Тухайн өдрийн өмнөх хоёр өдөр тэнгэр хүйтрэн салхилж байснаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр урьдчилан бэлтгээд байсан юм шиг дулааран, цаанаа нэг л тунгалаг сайхан байлаа. Тухайн өдөр Шилийн хотын Шартал гудамны Цахар нийгэм дүүрэгт байрлах Авганар шагайн соёлын өргөөнд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх шагайн тэмцээнтэй гэсэн сургаар өглөө эртлэн хүрч билээ. Шагайн соёлын өрөөнд үндэстнийхээ хувцсаар гоёсон, толгойдоо цагаан алчуур ороосон олон бүсгүйчүүд аль хэдийн ирчихсэн тун удахгүй эхлэх гэж байгаа уралдаан тэмцээнээ хүлээн суухын зэрэгцээ хөдөөний сайхан яриа дэлгэж сууна.
Авганар шагайн соёлын өрөө нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд багачуудын шагайн уралдаан тэмцээн, шинэ оноо угтах шагайн уралдаан зэрэг олон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хүүхэд багачууд, хотын оршин суугчдад шагайн соёлоо уламжлуулдаг байна. Харин “3·8”-ны олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр дахин нэгэн удаагийн шагайн уралдаан зохион байгуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн баярын өдрөө этгээд сайхан онцлогтой тэмдэглэсэн байна.
- Тухайн өдөр шагайн уралдаантай гэсэн сургаар хотод хүүхэд харан суугаа настай хүмүүсээс гадна хөдөө нутгаас бас олон бүсгүйчүүд хүрэлцэн ирснээр манай энэ уралдаанд оролцогчдын тоо огцом нэмэгдэж ойролцоогоор 90 орчим хүн оролцсон. Энэ өдрийн уралдаандаа бид шагай няслах (залуучууд, ахмадуудын дугуйлан), манд харвах, морь уралдах зэрэг олон сайхан уралдааныг явуулж, тэдний сэтгэлийг баясгахыг зорилоо гэж уралдааныг зохион байгуулагчдын нэгСоёлцэцэг ярьж билээ.
Хол ойрын нутгаас хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийн царайнд хөөр баяр бялхаж:
- Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ийм нэг сайхан уралдааныг зохион байгуулж явуулсан нь утга төгөлдөр сайхан байна. Үе тэнгийн хүмүүстэйгээ уулзаж сэтгэлээ уужиртал хуучиллаа, уралдаан тэмцээнд орж сэтгэлээ сэргээлээ. Энэ арга хэмжээ их сайхан санагдаж байна гэж хөдөө нутгийн завгүй ажил хөдөлмөрөө түр завсарлаж хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд бахархан ярихад хотод хүүхэд харж суугаа бүсгүйчүүд ахмадууд ч: - Тийм ээ, энэ уралдаан тэмцээн маш утга учир төгс үйл ажиллагаа байна. Хот хөдөөгийн биднийг учруулж, баярын өдрөө ч ийнхүү сайхан тэмдэглэж өнгөрүүллээ хэмээн баярлаж байлаа.
Ийнхүү уралдаан тэмцээн маш сайхан явагдаж, хол ойроос хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд минь үндэстнийхээ уламжлалт соёлоороо бахархан, баярын өдрөө хөөр хөгжөөнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
