solongonews
Шил нутгийн хадлангийн зоог
2019-09-27 20:13
Хөдөө нутаг шаргал намрын өнгөөр хучигдахад малчин заяа түшсэн нутаг нутгийн малчид мал сүргээ онд мэнд оруулах хадлангийн ажилдаа гарч эхэлдэг нь энэ улирлын бас нэгэн үзэмж гэлтэй.

Шилийнгол аймгийн хошууд, сумын малчид өвс хадлангийн ажилдаа гарч, цаг нартай уралдан, ирэх өвлийн нөөц өвсөө бэлтгэцгээж байна. Ийнхүү бид Шилийнгол аймгийн энэ жилийн хадлангийн ажилтай танилцахаар Шилийн хот, Баруун Үзэмчин хошууны хэсэг малчдын гэрээр сурвалжилга хийсэн билээ.

Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баян-Эрхт багийн малчин Отгонбаатарынх 08 дугаар сарын эцсээр хадландаа гарч, арваад өдрийн дотор хадаж дуусгасан бөгөөд бараг 30 мянга гаруй килограмм өвс хадсан байна. Үүнээс гадна өнгөрсөн жилийн хуучин өвснөөс 10 мянган килограмм үлдсэн болохоор өвөл хаврын төл малдаа өгөх өвс хангалттай болсон байв.

Отгонбаатарынх нутаг бэлчээрийнхээ даацын хэмжээнд тохируулан мал аж ахуй эрхлэхийг баримталсаар ирсэн айл. Тэрээр хэлэхдээ:

- Энэ жилийн хадлан өнгөрсөн жилийг арай гүйцэхгүй, шингэн байна. Өвөл хаврын төл малдаа хүрэлцээтэй өвс нөөцлөхөөр хадаж болох газраа хадаж, бэлчээрээсээ бага зэргийн газрыг хадсан гэв.

Баруун Үзэмчин хошууны Баян-Ухаа суурингийн Хан-Уул багийн малчин Бүрэнбаярынх 400 га нутагтайгаас 260 гаруй га нь хадлангийн газар аж. 09 дүгээр сарын эхээр хадландаа гарч, нэг долоо хоног хадаад дуусгасан тэрээр:

- Манайх жил бүр 5000-6000 боодол өвс нөөцлөхөд төл малдаа хэрчихдэг. Энэ жилийн хадлан их л сайн ургасан байна гэж ярилаа.

Шулуун Хөх хошууны Сайнхудаг сумын Монголжин багийн малчин Соёлтынх ч 09 дүгээр сарын эхээр хадландаа гарчээ. Хур бодоо элбэг жилд эднийх 10-15 мянган килограмм өвс хураадаг байна. Соёлтын гэргий Саруул:

- Энэ жилийн хадлангийн ургац сайн байна. Зуны дунд сарын халуунаар бага зэрэг гандаж эхэлсэн нь өвсний ургацад нөлөөлж, хэсэг газартаа өвс нь богино байна гэлээ.

Зүүн Үзэмчин хошууны Саамай сумын Мандалт багийн малчин Батбилэгийнх таван хошуу малаа тэгш өсгөхөөр хичээж яваа малчин айлын нэг билээ. Эднийх мянган га нутагтай, жил бүр өвлийн төл малдаа шаардагдах тэжээл өвсөө өөрсдөө хангахаас гадна үлдсэн өвсөө худалдаж борлуулдаг байжээ. Энэ жил 09 дүгээр сарын эхээр хадландаа гарсан Батбилэг:

- Манай хадлан жилдээ хангалттай хүрдэг болохоор илүү гарсан өвсөө худалддаг. Энэ жилийн хувьд ч адилхан байна гэж ярив.

Шулуун Хөвөөт Цагаан хошууны Булгантохой сумын Сэнжийнбулаг багийн нийтийн хадлангийн талбайгаар хүрч, богино боловч өтгөн сайхан хадланд трактораа түчигнүүлэн өвс хадаж яваа Наранмандах залуутай уулзлаа.

Наранмандах нас залуу хэдий ч ээрэм талын өрцөнд эр зоригийн ид шалгаж, энэ намрын хадландаа элбэг хураалт авахаар мэрийн ажиллаж, өвлийн нөөц өвсөө хангалттай нөөцлөхөөр зүтгэнэ. Энэ нутгийн хадлан бэлчээрийн талбайд агь зэрэг шимт ургамал олон байдаг учир нутгийн малчид чанар сайтай бэлчээр өвсөөрөө мал сүргээ мэнд өвөлжүүлж хаваржуулж, шинэ оноо шөрмөс чанга угтдаг юм байна.

Намрын хадлангийн цаг болоход Шилийн хотын Цог-Уул сумын Булаг багийн нутагт янз бүрийн том жижиг трактор, өвс хадаж хамах машин, өвс ачаалж тээх машин, өвс боох машин, хөеөлсөн өвсөн дов энд тэндгүй харагдаж, хадланчид уулзсан хүнтэй ярих, унасан малгайгаа авах завгүй хадах нь хадаж, тээх нь тээж, боох нь боож, өөр өөрсдийн ажилдаа толгой өндийх завгүй ажиллаж байлаа. Тус багийн хашир малчин Уртнасттай уулзахад өвс хадлан гээд тун завгүй ажиллаж байсан тэрээр:

- Өвс хадаж хамах хоёр жижиг трактораар хүний өөрийн нийлээд 160 гаруй га хадланг хоёр өдөр болоход хадаж дуусна. Энэ жил манай багийн хадлан ерөнхийдөө сайн байна гэж ярилаа. Малчин Уртнаст 10 гаруй га хадлангаа хадаж, 20 килограммаар боолгон 2000 гаруй боодол өвс гарчээ. Одоо хадаж байгаа 40 гаруй га хадлангаас дор хаяж 3500 боодол өвс гарах магадлалтай аж.

Хадлангийн улиралд хэсэг малчид мөн ашиг орлого дүүрэн ажиллаж байна.

Шилийн хотын Цог-Уул сумын Булаг багийн малчин Батмөнх өвс боох ажил хариуцаж хийгээд зав муутай байлаа. Өвс боох машин болон мөн жилийн орлогынх нь талаар түүнээс асуухад:

- Орлогын хувьд жил бүр адил бус. Хадлан сайн байвал миний орлого ч дагаад нэмэгдэнэ. Орлого сайтай жилдээ 70 мянган юанийн цэвэр орлого олж байсан. Гэхдээ ерөнхийдөө 40 мянган юанийн цэвэр орлогоо батална гэлээ. Батмөнхөөс энэ жилийн тухайд асуухад:

- Одоо өнгөрсөн үеэс өөр болжээ. Хадланчид хадландаа нэгэн зэрэг дөрөв таван машин оруулж, хэдхэн өдөр хадаад дуусгадаг болж, миний нэг машин амжихгүй байна. Миний хувьд өвс боогоод нэг л долоо хоног болж байна. 30 мянган боодлыг боогоод байна гэлээ.

Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баянхошуу багийн малчин Баянбат, Цэцэнбаатар нар энэ жил 08 дугаар сарын 20-оос эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар багийнхаа 3300 гаруй га хадлангаас 1100 орчим га газрын өвсийг хадаж, өвс хадах машингүй малчдын өвсийг хадаж, 96 мянга гаруй юанийн орлого олсон байна. Өвсөө хадуулж, салхи бороогүй цагийн сайханд ачаалж оруулсан малчид:

- Манай залуус өвсийг их хурдан бас сайн хадаж байна. Хамтарч ажиллавал аргагүй л ажлын ахиц сайтай юм хэмээн магтацгаана.

Зохиогч: Сүеэ, Сараана
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл