Монгол үндэстний хувцас загварын XVI уралдааны эцсийн шатны шалгаруулалт 09-р сарын 25-нд Өвөр Монголын Улаанцав хотод боллоо. ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхимаас 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдаанд анх 18 баг оролцож байсан бол энэ онд 200 гаруй баг оролцжээ.
Уралдаан уламжлалт хувцас загвар, орчин үеийн хувцас засал, ажлын дүрэмт хувцас зэрэг гурван ангиллаар зохиогдсон бол анхан шатанд Өвөр Монголын 12 аймаг хот, Манжуур, Эрээн зэрэг газарт 14 уралдаан зохион байгуулж, гурван сар гаруйн шалгаруулалтаар тунаж үлдсэн Өвөр Монголын 55 баг эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөж, Хөхнуур, Шиньжян, Гирин, Юньнань зэрэг бусад муж, өөртөө засах орны 6 баг урилгаар оролцжээ.



