solongonews
Өвөр Монголын малчдын “шинэ нүүдэл”
2018-06-27 11:25
Бэлчээр сэлгэсэн сүүлийн хэдэн өдөр Баяндорж өдөрт машинаараа хэдэн удаа бэлчээртээ хүрч тор нь хэвийн байгаа эсэх, ямааны өвс бордоо хүрч байгаа эсэхийг шалгаж үздэг.

Тавдугаар сарын сүүлээр Баяндорж хошууны төвөөс хөдөө нүүж, нэг жилийн хамгийн ажил ихтэй цагаа эхлүүлж байгаа нь энэ билээ.

Жаран насны давааг давж яваа Баяндорж ӨМӨЗО-ы Ордос хотын Хангин хошууны Шар Жоо багт нутагтай. 5 жилийн өмнө тэрээр 500 мянган юаниар 90 километр зайтай байдаг хошууны төвөөс хоёр давхартай байшин худалдан авч жил бүрийн 10 дугаар сараас 5 дугаар сар болтол хотод суудаг болжээ. Хаврын сүүл зуны эхэн үед Баяндорж эхнэрийн хамт хөдөө гардаг бөгөөд ямаачин хөлслөөд ямаан сүргээ маллуулдаг байна.

- Зун хөдөө суух сайхан, хөх тэнгэр хөвөн цагаан үүлтэй, сэрүүхэн, агаар сайхан гэж сүүтэй цай балгаж суусан Баяндорж гуай ярьж байв.

Өвсний соргог усны тунгалгийг дагаж, өвөл зуны улиралд мал сүргээ даган, хаана бэлчээр сонговол тэндээ монгол гэрээ босгодог нь өвөг дээдсийн үеийн үед уламжилж ирсэн нүүдлийн амьдрал. Гэсэн хэдий ч амьдралын нөхцөл сайжрахыг дагаад өнөөдөр Өвөр Монголын олон олон малчид Баяндорж шиг “шинэ нүүдэл”-ийн амьдралыг өнгөрөөх болжээ. Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошууны Найрамдал багийн малчин Мядагмаа хэдэн жилийн өмнө гэрээс нь зайтай байрлах хошууны төвөөс байр худалдан авч, хувцасны дэлгүүр нээсэн байна.

- Би ихэнхдээ хошуунд сууж, хувцас болон бөс бараагаа худалддаг гэж байлаа.

Хашаалах, бэлчээрийг сэлгэх болон тал нутгийг хамгаалах нөхвөр урамшуулал олгох, нийтийн асрамжийн ойн нөхвөр хүртээх зэрэг төрийн бодлогын хэрэгжилтийн дагуу тал нутгийн экологийн байгаль орчин сайжирч, мал маллах нь нэмэгдсэн байна. Тал нутгийн шилдэг, чанартай үхэр хонины мах хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөнөөр малчдын орлого нэмэгдэж, өдөр тутмын амьдралын шаардлага явах тусам өндөр болжээ.

Сүүлийн жилүүдэд Ордос хотын Хангин хошуу, Отогийн өмнөд хошуу зэрэг мал аж ахуйн хошууны хошуун төвөөс байр худалдан авдаг малчид нэмэгдсээр байна.

- Өвөлдөө хот газар амар. Дулаан, хөдөөний гэр шиг гал түлэх хэрэггүйн дээр усанд орох, бие засахад хялбар. Гэрийн ойролцоо дэлгүүр хоршоотой болохоор амьдралд амар байдаг гэж Баяндорж гуай танилцууллаа.

Тэдний 4 ам бүл 600 га нутаг бэлчээртээ 400 гаруй ямаа маллаж байна. Жил бүр 200 гаруй ямаа худалдаж, ямааны ноолуурын орлого, чихэр өвсний орлого болон байгаль орчны нөхвөр зэргээ нэмэхэд жилд 200-300 мянга гаруй юанийн цэвэр орлоготой аж.

Зохиогч: ЛИ РЭНЬХАО, РЭН ХҮЙБИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл