Алсад Аргалантай уул сүндэрлэж харагдана. Нутгийн нарийн замаар бид Алтан-Овоо суурингийн Баянтал багийн Хөхтолгой хэмээх газрыг зорин очлоо. Бэлчээр ус, таван хошуу малынхаа буянд шинэ амьдралаа цогцлоож яваа Эрдэнэчулуу гуайн шинэхэн суурин сүрлэг харагдана. Худаг руу хэдэн үхэр цуван, байшингийн араар уясан хорь гаруй ботго эхээ тойроод эргэлдэнэ. Малчин айлын ажил ахуй нар гарахын алдад эхэлчихсэн тун завгүй ажээ.
Эрдэнэчулуу гуай энэ өдөр адуугаа тамгалахаар адууныхаа эрэлд явсан байжээ. Гэргий Оюунчимэг нь худаг дээрээ тэмээ, үхрээ усалж байснаа гийчин ирэхийг хармагц машинаараа тэрхэн хоромд гэртээ ирлээ. Суурь төхөөрөмж бүрэн орон сууц нь хотын айлаас дутах зүйл алга. “Манхан нутгийн малчин айл аялал жуулчлалын өртөө” хэмээх хаягтай том хүрээнд хоёр монгол гэр, арваад өрөөтэй байртай байгаа нь мал мал аж ахуйн хажуугаар аялал жуулчлал хийдэг нь илхэн байлаа. 70-аад тэмээ 50-иад адуутай. Адуун соёл, тэмээн соёлд суурилан гүү саах, ингэ саахаар голлон цэгээ, ингэний сүү айраг худалдаж хол ойроос ирсэн жуулчид энд мал аж ахуйн амьдралтай ойртож цэгээ, ингэний сүү айраг ууж биеэ сувилж суудаг. Мөн Хөхтолгой нь Алшаа хошууны бичээч байсан Дашцэрэн нутаг бөгөөд 2016 онд энд Зармууд Дашцэрэн Анжаагийн хувь хүний музей байгуулж, хүмүүст дэлгэн үзүүлж байгаа болохоор өртөөний нэгэн соёлын тэмдэг болсон гэж Оюунчимэг бидэнд ярилаа. Удмаараа тэмээ морь хариулж явсан Эрдэнэчулууны хувьд энэ нь түүний шинэ амьдралын эхлэл юм. Эрдэнэчулуу гэргийтэйгээ анх айл болмогц нутагтаа сууж мал ахуй гэсэнгүй. Харин хүнээр малаа маллуулаад гэргийн хамт чулуу түүж худалдах, хоолны газар ажиллуулах, худалдаа наймаа хийх зэрэг олон төрлийн ажлыг хийж явжээ. Арваад жилийн турш хөрөнгө мөнгө хуримтлуулаад, хоёр жилийн өмнө нутагтаа буцаж, шинэ арга барилаар шинэ амьдралаа эхлүүлсэн нь энэ байжээ.
Эрдэнэчулуу тун удалгүй адуугаа цуглуулан ирж адуу тамгалах ажлаа эхлүүллээ. “Дэм дэмдээ, дээс эрчиндээ” гэдэгчлэн хол ойрын хүмүүс тэднийд ирж тусалж байлаа. Эрдэнэчулуу хүч чадалтайн дээр шаламгай, нүүр царайндаа хэзээдээ инээмсэглэл тодруулсан явна. Хоёр цаг гаруй болоод адуугаа тамгалж дууссан билээ.

Мал аж ахуйн амьдралдаа сэтгэл хангалуун яваа Эрдэнэчулуу Оюунчимэгийн царайнаас инээд баясал бялхана. Эрдэнэчулуу амрахын үед өмнөх зүдэж явсан түүхээ бидэнд ярьж байлаа. Тэд хүний газар хөндлөнгийн нутагт амь тэжээх шаардлагаар амьдралын хатууг үзэж зүдэрч байсан гэдэг. Нэг өвөл цас мөсөөр хучигдсан ээрэм хөдөө яс жингэнэмээр хүйтэн байлаа. Эрдэнэчулуу гурван дугуйтай машинаараа ачаа ачин явж, хойноос нь гэргий Оюунчимэг нь мотоциклтой унах алдан дөнгөж л нутгаасаа гарч Өлзий нутгийг чиглэлээ. Гар хөл бээрч хөлдөөд хэчнээн зам явснаа ч мэдэхгүй, нэг айл үзэгдэхээр баярласандаа ч юм уу хурдаа нэмээд явж байтал гэнэт Эрдэнэчулууны машин нь мөсөнд халтиран эргэлдэхэд араас нь гэргий Оюунчимэг ч мотоциклтойгоо халтирсан байна. Өлзий нутагт хүрээд нэг сар гаруй шатахуун түгээх газар ажилласан боловч цалин аваагүйн дээр өртэй болжээ. Тэр өвөл нь тавхан юаниар цагаалж байсан гэдэг. Гэвч амьдралдаа хашир явсан Эрдэнэчулууны хувьд энэ юу ч биш. Хоолны газар ажиллуулан их л завгүй байжээ. Нэг өдөр Эрнэдэчулуу өглөө эрт босоод гэргийдээ юу ч хэлэлгүй хөдөө гарч чулуу түүхээр яваад мана чулуу олж, хоёр мянган юаниар худалдаад гэртээ иржээ. Нэг өдөр ажил хийгээгүй ч их олзтой ирээд гардуулсанд гэргийн Оюунчимэгийн царайд нар гийж баярласан байна. Арга ухаан гаргаж мөнгө төгрөг олоод гэргийгээ баярлуулж явдаг нь түүний хамгийн жаргалтай цаг билээ. “Эр өсдөг эсгий сунадаг” гэдгээр эцсийн эцэст гэргийн хамт нутагтаа буцсан нь түүний хамгийн зөв сонголт болжээ. Таван хошуу мал маллах үнэхээр амаргүй ажил. Төл тосохоос эхлээд ботго дасгах, ингэ саах, гүү саах, мал ахуйгаа ноосолж эмнэх зэрэг нь малчдын өдөр тутамын ажил юм. Нийгэм хөгжихийг дагаад аливаа юм бүхэн хөгжиж хувирч байгаа энэ үед Эрдэнэчулуу гуай дээдсээсээ уламжилж ирсэн хуучин мал аж ахуйн арга туршлагаа мартахгүй даган мал маллах арга ухаан, мал аж ахуйн соёлоо уламжилсаар иржээ. Гэвч тэрээр шинэ цаг үеийн хөгжлийг бодож уламжлалт үйлдвэрлэлээ өөрчилж, мал аж ахуй болон аялал жуулчлалыг нэгтгэн шинэ үйлдвэрлэлийнхээ анхан шатандаа яваа аж. Эрдэнэчулуу “Таван сарын дундуур эрт ногоорвол гүүгээ сааж эхэлнэ. Өнгөрсөн хоёр сар л гүү сааж айраг цэгээ борлуулсан. Нэг гүүнээс өдөрт 500 гаруй гр сүү гардаг. Гүүг сааж сургах их амархан. Энэ жил аймгийн монгол эмнэлэгтэй хамтран айраг борлуулах төлөвлөгөөтэй байна. Айраг уушгины өвчинд хэрэгтэй болохоор хүмүүс их авч биеэ сувилдаг” гэж байв. Харин ингэ сааж сургахад гурван сар хэрэгтэй. Ингээд Эрдэнэчулуу Оунчимэг нар ингэ сааж сургах гэж их хүч, цаг зарцуулдаг болжээ. 2017 оны 06-р сард Эрдэнэчулуу зургаан айлтай нийлж “Сүүний үнэртэй малчин айл” хэмээх хоршоо байгуулж, хамтдаа ингэний сүү, айраг цэгээ худалдах болжээ.
“Өнгөрсөн жил суурингаа шинэчлэн засаад 530 мянган юань зарцуулсан. Манайх аялал жуулчлалын газраа дөрвөн одтой зэрэглэлийн стандартаар байгуулсан. Хойшдоо идэж уух, унтаж амрахад гээд олон талын сайн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Бас нэг төлөвлөгөө байгаа нь адууны хашаа барих санаатай байна. Хашаатай болчихвол гүү саах ажил амар болно. Тусгай хөлдөөгчтэй байр барьж малын мах худалдана гэх мэт маш олон ажил хийх төлөвлөгөөтэй байна. Нэг нэгээр нь хийнэ дээ” хэмээн Эрдэнэчулуу ажлын төлөвлөгөө ярьж байв.
Бас нэгэн зүйлд санааширч байгаа ажил бол музейд түүхэн эд бодис, ном судар, түүх соёлтой холбогдох зүйлсийг олон олноор нь тавьж, соёл түүхээ үр хүүхэд, тэрчлэн олон хүнд таниулъя гэсэн бодолтой байлаа. Нар барууншиж Аргалантай уулын сүүдэр зүүнш сунаж эхлэв. Эрдэнэчулуу Оюунчимэг нар хоёр өдөр дасгаж уясан ботгонуудаа эхтэй нь ойртуулна. Мал тэмээндээ хайртай малчин хүний өрөвчхөн сэтгэлийг үг ярианаас нь биш үйл хөдлөлөөс мэдэж болох ажээ. Тэдний үйл хөдлөлөөс малчин хүний чанар мэдрэгдэж байлаа.
