
“Гэрэл ээж” хоолны газар Хятадын хамгийн амттай 100 хоолны газрын нэгээр тодорсон Өвөр Монголын цорын ганц хоолны газар болно. Үүдээр нь ороход монгол уур амьсгал аль ч салбараас нь мэдрэгдэж, хоолны амт үнэр нь ч үнэхээр сайхан байсан юм. Яг эндээс олон зүйл бодогдлоо.
Өвөр Монголд монгол хоол унд алдартай ч Хятад улсын хэмжээнд нэр алдартай нь ганц “Гэрэл ээж” хоолны газар бөгөөд үүнийг монгол хүн биш харин хятад хүн нээсэн байна. Монголчууд өөрөө яагаад ингэж сайхан хийж чадахгүй байгаа тухай олон талаас бодоод байхад юуны өмнө манайхан шинийг хийхэд хамгийн их анхаарлаа хандуулдаг ч хэрэглэж байгаа хэрэглэгчдэд илүү ашигтай, илүү хялбар болгохыг боддоггүйгээс шалтгаална. Өнөөдрийн монгол хоолны газар, оёдлын газар, хувцасны дэлгүүрүүд бүгд л шинэ зүйлийг нэвтрүүлэхийг хөөцөлдөж байна. Гэвч хоёр хонохгүйгээр бусад нь хуулаад хийдэг учир өөрийн хүч хөдөлмөр нь талаар өнгөрдөг юм.
Бид Томас Альва Эдисон цахилгаан гэрлийг бүтээснийг мэднэ. Гэвч Эдисоноос өмнө Оросын эрдэмтэн цахилгаан гэрлийг бүтээсэн байдаг. Тэр хэдийгээр бусдаас түрүүнд зохион бүтээсэн боловч хэрэглээ болгож чадаагүй учраас түүнийг хүмүүс сайн мэддэггүй. Харин Эдисон цахилгаан гэрэл нь ямар их ашиг тустайг эхлээд өөрөө ойлгож, дараа нь түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ямар их зүйлийг өөрчилж, түүндээ тулгуурлан ямар их мөнгийг олж болохыг хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгч, борлуулагч нарт ойлгуулж чадсанаар хүн төрөлхтний нийгэмд их гавьяа байгуулсан билээ. Иймээс бид шинийг бүтээхээс илүү өөрийн гэх зүйлээ зах зээлд гаргаж, илүү сайхнаар хэрэглээнд оруулж, хэрэглэгчдэд хэрхэн хялбар үйлчлэхийг бодох нь чухал гэдгийг ойлгоорой.
