
Шилийнгол аймаг хөдөө аж ахуйн том аймаг байсан бол хөдөө аж ахуйн хүчирхэг аймгийг бүтээн байгуулах зорилго тавин ажиллаад арваад жил болжээ. Шилийнголын хөдөө аж ахуйн сүүлийн арваад жилийн хөгжлийг мэднэ гэвэл малын үүлдэр гарган эрлийзжүүлэх, хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг яригдах ёстой.
Малын үүлдэр гарган эрлийзжүүлэх
Энэ хэдэн жилийн турш Шил нутгийн ажилч малчид орон нутгийн малын чанар, ашиг шимийг өөрчлөн сайжруулах зорилтыг шийдэхийн тулд төрөл, зүйл, үүлдрийг харгалзан зөв шилж зохистой тохируулан сонгож нийлүүлэх, үржүүлэг хийж, өндөр үр ашигтай мал маллаж байна. Нутаг нутгийн малчид аймгийнхаа хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого болон орон нутгийнхаа бодит байдал, зах зээлийн эдийн засгийн байдлыг үндэслэн хөдөө аж ахуйгаа хөгжүүлж байна. Орон нутгийн үүлдрийн малын хувьд үзэмчин хонь, сөнид хонь, цахар хонь, урианхай хонь, авга хар адуу, үзэмчин цагаан адуугаа өсгөн үржүүлж байгаа бол гаднаас мах сүүний хос хэрэгцээт үүлдрийн үхэр, симентар үүлдрийн үхэр, улаан хар ангис үхэр, шилдэг үүлдрийн адуу, Ляонингийн ноолуурын цагаан ямаа зэргийг оруулан маллаж, чанартай цөөн малаас өндөр үр ашиг хүртэж байгаа билээ. Малчдын маллаж байгаа малын төрөл ялгааг ярихад, таван хошуу малаа цэвэр үүлдрийн үржүүлгийн арга, удам дагуулан үржүүлэн маллаж байгаа нь бий. Таван хошуу малыг тус тусад нь маллаж байгаа нь ч бий. Зөвхөн гаднаас оруулсан үүлдэр гаргах эрлийзжүүлэг, хэрэгцээний эрлийзжүүлэг хийж мал маллаж байгаа нь ч бий билээ.
Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн малчин Сайнбаяр шилдэг үүлдрийн үзэмчин хонио маллаж, хурган хуцаа 2000 юанийн өндөр үнээр худалдан орлого олж байгаа мал маллах нарийн арга ухаантай содон малчин юм. Хөвөөт шар хошууны Онгон-Уул сумын Алтан-Эмээл багийн малчин Туяагийнх цөөн малаас өндөр үр ашиг олдог айлуудын нэг. Энэ хавар гэхэд 108 хониноос 176 төл тосжээ. Өнгөрсөн жил малын үнэ бага байхад зуу шахам хурга худалдаад 60 мянга гаруй юань өвөрлөжээ. Авга хошууны Хонгор-Уул суурингийн Саруултуяа багийн малчин Насантогтохынх 60-аад л симентар үхэр малладаг ч тар тэнхээ сайтай үнээд нь жилийн дөрвөн улирал ялгалгүй тугалж, энэ айл жилийн дөрвөн улиралд малаа худалдаж орлого олдог байна. Үүнээс гадна сөнид тэмээ маллаж байгаа Алтансан, үзэмчин адуу маллаж байгаа Бөх-Эрдэнэ гээд бахархал болсон малчид Шил нутагт захаас аваад байгаа бөгөөд Шилийнголын хөдөө аж ахуйн хөгжилд өнгө нэмж яваа билээ.
Хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт
Арваад жилийн өмнөөс Шилийнголын малчид бүтээн байгуулалт хийж, мал маллахын ухал чанарыг илүү нэг алхам мэдэрч, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж эхэлсэн юм. Аймгийн хэмжээнд 50 мянга гаруй малчин өрх бараг бүгд ваар тоосгоны бүтэцтэй дулаан хашаа саравч барьж эхлэв. Тэрчлэн малчид хөдөө аж ахуйн жилийн орлогынхоо зохих харьцааг заавал мал аж ахуйн үйлдвэрлэлдээ зарцуулан, хэрэгцээтэй зүйлээ хийх буюу өмнөх хийснээ нөхөж засварт зарцуулдаг байна. Дулаан хашаа саравчны бүтээн байгуулалтыг сайн хийснээс малчид байгалийн гамшиг, зудаас айхгүй болсон. Худаг усныхаа нөхцөл бололцоог сайжруулах талаар автомат худаг малтах, ус тээх машин авах, ус хадгалах хуурай худаг гаргав.

Үүнээс гадна үйлдвэрлэлээ цахилгаанжуулах, автоматжуулах зэрэг дэд бүтцээ тасралтгүй сайжруулсаар байгаа. Сөнид зүүн хошууны Сайханговь сумын малчин Д.Баатарын байгуулсан 1000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хашаа саравч нь дугуй хэлбэртэй болохоор салхины нөлөөг хүртэх нь бага, цас элс амархан хурахгүй, нарны илч сайн нэвтрэх дээвэр хийж, өглөөнөөс орой болтол нарны тусгал маш сайн. Мөн агаар солилцох 12 сэнс угсарснаас өвлийн хүйтэнд чийгтэж цантахаас сэргийлэх ба хороон доторх агаарыг цэвэршүүлдэг байна. Хана хэрмийг нь дагуулан машинаар хонь хайчлах жааз угсарч, хашаандаа камер угсарснаар хашааны доторх байдлаа харж манахад маш хялбар. Хаалга олонтой болохоор хаалгыг нь хаахад битүү хашаа болж, хаалгыг нь нээхэд задгай хашаа болдог. Хашааныхаа хажууд машин төхөөрөмжийн хэсэг, манааны гэр, өвс бордоо талхлах машин, бордоо өвс хольж хутгах машин, хонь угаах онгоц зэргийг бүрдүүлж, хөдөө аж ахуйгаа технологиор удирдаж байна.
Малын ашиг шимийн борлуулалтын талаар
Шилийнголын малчид малаа сайн маллахын зэрэгцээ сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнээ нарийн боловсруулан өргөн их зах зээлд гаргаж, олон арван хэрэглэгчдийн гарт хүргэн орлого олж байна. Малчдын нээсэн сүү сүүн бүтээгдэхүүний дэлгүүр, үйлдвэр, компани малчин айлаас аймгийн төвд хүртэл сүлжээ болон хөгжжээ. Тэдний жилийн борлуулалтын орлого хэдэн арван мянган юаниас хэдэн зуун мянган юань хүрэх болжээ. Жишээлбэл, Шулуун хөх хошууны малчин Хурц 2002 онд “Тэнгэр тал” сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээ байгуулснаас хойш өнөөдөр болоход жилд 300 гаруй тонн ээзгий аарц хийж, Хятад улсын бүхий л газар борлуулан жилдээ 5 сая гаруй юанийн борлуулалтын орлого олдог. Тус хошуунд "Тэнгэр тал” шиг хөгжиж байгаа сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгж 20 гаруй байгаа бөгөөд цагаан идээ худалддаг дэлгүүр 100 гаруй байна.
“Бидэнд бохирдолгүй идээ ундаа байна. Бид эвдэгдээгүй байгаль орчинтой болохоор үүнийгээ ашиглан эдийн засгийн орлогоо олж л байх ёстой” гэж цөөн бус малчид ярьж байв. Тэд зун намрын сайхан цагт жуулчны бааз гарган хонь малын мах, гэдэс дотор, толгой шийр зэргийг нь нарийн боловсруулан борлуулдаг болоод олон жил болж байна. Сөнид баруун хошууны Ачит-Уул сумын Сайханшил багийн малчин Отгонбат малын ашиг шимийг илүү нарийн боловсруулан борлуулахаар судалгаа хийж байна. Тэрээр өнгөрсөн жил 400 мянган юанийн хөрөнгө оруулж, Сайхантал сууринд 10 тоннын багтаамжтай хөлдөөх агуулах, мах хатаах байр, нарийн боловсруулах байр зэргийг барьжээ. Отгонбат чанасан хонины махаа жижиглэн боож худалдвал 500 грамм бүр дээр таван юанийн илүү ашиг олдог. Борц 50 граммыг 20 юаниар, чанасан хонины махыг 50 граммыг нь 9 юаниар тус тус худалдана. Шийр толгойг сайн чанаад, хоёр шийрийг нэг уутанд хийж вакуумдаж бооно, толгойн махыг яснаас нь салгаж мөн вакуумдан боож худалддаг байна. Хонины сүүлээ арьстай нь авч хуйхалж цэвэрлэсний дараа дотор талыг нь дагуулан хуруу зузаан өөх үлдээж сүүлний дотор нь гол махыг хөмөлтэй хийж битүүлэн оёно. Ингэж чанаж болговол амт болон шим тэжээлээр охь хоол болж хэрэглэгчдийн таашаалд хүрч байна.
Малчид ингэж малын ашиг шимээ өөрсдөө боловсруулж борлуулж байгаагаар барахгүй, хоршоо нийгэмлэг байгуулан том аж ахуйтай хамтран малын ашиг шимийн бүтээгдэхүүн гаргалтаа сайжруулах зэрэг ажлуудыг судалж байна.
