаад зардаг бол Хасбаатар харин хургаа огт борддоггүй, бэлчээрлүүлж байгаад өндөр үнэ хүргэдэг аж.
- Хургаа өндөр үнэ хүргэхийг хүсвэл шилдэг үрийн малыг сонгож, эх малын тарга хүчийг заавал батлах хэрэгтэй. Ингэж байж цатгалт сайн болох бөгөөд хурга торниун өсдөг. Манайх үрийн малын тусгай хоршооноос хуц түрээсэлдэг. Найман сар хүрч хуцаа сонгоод, есөн сарын сүүлээр авч ирэн сар шахам бэлчээртээ тавьж тарга хүч авуулаад, аравдугаар сарын сүүлээр хонин сүрэгтээ тавьдаг.
- Өөрийн хадлангаасаа авсан нарийн өвсөөр хонио өвсөлж, зориулалтын бордоогоор борддог. Өвөлдөө цас их орж, бэлчээр дарагдаад ирэхээр хонио өвсөлж борддог. Ихэнхдээ 11-р сарын 20-оос л эхэлж өвслөдөг. Тэжээгээд эхэлбэл бэлчээрт нь гаргадаггүй. Хэвтрийг нь хуурай байлгаад л байвал болно гэж Хасбаатар мал маллах туршлагаа ийнхүү бидэнд ярьсан юм.
Хасбаатар өөрийнхөө хязгаартай нутаг бэлчээртээ бусдаас нутаг түрээслэн сэлгэн маллаж, экологийг хамгаалахын зэрэгцээ шинжлэх ухаанч арга барилыг ашигласнаас цөөн малаас өндөр үр ашиг хүртсэн байна. Хурга нь хамгийн үнэтэйдээ 1029 юаньд хүрч, цөөн тооны хурга 700 гаруй юань хүрснээр хургаа дунджаар 910 юанийн өндөр үнэ хүргэсэн нь энэ байлаа. Энэхүү үр дүн нь түүний бусдаас ялгарсан мал маллах арга ухаан байв.
