
Баяндүүрэн нь Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Балгаргол багийн малчин аж. Тэрээр малын халдварт өвчнөөс сэргийлэх ажлын туслах ажилтан байснаасаа өөрийн зүтгэлээрээ малын сайн эмч болж, малчин түмэндээ тус дэм болж яваа билээ.
Тэрээр малын халдварт өвчнөөс сэргийлэх ажилд туслах ажилтан хийж байхдаа малчдын мал унаа нь өвчилж гараа нухлан гачигдаж байгаатай олон удаа тааралджээ. Тэр цаг мөчөөс эхлэн малын эмч болж малчин түмэндээ тус дэм болохыг хичээж, ажлын цөлөө заваараа мал эмнэлгийн холбогдолтой эмчилгээний мэргэжлийн ном бичгийг сурч эхэлсэн байна. Мөн аймаг хошууны мал эмнэлэг малын халдварт өвчнөөс сэргийлэх эмчилгээний сургалтад идэвхтэй оролцож, малын сайн эмч болох зорилгоор чармайн ажиллаж суралцсаар иржээ.

Баяндүүрэн хэдийгээр малын эмчийн гэрчилгээ үнэмлэх аваагүй ч хөдөө нутагт мал нь өвчилж гачигддаг малчин түмэндээ тусалж, олон арван мал унааг тэнхрүүлэн, мал эмнэлгийн ажлаа өөрийнхөө эрхэм ажлаа болгож яваа аж. 2007 оноос хойш 720 гаруй малыг эмчилжээ. Мөн хонины эргүү өвчний эмчилгээ болон бусад өвчний эмчилгээг 1700 гаруй удаа хийж, эдгэрүүлсэн хэмжээ нь 98 хувьд хүрсэн байна.
Баяндүүрэн малчин түмэндээ сайн үйлчилгээ үзүүлдэг учир таних танихгүй, хол ойр гэлгүй мал нь өвчилжээ гэсэн чимээ ирэхэд аль болох түргэн очиж эмнэдэг тул ойр хавийнхан нь “Манай нутгийн мэргэжилтэн” хэмээн хүндэтгэдэг болсон.
Хичээл зүтгэл хүнийг гомдоодоггүй гэдэгчлэн тэрээр чөлөө зав гарвал мал эмнэлгийн холбогдолтой ном бичиг харж, оношлох, ханаж хатгах, эмнэж засах зэрэг эмчилгээний мэдлэг хураасаар байдаг.

