
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хөгжихийг дагаад зах зээл ч явах тусам сайжирч, менежментийн талаар ч чангарсаар байна. Өнгөрсөн жил Хөлөнбуйр хот 17211 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын ерөнхий орлого нь 60.74 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 15.1 хувиар нэмэгджээ.
Сувдын сэтгэгдэл

Ананд толгойн оройгоос жижигхэн унадаг дугуй унасан долоон насны бяцхан хүү тарчигнатал давхиулсаар бууж ирээд эгнүүлэн босгосон арваад монгол гэрийн баруун хойнох байшингийн үүдэнд хүрээд, “Ээж ээ, гадаа машин ирлээ. Гурван хүн буулаа” гэж дамжуулна. Энэ хүүг Сэнгэ гэдэг. Хүүгийн аавыг Цэрэндагва, ээжийг нь Сувд. Тэд Хужиртын нуурын хөвөөн дэх Ананд толгойг бараадаж суурьшсан нь олон жилийн өмнөх явдал бөгөөд энэ сууриндаа жуулчны бааз ажиллуулсан он жилээ хуруу даран бодож үзвэл хорин жилд хэдхэн өдөр дутуу. Ананд толгой Хөлөнбуйр хотын Эвенк хошууны Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу багийн нутаг бөгөөд Шинэхэн баруун сумтайгаа нэг замаар зааглагддаг аж.
Тэднийх Ананд толгойн оройд ганц монгол гэртэй зүдүүхэн жуулчны бааз нээж байсан бол одоо цар хүрээгээ тэлж, арваад монгол гэртэй, хурим наадам зохион байгуулах, амрагч хүлээн авах томоохон бааз болжээ. Түүний ард энэ гэрийн ажилч бүсгүй Сувд, айлын эзэн Цэрэндагва нарын олон жилийн хүч хөдөлмөр шингэж байгаа юм.
1997 онд анх айл гэр болж байхад цөөн хэдэн малаас нь цүнхэнд үлдмээр орлогогүйн эрхээр жижигхэн хоолны газар ажиллуулж байгаад аялал жуулчлалын бизнест хөл тавьж, жил тутам өргөжүүлсээр өнөөгийн хэмжээнд хүрсэн нь энэ. Хөл ихтэй Хөлөнбуйрын зуны аялал жуулчлал хол ойрын хүмүүсийн мөрөөдлийн орон. Гэсэн хэдий ч чухам хэдэн жуулчин хүлээн авахаа тэд өөрсдөө ч мэдэхгүй. Холын хүмүүс ирж л байдаг, явж л байдаг.
Шинэ машинтай гурван хүн ирсэнд хүү Сэнгэ нь сандарч хэл хүргэж байна. Харин энэ үед нөхөр Цэрэндагва нь Хайлаар яваад гэртээ байсангүй. Энгийн үед ч гаднах ажлаа хийгээд тун завгүй тул аялал жуулчлалын газраа гэргий Сувд нь хариуцдаг юм байна.
Хүн ирэх чимээгээр Сувд монгол гэрийн доторхыг бага зэрэг засаж цэгцлээд, зочдоо хүлээн авна.
- Биднийг залуу байхад хийх гээд ч ажил олддоггүй байлаа. Орчин үед ажил байгаад хийх хүнгүй гэж энүүхэн хооронд бодож амжсан Сувд залуу насандаа нөхөртэйгөө ажил хайж, айлын үнээ хариулж байгаад сааль сүүг нь худалдаж орлого олдог байснаа дурсан ярив.
Анх жуулчны бааз ажиллуулж байснаа бодвол одоо ёстой хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Тухайн үед зөвхөн жуулчны орлогоор амьдарна гэж байхгүй гэж бодож байв. Харин одоо энэ нэг сар гаруйн аялал жуулчлалын үед 100 мянга гаруй юанийн орлого олдог болсон бөгөөд тоолж үзээгүй ч дотроо бол тоотой.
Жуулчид иржээ. Сувд шалавхан монгол гэрийн хаяагаа шууж, гэрийг нь хуваарилан завгүй ажиллаж эхэллээ.
Борхоны бодол
- 600 юаниар яаж арван хэдэн хүний хүнс хоолыг бэлтгэх вэ?
Энэ асуудал Борхоны санааг зовоож байгаа зүйл. Хөлөнбуйр хотын Эвенк хошууны Шинэхэн баруун сумын шинэ мал аж ахуйн дүүрэгт жуулчны бааз ажиллуулаад зургаан жил болж буй Борхоны хувьд энэ нь бодох ёстой асуудал байлаа.
Шинэ мал аж ахуйн дүүрэг гэдэг нь Шинэхэн баруун сумаас төлөвлөн хэрэгжүүлсэн төслийн 40 айл өрхийг хэлж байгаа юм. Энд бизнест хүч сорьж байгаа залуучуудад зориулан европ загвартай 40 зуслангийн байрыг хоёр мөр эгнүүлэн барьжээ. Борхон тэдний нэг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнест хүч сорих хүн газар авч эхэлсэн ч Борхон өөрийн гэсэн бодолтой.
2009 онд Борхон их сургуулиа төгсөж, нутаг буцжээ. Ингээд 2012 онд энэхүү шинэ дүүрэг байгуулагдахад жуулчны баазаа нээсэн байна. Гэвч энэ нь түүнд бизнест хүч үзэх анхны бодлыг өгчээ.

- Аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлэх вэ?
Уламжлалт аж амьдрал нийгмийн өөрчлөлтийг дагаад явах тусам мартагдаж, нүүдлийн соёл иргэншил ч өөрчлөгдсөөр байна. Хөдөө нутгаас уугуул соёлын үнэр явах тусам шингэрч, хүний хөл ихсэхийг даган хувирсаар байна. Борхон ч энэ хэдэн жил 200 мянган юанийн хөрөнгө оруулж, таван ханатай модон гэр барьжээ. Өвлийн аялал жуулчлалын бодож модон гэртээ цахилгаан халаалт хийв. Мөн цэвэр бохирыг шийджээ. Хоолны газраа хотын хоолны газрын стандартаар засаж чимэв.
Гэвч энэ бүгдээс уламжлалт амьдрал харагдахгүй. Гаднаа хэдэн монгол гэр босгож, хоногийн зочдод бэлтгэсэн ч тэр нь санаанд хүрэхгүй болохоор хуучин монгол гэр босгож, дотор нь эртний эдлэл хэрэгслийг олдох хэрээр цуглуулж тавив.
- Энэ монгол гэр бараг л надаас ч ах. Энэ авдар манай аав ээж хуримлах үеийн эдлэл. Энд байгаа нь айлаас авсан авдар гэж Борхон хүмүүст танилцуулна. Гэвч жуулчдын сонирхдог нь энд хонож болох эсэх, дотор нь халуун усны өрөө байгаа эсэх, ариун цэврийн өрөө байгаа эсэх байлаа.
Энэ бүхний өмнө Борхон үргэлж арга алдарна. Иймээс Борхоны аялал жуулчлалын газар нь “Жуулчлал” нэртэй хоолны газар болон хувирсан мэт. Ирдэг хүмүүсийн ихэнх нь жуулчид бөгөөд зарим нь хонио өөрөө авч ирэхэд Борхон тэдэнд янзалж өгнө.
Нэг. Тэгвэл 600 юаниар арваад хүний цагийн хоолыг бэлтгэж болох уу? Яахын аргагүй болно. Орлого олохгүйгээр арван хэдэн хүнд 600 юаниар хямдхан хоол бэлтгэж болно. Гэвч нэг хоёр удаад бол орлогогүй ажил хийж болно. Өдөр бүр орлогогүй байвал энэ нэг гэрийн хүн яаж амьдрах вэ?
Хоёр. Орлоготой болно гэвэл хямдхан юм зарж, худал хуурамч юм хийнэ. Ингэж өөрийн өртгийг бууруулбал орлого яахын аргагүй бага байна.
Гэвч энэ хоёр аргын аль нь ч тохиромжгүй болохоор Борхон хуучин зочдоо бодож, уламжлалт маягаар хийхээр шийджээ.
Бархын эрэл хайгуул
Домгийн юм шиг Долоотын нутагт долоон сарын нар тунарч, дөрвөн зүгийн жуулчдыг тайван амгаланд хөтөлнө. Энд чухам хэдэн нуур байгааг тоолсон хүн бараг л үгүй. Гэвч хавь ойрын хүмүүс энд ирж зусланд буудаг болохоор зун болоход хүн малын хөл их, хол ойрын жуулчид ч олширдог аж.
Барх үдээс хойш бас нэг хонь гаргажээ. Шанхайгаас ирсэн хэдэн хүн тэднийд бууж, хонь авна гэхээр нь хашаанд байгаа хониноосоо нэгийг татаж, удалгүй тогоонд хийв.

- Монгол нутгийн хонь шим сайтай гэж Барх ирсэн хүмүүст муухан хятад хэлээр танилцуулна. Эхлээд хятад хэл мэдэхгүй, зааж дохиод л болгочихдог байсан бол одоо эвлүүлэн ухаанаа ололцох болсон нь энэ.
Хонь гаргах, морь хөтлөх, ширээ бэлтгэх, хоног тохируулах гээд түүнд ажил мундахгүй. Энэ бүх зүйлийг тэд гэр бүлээрээ эвлүүлдэг болохоор зуны долоон сард завгүй байдаг нь аргагүй. Өөр ч яах билээ. Хөлөнбуйрын аялал жуулчлал нэг л сарын хугацаатай бөгөөд хэзээ нь хэдэн хүн ирэхийг мэдэхгүйгээс хойш ажилчин авна гэдэг боломжгүй хэрэг. Уржнан жил найман хүн ажилд авч жилийн орлого 180 мянган юанийнхаа 90 мянган юанийг нь цалин хөлсөнд өгсөн хатуу сургамжтай.
Хонио нядалж дуусаад Барх ирсэн зочдынхоо ширээг бэлтгэхээр ус унд ойртуулан завгүй гүйнэ. Гэрийнхэн нь гэдэс цутгах, гурил нухах, мах чанах гээд бас л хэдэн зүгт унасан малгай авах завгүй.
Тэднийх энд Хөдөөнуур хэмээх нүүдлийн соёлын онцлог бүхий жуулчны бааз ажиллуулан зургаан жил болжээ. Зургаан сард зуслангийн газартаа нүүж ирдэг бөгөөд гол нь жуулчны ажилдаа бэлтгэх, хол ойрын жуулчны баазтай харилцах, зочдоо хүлээн авах ажлаа хийнэ. Хавь ойрын хоньчид хүртэл тэдний жуулчны баазтай хамтран ажиллаж хонио зална. Ирсэн хүмүүс сүрэг хонийг дагаж хөдөөгийн амьдралыг үзнэ. Ер нь тэднийх Хөдөөнуурыг бараадаж буусан болохоор хөл ихтэй. Ирсэн хүмүүс ч юм юманд сонирхол нь төрдөг бөгөөд хонинд явах, сүрэг дагах, үнээ саах, морь унах, монгол гэрт суух, цагаан идээ хийх гээд олон ажилд өөрийн биеэр оролцох боломжтой болохоор их дуртай.
Барх ч зах зээлийн ухааныг олох гэж малчин ухаанаа шавхжээ. Жил бүрийн 05-р сард жуулчны компанитай холбогдож, жуулчдыг урина. Ингэснээр ирдэг хүн ч олширч, орлого ч нэмэгдэв. Хавь ойрын хоньчдод хонио нуурын зүгт хариулахыг захина. Ингэснээр хүмүүс тэдний жуулчны баазад бууна. Зуу гаруй хониноосоо жилд бараг 30-аад хонь жуулчны бааздаа зарцуулна. Энэ жил адууны хүн хөлсөлж, морь хөтлөх зэрэг ажилд туслуулав. Үнээ саах зэрэг ажлыг нэгтгэж, жуулчдын сонирхлыг татсан бөгөөд цагаан идээ хийжээ. Ингэснээр тэднийх нүүдлийн соёлын онцлог бүхий жуулчны бааз болж хөгжин жилдээ100 мянган юанийн орлого олох болжээ.
Сэрмүүний “нүүдэл”
Хошууны төв Амгалан сууринг бараадан урсах Өөхтийн горхи зуны наранд шижиртэн гялалзаж, хөл ихтэй зам дагуу хүний урсгалтай мөчөөрхөнө. Энэ нарийхан цэнхэр горхийн дэнжид Хөх түдэг хэмээх жуулчны бааз хоёр дахь жилээ угтан авсан бөгөөд эзэн Сэрмүүн, эзэгтэй Бүрэнгийн хөдөлмөр хүч, ур ухаанаар цэвэр цэмцгэр харагдах аж.
- Орчин үед хүмүүс монгол гэрийн хаяаны салхинд хөл амраад явъя гэх нь цөөрч дээ. Хотын хүмүүс ирэхээр л угаалгын өрөө байна уу л гэх юм гэж Сэрмүүн өглөөний цайгаа уух зуур гэргий Бүрэндээ ярьж суув.
Тэгэлгүй яах билээ. Тэднийх энэ нутгийг түрээсэлж жуулчны бааз ажиллуулаад хоёр жил болж байгаа ч хонох зочид өдрийн од мэт. Энэ нь гаднын жуулчдын дадал зуршилтай холбоотой бөгөөд тэдний жуулчны бааз нь Шинэ барга зүүн хошууны төв Амгалан суурингаас хэдхэн километр зайтай байрлаж байгаатай холбоотой аж. Хүмүүс тэднийд ирж хоол унд идээд л хошууны төвд хонохоор явах олон.

Нар дээшилж ажил эхлэх болоход эхнэр Бүрэн өчигдөр орой цэвэрлэж дуусаагүй хоолны газар, хоолны ширээ, зочны гэрээ цэвэрлэн завгүй ажиллана. Энэ үед долоо найман хүн ажиллуулдаг ч ажил тун ихтэй маш завгүй. Тэгээд ч олон олон ажилд өөрөө хөдлөх хэрэгтэй. Сэрмүүн ч ирсэн зочдоо хүлээн авах, гэрийг нь зааж өгөх гээд өдрийн ажил эхэлнэ.
Үнэндээ Сэрмүүнийх жуулчны бааз ажиллуулаад арваад жил болжээ. Гэлээ ч энд тэнд нутаг түрээсэлж нүүж буусаар дөрөв удаа газар сольсон гэдэг. Аав ээж нь ажилчин байсан болохоор нутаг хувааж аваагүйтэй холбоотой. Сэрмүүний үгээр “Даргын хүүхэд болж төрснийх” аж. Тэгээд л энд тэнд газар нутаг сольсоор ёстой “Нүүдлийн аялал жуулчлал" хийсэн хэрэг. Харин энэ жилээс Өөхтийн горхийн дэнж дэх энэхүү 200 мү (1 га 15 мүтэй тэнцэнэ) нутгийг 5 жилээр түрээслэхээр тохиролцоонд хүрснээр хөл тогтсон нь энэ.

Өөхтийн горхи олон жил мяралзан урссаар байгаа ч хүмүүс нэрийг нь мартах дөхжээ. Хэдийгээр нутаг хувааж аваагүй ч Сэрмүүн энэ л газар усан дээр өссөн хүүхэд. Эхнэр Бүрэнтэйгээ тохилог гэгчийн хоолны газар нээж, хорин жил болсон хэдий ч энэ жил жуулчны баазаа ажиллуулахаар 05-р сараас хоолны газраа түр хугацаанд хаасан байна. Сэрмүүний ганц хүү нь энэ жил Зүүн хойдын Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн боловч гаднын оронд явуулсангүй. Ганц хүүгээ нүдний өмнө байлгая гэж нутагтаа дуудаж, албаны шалгалтад оруулжээ.
Хүний сэтгэл, өсөж төрсөн нутаг хоёр ийм л холбоотой. Сэрмүүн өөрөө аялал жуулчлалын салбарыг сонирхдог бөгөөд Монгол, Орос зэрэг улс орноор явж, гаднын жуулчны салбараас суралцдаг. Эхнэр Бүрэн ч сайн ойлгож дэмждэг байна. Хоолны газар ажиллуулахын зэрэгцээ үс засах газар, хувцасны дэлгүүр ч нээж үзжээ. Харин одоо орлого сайтай болж, энэ жилээс өвлийн жуулчны бааз нээх ажилдаа бэлтгэж байгаа аж.
- Тавь хүрээд дөрөө чангарах нь энэ үү дээ гэж Бүрэнгийн бодно. Ажил өөдлөх амьдрал дэгжрэхээс илүү жаргал хаана байх билээ.
Сэргэлэнгийн жаргал
Үлгэрийн юм шиг Мэргэл гол угалзлан урсаж, үй түмэн адуу мал тархан бэлчих нь домгийн юм шиг үзэсгэлэн. Хүдэн манан хөнгөн цайлзаж, холын зүгт Шившин овоо нарны доор бараа харагдах нь жавхлан.
Энэ сүрлэг үзэмжийн дунд Сэргэлэнгийнх гэх жуулчны бааз Мэргэлийн хөндий бараадаж буугаад найман жил болсон аж. Энэ нутгийг Хуучин Барга хошууны Эвенк сумын Рашаан баг хэмээнэм.
Хур бороо тэгш бол хүний сэтгэл тэнэгэр. Азаар бурхан тэнгэр ивээж, энэ жил хур ус элбэг, өвс бэлчээр сайн болохоор Сэргэлэнгийнх 05 сар гэхэд л зусландаа бууж, жуулчны ажилдаа бэлтгэж эхэлжээ.
Харин тэднийх жуулчны бааз ажиллуулах болсон нь бас л нутагтай холбоотой. Анх жуулчны бааз ажиллуулахад нутаг нь ган гачиг ихтэй, бэлчээр өвс муу, малын үнэ ч тааруу байсан болохоор арга мухардаж, өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэхүү “Хоёрдугаар бизнес”-ээ эхлүүлсэн байна. Малчин хүн бизнес хийнэ гэдэг махаа идсэн ажил. Хөрөнгө мөнгө хүрэхгүй, зочид ирэхгүй, реклам сурталчилгаа мэдэхгүй, зах зээлийн ухааныг ойлгож мэдэхгүй, нутаг гандах, мал муудах гээд олон олон асуудал тасрахгүй. Хүн амьтан цөөн, ганц хоёр ширээ зочинтой байсан үед 300-500 юанийн орлоготой байсан гэдэг.
Харин энэ жил өөр. Гурван жил гандсан нутагт бурхны ивээл бууж, хөх ногоо цухуйж, хур бороо элбэг болжээ. Мэргэл голын ус ч эргээ тэлэн хөөж, мал унаа эрт тарга авсан нь жуулчны ажилд багагүй нөлөө үзүүлжээ. Сэргэлэнгийн жуулчны бааз ч өргөжсөөр... Өөрийн нутаг нь арай бага санагдаж 2800 мү нутаг түрээслэв. Анх гуравхан монгол гэртэй байсан бол одоо хоногийн хоолны гээд арван таван монгол гэртэй болж, тогооч өндөр цалинтайгаар ажилд авсан байна. Ажил ихтэй үед хавь ойрын саахалтынхан болон садан төрөл нь ирж тусалдаг болов.
Жуулчид ч хэдэн өдөр, долоо хоногоор ирдэг болжээ. Хэдэн өдрийн өмнө Ляонин мужаас ирсэн жуулчид гэр бүлээрээ долоо хоног амраад явжээ. Тэд өглөөдөө Сэргэлэнтэй хамт босож, үнээ саах, хонь гаргах, цай чанах, цагаан идээ боловсруулахыг үзэж сонирхдог бөгөөд нөхөр нь хонь малд нь явж туслахаар зүтгэдэг болсон байна. Ер нь тэднийд замын гийчдээс бусад нь ам дамжиж ирсэн зочид байлаа. Гэртээ ирсэн мэт болоод явах бөгөөд буцахдаа харин салж чадахгүй болдог нь их.
Одоо Сэргэлэнгийн жуулчны бааз өдөрт 5000 юанийн орлоготой болж, энэ зун гэхэд бараг л 200 мянган юань хормойлсондоо Сэргэлэнгийн сэтгэл дүүрэн.
Үсрэлтийн сүжиг
Холыг зорьсон авто зам талын дундуур мурилзсаар бараа тасарна. Олон арван хүн энэ замаар нааш цааш зорчсоныг тэнгэр л мэднэ биз. Харин Манжуураас Рашаан хүрэх энэ муж алсалсан авто замын хажууд Үсрэлтийнх гүү сааж айраг исгэдэг бөгөөд энэ нь нэлээд олон жил болсон тухай хөл амраад гарсан хүмүүс ярьдаг болжээ.
Үсрэлт 2012 оноос эхэлж гүү саах, айраг худалдах ажлаа эхлүүлжээ. Өнөө болоход арван дөрвөн тохилог монгол гэртэй, адуу тэмээд гээд таван хошуу малтай жуулчны бааз болон хөгжжээ.
Үсрэлтийн жуулчны баазад зочид хүлээн авахаас гадна олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Өнөөдөр мөн л Хөлөнбуйр хотын Шинжлэх ухаан мэргэжлийн нийгэмлэгийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг зохион байгуулахаар өглөөний нартай уралдана. Майхан барих, ширээ сандал тавих, ирсэн хүмүүсийг гэрт нь оруулах, үйл ажиллагааны талбайг зохицуулах гээд хүмүүс зүг зүгтээ гүйлдэнэ. Хажуугаар нь жуулчид морь унах, морь хөтлөх, мөнгө төгрөгөө хураах гээд юм ярих завгүй.
Энэ төрлийн үйл ажиллагаа хэдэн сар үргэлжилнэ. Хошуу сумаас зохион байгуулсан сургууль соёлын байгууллагын үйл ажиллагаа, өөрсдөө санаачилсан гэх мэт жил бүр уламжлал болон хэвшжээ. Энэ жил мөн л гурван улсын тал нутгийн бөхийн наадам анх удаа зохион байгуулж амжилттай болж өндөрлөв.

Үсрэлтийнх таван хошуу мал бүрэн ч адуу голлоно. Энэ нь тэдний айраг хийх ажилтай холбоотой аж. Хонь ямаа нийлээд 400 гаруй, арваад үхэр, арваад тэмээтэй. Харин адуу нь аль хэдийн 180 дөхжээ. Жилд бараг 2500 килограмм айраг худалддаг болжээ. Энэ жил сонирхолдоо хөтлөгдөж саахалт айлаасаа хоёр сарлаг худалдаж авсан байна.
Айрагны бизнесээр гол болгосон жуулчны бааз нь бусад жуулчны баазаас онцлог болжээ. Энэ жил гэхэд 2000 гаруй килограмм айраг исгэв. Килограммыг 60 юаниар худалддаг. Энэ нь нэлээд орлого авч ирнэ.
Манжуураас Рашаан хүрэх зам жуулчдын өнгөрдөг зам. Үсрэлтийн жуулчны бааз яг зам дагуу байдаг болохоор бууж суух хүн олон. Үүний дээр Шинэ Барга баруун хошууны Засгийн газраас аялал жуулчлалын танилцуулгын хурлаа Бээжинд зохион байгуулснаар Үсрэлт ч энэ хурлаар хол ойрын жуулчны компаниудтай хамтран ажиллах боломж олджээ.
Таван хошуу мал, Цавын нуур, Шар нүдэн овоо Үсрэлтийн нутаг ийм л тансаг үзэмжээр хүний сэтгэлийг татдаг ч Шар нүдэн овоо домог түүхтэй газар. Эрт урьдын нүүдлийн хүний домогтой Шар нүдэн овоо нутаг маань сүү саалиар элбэг байдаг болов уу гэж Үсрэлт сүжиглэн боддог аж.
