Насаараа үзээд арван үг цээжилсэн нэгэн байхад яах иихийн зуургүй ус цас болох нөгөө нь бий. Тэр дундаа олон зуун ханз, авиа эгшгээс бүтсэн Хятад хэлийг сурахад маш хэцүү гэдэг. Мөн насаараа сураад ч бүх ханз үсгийг нь цээжилж барахгүй гэж ярьдаг Хятад хэлийг багаасаа сурах сонирхолтой Ганхуягийн Одонтуяа Монголдоо их сургуулиа хятад хэлний мэргэжлээр дүүргэж, Хятад улсад хятад хэлээр магистр цолоо хамгаалсан. Одоогоор Хятадын Хунан Индустриал Экүйпмент Инстоллейшн ХХК-ны Монгол Улс дахь салбар компанид орчуулагчаар ажиллаж байна.
- Ярилцлага өгөхийг зөвшөөрч, цаг заваа гаргасан танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Ганхуягийн Одонтуяа гэдэг. Монгол Улсын Булган аймгийн уугуул. Аав ээж маань цэргийн хүмүүс. Би нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Булган аймагтаа арван жилийн дунд сургуулиа дүүргээд, Монгол Улсын Их сургуулиас хятад хэлний мэргэжлээр бакалавр хамгаалж, дараа нь 2010-2012 онуудад Хятад улсын Ланьжөү хотын Багшийн их сургуульд Хятад хэлний мэргэгжлээр магистраа хамгаалсан. Одоо Хятадын Хунан Индустриал Экүйпмент Инстоллейшн ХХК-ны Монгол дахь салбар компанид орчуулагчаар ажиллаж байна.
- Та яагаад Хятад хэлийг сурах болсон бэ. Хятад хэл сурахад аав ээж тань хэр дэмждэг байв?
- Дунд сургуульд байхад англи хэлний хичээл боловсрол түлхүү заадаг байсан. Тухайн үед англи хэл сурахын хажуугаар давхар хэл судлах тийм цаг боломж байсан болохоор би Хятад хэл сурч эхэлсэн. Бараг л азаар сурсан юм даа. Хятад хэлийг дөрвөн цаг судлах хөтөлбөртэй байсан. Тэнд хятад хэл сурахад маш их боломжийн, сонирхолтой санагдсан. Тэгээд л англи хэлийг улам гүнзгийрүүлж явна гэж бодож байснаа хятад хэл болгож өөрчилсөн. Тухайн үед Хятад хэл үнэхээр их сонирхолтой санагдсан учраас Хятад хэл сурах шийдлээ гаргаж тэр үеэс л хятад хэлтэй харьцаж эхэлсэн дээ. Дараа нь Хятад улсад очиж Хятад хэлээр бакалавр хамгаалсан. Аав ээж маань их дуртай хүлээн зөвшөөрч дэмжсэн.
- Хятад хэлний багшийн мэргэжилтэй гэсэн. Ингэхэд сурахад хэцүү байсан уу. Сургуулиа дүүргээд тухайн үед Хятад хэлний багш болох боломж байв уу?
- Би гадаад хэл сурах их сонирхолтой, хятад хэлийг мөн өөрийнхөө сонирхлоороо сурсан. Хэцүү гэхээсээ илүү дуртай байсан. Хятад улсад магистр сурч байх хугацаандаа Монгол Улсад ирж бага ангийн хүүхдүүдэд хятад хэл заан, хятад хэлний багшаар дадлага хийж байсан. Чадвар, заах аргын хувьд бол боломжийн санагдсан, хүнд боловсрол олгох хэмжээнд бүрэн боломж байсан. Харин багшийн ажлын байр цөөн учраас тэр боломж надад тохиогоогүй.
- Та Ланьжөү хотод гурван жил сурсан оюутнуудын нэг. Гадаад оюутны нүдээр харахад Хятадын хөгжил хэр байсан бэ?
- Дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хувьд Хятад улс бол дэлхий дээр тэргүүлж байгаа улс. Үйлдвэрлэлээ дагаад эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Үүнийг хүн болгон хүлээн зөвшөөрч байгаа. Хаашаа ч харсан Хятадаас сурах зүйл олон. Тэр тусмаа Хятад хүний хөдөлмөрч зан чанар, тултал үйлчилгээ хийдэг байдлуудаас Хятад улсын хөгжлийг тодорхой олж хардаг. Жишээ нь, сэтгүүлч бол сэтгүүлчийн ажлаа сайн хийдэг, худалдагч бол худалдагчийн ажлаа сайн хийдэг. Үйлчилгээний тал дээр сурах зүйл олон байсан.
- Одоогийн хятад компанид ажилд орохоосоо өмнө та монгол компанид ажиллаж байсан гэх юм. Ингэхэд Хятад компани болон Монгол компанийг харьцуулахад ажлын тал дээр хамгийн тод ялгаа юу байна?
- Хятад хүмүүсийн цаг барих, ажлын ачаалал даах чадвар сайн байдаг. Дарга цэргийн ялгаа тод, ажил үүргийн хуваарилалт тодорхой. Би энийг л хийх ёстой гэдгийг сайн ойлгодог. Ажлын үндсэн үүрэг их ойлгомжтой.
- Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Мөрөөдсөн бүхэн биелээд байдаггүй. Ер нь таны мөрөөдөл юу вэ. Мөрөөдөл тань биелсэн үү?
- Миний одоогийн хийж байгаа ажил мэрэгжил бол яалт ч үгүй миний өөрийн хүсэл. Би гадаад хэлний чиглэлээр ажиллахыг хүсдэг байсан. Миний сурсан мэргэжил ч гэсэн мөн л хэл. Одоо хятад хэл сурчихсан орчуулагчаар ажиллаад явж байна. Дуртай сонирхолтой юмаа хөгжүүлээд ахиад өөр ертөнцийг нээх, эсвэл өөрийгөө өөрөөр нээх боломжтой юм байна гэдгийг хүн ер нь ажиллах явцдаа мэддэг юм байна. Өдөр ирэх тусам чиний бодол зорилт тасралтгүй нэмэгдэж байдаг. Тиймээ, сурсан мэргэжил дээрээ хөгжүүлээд би ч өөрийгөө өөрөөр нээх бодолтой байгаа.
- Орчуулга хийнэ гэдэг маш хэцүү хэдий ч мөн их сонирхолтой сайхан байдаг. Таны бодлоор орчуулагч хүний хамгийн давуу тал юу вэ?
- Орчуулагч хүний хувь биеийн хөгжил богино хугацаанд хурдан өсдөг. Энэ бол бидний хувьд туулж өнгөрүүлж байгаа зүйл. Өдөр болгон ажлынхаа шаардлагаар янз бүрийн төвшний хүнтэй уулзана. Мэдээж өөр салбарт ажиллаж байсан бол маш богино хугацаанд том төрийн хэмжээний дарга сайдтай уулзах боломж цөөн л байх. Өдөр болгон янз бүрийн орчинтой танилцаж, харилцаа үүсгэнэ. Энэ явцад бидний хувь хүний хөгжил дээр асар богино хугацаанд олон зүйлийн мэдлэг нэмэгддэг. Олон хүнтэй харилцаа тогтоож найз нөхөдтэй болох боломж өндөр.
- Сүүлийн жилүүдэд Хятад улсад маш олон оюутан залуучууд сурах болсон байна. Дүү нартаа хандаж юу зөвлөмөөр байна?
- Аливаа улс оронд очоод тухайн улс орны хүмүүсийн соёл, хоол хүнс, идээ ундаа бүх зүйлийг нь эхлээд хүндэл. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг. Байгаа юмыг нь яг байгаагаар нь хүлээж авах ёстой. Дасан зохицох чадвар байх л юм бол ямар нэгэн бэрхшээл гарахгүй. Харин чи байх хугацаагаа илүү их үр дүнтэйгээр ашигла, сурахыг хүссэн зүйлээ бүгдийг нь сайн сураад ирэх боломжтой байдаг юм шүү гэж хэлмээр байна. Тухайн газрын байр байдлыг нь байгаагаар нь хүлээж аваад, сурах боломжоо сайн ашиглаад, сайн сураарай гэж хэлмээр байна.
- Ланьжөү хотыг бас их санаж дурсдаг байх. Ер нь Хятад орноор аялж жуулчлах бодол байгаа юу?
- Тэнд бидний хамгийн сайхан цаг үе байдаг, байнга дурсдаг. Дахин очих юмсан, тэр дэлгүүрээр хэсэх юмсан, Ланьжөү хотын гурилтай шөлийг идэх юмсан гэх зэргээр тухайн орны соёлыг их мөрөөддөг. Хоол хүнс нь их онцлогтой, маш олон төрлийн амт агуулсан баялаг хоолны соёлтой улс. Хятад орноор нэлээд урт хугацаагаар явж үзэх юмсан гэж боддог. Ялангуяа, далайн хөвөөгөөр байрлаж байгаа маш халуун газруудаар явж үзэх бодол тээж л явна.
- Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа.
- Та бүхэнд ч мөн ажил, амьдралын сайхан бүхнийг хүсье.
