
Энэ удаагийн монгол үсгийн зөв бичлэгийн тэмцээнийг Шилийнхотын Намын хорооны ухуулах хэлтэс, Нэгдмэл фронтын хэлтэс, Хотын үндэстэн шашин суртахууны товчоо, Шилийнхотын боловсрол техник технологийн товчоо, Утга урлагийнхны холбооноос хамтран зохион байгуулсан байна.

Шилийнхотын бүх байгууллага нэгжүүдийн монгол ажилтнууд, малчид, Шилийнхотод ажиллаж амьдарч байгаа нийт 200 гаруй хүн уг тэмцээнд оролцсон байна. Ихэнх хүмүүс үндэстнийхээ хувцсаараа гоёж цог жавхаатай тэмцээнд оролцжээ. Шилийнхотын монгол үндэстний хоёрдугаар бага сургуулийн 60 багш ажилтнаас 56 нь уг тэмцээнд оролцож, хамгийн том баг болсон байна. Тэмцээний цагийг 40 минутын дотор хязгаарлаж, 40 дан үг, 150 холбоо үг (300 үсэг) болон 10 зүйр үгийг сонсож бичих хэлбэрээр уралдсан байна.

Тус тэмцээн нь ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх монгол хэл бичгийн ажлын мэдлэгийн уралдаан, “Эх хэл” монгол яруу найргийн тэмцээн, монгол уран бичлэгийн тэмцээн болон монгол үсгийн зөв бичлэгийн тэмцээн зэрэг цуврал уралдаан тэмцээнүүдийн хамгийн анхны уралдаан болно. Бусад төрлийн уралдаан тэмцээнийг тун удахгүй зохион байгуулах бөгөөд есдүгээр сард шагнал гардуулах ёслол хийхээр тогтжээ.

